Асар их төөрөгдөл явцуурлын дундуур ганц гэрэл нэвтрүүлсэн үгийг Б.Наранхүү гишүүн хэлэв.
Бидний бүрэн шилжиж орсон гээд байгаа зах зээл маань бодит байдал дээр юу билээ. Үндэсний хэмжээний хэдхэн баячуудтай, үй олон амиа тээсэн жижиг компаниудтай, худалдаа үйлчилгээний салбарт дулдуйдсан зах зээлийн өчүүхэн эргэлттэй. Ашигтай, алдагдалгүй ажилладаг томхон компаниуд нь бүгд төрийн түшээдийн өөрсдийнх нь үүсгэн байгуулсан давуу эрхтэй, тусгай хөгжилтэй байдаг.
Энэ явцууралд таарсан хууль батлах, энэ хүрээллээс дээшлэх гэсэн бизнесийнхэн нам даруулах, эвгүйтвэл Монголоос зайлах хүртлээ хавчигддаг.
Загасны аж ахуйгаас өөр бизнес эрхлэх ямар ч боломжгүй байсан Өмнөд Солонгос хөл дээрээ босохдоо үндэснийхээ баячуудыг бий болгох, хүчирхэг болгохыг дэмжсэн. Асар их зээлийг хүүгүй шахам өгч хөл дээр нь босгож өнөөдрийн дэлхийн өрсөлдөөнд хөл нийлүүлсэн Самсунг, LG-г босголцсон. Татвар төлөгч нарыгаа эхлээд торниулж тордоод, дараа нь төсөвтөө татвар татаж эдийн засгаа хүчирхэгжүүлсэн.
Хэдхэн догол мөр, өгүүлбэрт багтаж байгаа энэ алхамыг хийхэд мэдээж их хугацаа зарцуулж олон сорилтыг давсан. Хамгийн гол нь цагийг нь олж хэрэгжүүлсэн. Дарлагдсан колони орноос хөгжсөн капиталист орон болгохын тул тэд “Эх орон” гэдэг ганц шугаман дээр улстөрчдөө ард түмэнтэйгээ нэгтгэж чадсан. Америк зэрэг орны геополитикийн сонирхлыг хөгжлийнхөө хөшүүрэг, хөрөнгө оруулалт болгон хувиргаж чадсан.
Сүүлийн 50 жилийн дотор Азийн бар болж экспортлогч орон болж чадсан. Энэ бүхэнд хүрэхэд эхний зорилго нь үндэсний үйлдвэрлэгч нар бий болгож, хөрөнгө капиталтай баячууд төрөн гарахыг дэмжсэн. Тусгал нь эдийн засаг бодит боломж болж буусан. Том татвар төлөгч нар их болж чадсанаар бидэн шиг ганц саалийн үнээн дээр их хурлаараа татагдан орж алалдах шаардлагагүй болсон.
Бид хөгждөггүй нь тамын тогооны үлгэртэйгээ зууралдаад байгаатай холбоотой л гэдэг. Хөгжлийн банкнаас тэрбум тэрбумаар нь зээл авсан компаниудын эргэн төлөлт, татвар төлөлтийн байдал ямар байгаа нь удахгүй тодорхой болох байх. Энэ зээлийн зорилго, санаа ариун байсан. Гагцхүү өнөөх хуйвалдаан энд үйлчилж хэдхэн хүний шивнээгээр асар их мөнгө үрэлгэн төсөлд жижгэлэнгээр гарсаны алдаа их.
Ийм хуваарилалт, ялгавартай дэмжлэгт бизнесийн ёс зүйг шалаар нэг болгож, улс төржин авлига цэцэглүүлээд байгаа.
Мега нэртэй төслүүдийг зөвхөн уул уурхайгаар авч үзэн явцуурч хаях зүйлдээ бондын мөнгийг хаяж чадсангүй. Үйлдвэрлэгч орон болох суурь тавигдсан ч хэрэгжих хөрсийг нь засалгүй эхлүүлснээр тунхаглалын төдий уриа болж бүх зүйл хуучин байрандаа үлдэж өрийн данс зузаарав. Саалийн үнээний зэлээ томсгож шувтрах юмныхаа тоог олон болгож байж төсвийн хараат байдал , чадуу ядуугийн зовлон мартана гэдэг дээр аль ч улс төрийн хүчин дуу нэгтэй болмоор.
Бид яаж мөнгө орлого оруулах талаа ярьсан тун арчаагүй байдлаар хэд дэх удаагийн ч юм төсвөө хэлэлцэж сууна. Үндэсний баячуудаа дэмжиж, дэлхийд өрсөлдөх технологи үйлдвэрлэлд бөөн цул мөнгө гаргаж үүний ард хүчирхэг том компаниудыг олноор бий болгох хэрэгтэй болжээ. Үүнийг ойлгохыг улам бүр хүндэрч буй төсвийн хямрал харуулсаар байгаа.
Монголын баялаг бол уул уурхай , машин вагоноор өдөр шөнөгүй ачигдах эрдэс түүхий эд биш. Өрсөлдөх чадвартай Монголын залуус. Тэд хөрөнгө босгож, Монголынхоо хөрсөнд бат суусан үндэсний хүчирхэг компаниуд байгуулж чадна.
Мунхардсан хэлэлцүүлэгт гэрэл оруулсан Б.Наранхүү гишүүний жинтэй үг цагаа олсон байлаа.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /