Туйлын биш ч гэлээ одоогоор арай дээр нийгмийн байгуулал гэж үздэг ардчиллын “автор” оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Алсын монгол хүүхдүүд хүртэл хүүхэлдэйн баатартай андуурч дор нь нэрийг нь цээжилсэн Дональд Трамп гэх тэрбумтан дэлхийн том гүрнийг залах залуурыг атгалаа. Клинтон Хилари нарын ялагдлын наад цаадахыг шинжээчид ид хэлэлцэж янз бүрээр хэлж байна.
Трамп нэлээн задгай буюу эр хүний зангараг гаргаж популист амлалтуудыг бохь шиг зажилсаар ялчихлаа гэж гайхшрах хүмүүс байна. Дэлхийн улсууд том гүрнүүдийн бие биендээ үзүүлэх нөлөө хамаарал их болсон байна. Энэ удаагийн АНУ-ын сонгууль үүнийг дахин харууллаа. Трамп ялж буй мэдээлэл давамгайлж эхэлмэгц дэлхийн санхүүгийн зах зээл савлаж эхэлж байх жишээтэй. Сонгуулийн компанит ажлын явц төдийгүй тухайн санал хураалт болох сүүлийн өдрүүдийн дэлхийн үйл явдал, бусад улс орны улс төрийн амьдрал нөгөө орныхоо сонгуулийн дүнд нөлөө үзүүлэх болсон нь энэ удаагийн АНУ-гийн сонгуулиар мөн ажиглагдлаа.
Хиллари өнгөтэй, тэргүүлэх судалгаатай байсан. Телевизийн хоёр ч халз мэтгэлцээнд Хиллари илүүрхэн яллаа гэж ажиглагчид дүгнэсэн. Түүнээс хойших арваад хоногт бид эндээ цасан шуурганы мэдээгээ сонсож суух хооронд АНУ-ын сонгогчдын бодол эргэчихжээ. Үүнд юу нөлөөлөв. Өгөх хариулт олон байгаагийн дотор бидний мэдэх нэг үйл явдал бий. Энэ бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг тойрсон шуугиан.
Түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэсэн солонгосчууд одоо буулгаж авахын түүс болон жагсаж байна. Азийн тэргүүлэгч эдийн засагтай, Солонгосын хойгийн цэрэг дайны голомт дээр байдаг энэ улсын тэргүүн өөрийн шүтдэг нэг өвгөний охинтой ойр шадар түншлэхдээ төрийн нууцаа харамгүй хуваалцаг байж. Эмэгтэй хүний сул талыг улсынх нь Ерөнхийлөгч гаргасан хэрэг. Үүнийг Солонгосын иргэд тэр дундаа оюутан залуус уучлахгүй гэж жагсаж байна. Олон нийтийн өмнө бөхийн уучлалт гүйх улбагар сул болсон Ерөнхийлөгч Пак Гын-Хэгийн жавхаагүй өөртөө итгэлгүй байдал зөвхөн өөрийг нь төдийгүй бусад ойролцоо хэмжээнд зүтгэж яваа улстөрч эмэгтэйчүүдээ хөлдөө чирлээ. Манайхны таагүй нэг яриагаар бол “ Эмэгтэй хүн төр барих ч дээ ” гэдэг боллоо.
Энэ дуулиантай зэрэгцээд дэлхийн нөгөө бөөрөнд мөн адил бүсгүй заяат Хиллари дэлхийн хамгийн том гүрний Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Трамптай үзэж тарж бараг илүүрхэж явж байлаа.
Гэтэл Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ багаа алж бөөн хэл аманд оров. Бодлого шийдвэрийнхээ төлөө бус бараг хүүхнүүдийн хов жив төдий шахуу асуудлаас өөнтөглүүлж улмаар авлига дарамтын сүлжээ байж болох талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн.
Хамгийн инээдтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ-гийн энэхүү хэтэрхий дотно найзын тухай мэдээлэл хэн нэгний хогон дэр хаясан компьютерийн харднаас олдсон гэж шуугиж байгаа. Тэгэхдээ бүр эзтэй, сэтгүүлч байсан нөхрийн олз болж хэдэн цагийн дараа хогын цэгээс нэг мэдээллийн байгууллагын үнэт олз болчихсон ширээнд дээр их засварт орж байсан бололтой.
Хартай зарим нь үүнийг гуравдагч орны урт гар орсон нарийн зохион байгуулсан ажиллагаа гэж үзэж байгаа. АНУ -ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь дөл улам бүр нэмэгдэж байгаа дэлхийн шинэ дайны цог унтрах уу, асах уу гэдгийг шийдэх хүлээлттэй байсан. Учир нь хоёр нэр дэвшигч Ойрхи Дорнод, Оростой харьцах талаар эрс тэс байр суурьтай байсан. Хиллариг эмэгтэй хүн талаас нь харж сонголтдоо эргэлзэх салхийг Сөүлээс босгосон байж болох энэ таамаг тийм ч хийсвэр сонсогдохгүй Пак Гын-Хэ гийн гаргасан алдаа бол цэвэр эмэгтэй хүний л гаргаж болох алдаа. Найз хүүхнээрээ хэлэх үгээ засуулаад, нэрийнхээ өмнөөс хэн нэгэн рүү залгахыг зөвшөөрөөд байж болох тийм хэт найрсаг, сул талыг эмэгтэй улстөрч л гаргана.
Энэ нь Клинтоны эхнэр Хиллари дээр шууд наалдахгүй ч хөөрхөн санал хойш нь чангаасан байгаа. АНУ цагаач ихтэй. Ясны ардчилсан болчихоогүй “күнз”ийнхэн, дорнын араншин цусанд нь хэвээр Азийнхан сонгогчдын тоонд багагүй жин дардаг.
Төгсгөлд сонин болгоход манайд Ерөнхийлөгчийн сонгуульд Солонгосод болсон хэрэг явдал хөөрхөн нөлөөлж байсан удаатай. 2009 Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ид явагдаж байлаа. АН-ын лидер, АНУ-д суралцаад ирсэн Ц.Элбэгдорж, МАХН /МАН/-ын дарга, авлигын загалмайлсан эцэг гэж цоллуулсан Н. Энхбаяр нар хэн ялахаа хүлээж байв. Тэрхүү сонгуулийн орой сонгогчдын идэвхийг тэр дундаа залуусын омогшлийг хөөргөсөн хоёр ч үйл явдал дараалан болов. Үзэгчдийн шимтэн үздэг байсан Японы сумод Монгол шинэ залуу бөх түрүүлж шинэ аварга төрөв. Энэ үйл явдал санал хураалтын өдрийн 17 цагийн үед болов. “Шинэ аварга төрлөө , одоо гарч шинэ Ерөнхийлөгчөө сонгоё” гэсэн мессеж гар утсанд тэр дороо л нисээд ирэв. Гэтэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч авлигын хэрэгт өөрийгөө буруутган хадан дээрээс машинтайгаа нисэж амиа хорлосон мэдээ дэлхийг шуугиуллаа. “Авлигач Ерөнхийлөгчөөс салья. Өөр сонголт хийе” гэсэн мессеж мөн л тэр дороо утсанд нисээд ирэв.
Ингээд Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэл хотод ялагдаж, Ардчилсан ерөнхийлөгч ялсан сонгуулийн дүн тэр шөнөдөө гарав. Харин өчигдөр АНУ-д анхны эмэгтэй Ерөнхийлөгч ялах талдаа гарч явтал Өмнөд Солонгост эмэгтэй Ерөнхийлөгч цэвэр алдаа гаргав. Эр хүний имиджтэй Трамп төвөггүй яллаа.
Пүрэжавын Баярхүү / тоймч /