Ерөнхийлөгч Их хурлын даргаар дамжуулан парламентад хүсэлт хүргүүлжээ. Мөр багана болон жагссан хүсэлтүүдийн мөнгөн дүнг анхаарцгаая. Бас авилагчдын төсвөөс цохьдог мөнгөн дүнтэй харьцуулцгаая.
Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах тухай хэлжээ. Үүнийг төсөвт хэмнэх их мөнгө л гэх байх. Тэгвэл ийм хэмжээний мөнгийг төсвөөс шамшигдуулж байсан жишээний зах зухыг харцгаая.
МИАТ-ын Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарын улсад учруулсан хохирол 6.5 тэрбум. Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх нарынх 4.20 тэрбумаар яригдаж байсан. Харин хүүхэд харах үйлчилгээнд эхний ээжлинд 5 тэрбум.
Ерөнхийлөгчийн бас нэг “хүсэлт” бол МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгох 1.9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах тухай байгаа юм.
Ийм мөнгийг төсвийн хэмнэлт гэдгээр хасаад байгаа. Гэвч олигархуудын сүлжээгээр хэдхэн хүн энэ хэмжээний байтугай мөнгийг төсвөөс хулгайлдаг. Хөгжлийн банкны мэдээлэл сурталчилгааны зардалд нэг телевизийн гэрээний урьдчилгаа 800 мянган ам.доллар гаргачихдаг. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар 694 тэрбумын алдагдал хүлээж “Самурай” бондын иенийн ханшийн алдагдал гэхэд л 130 тэрбумаар хэмжигдэж байгаа. Гэтэл ирээдүйн баялаг бүтээгч МСҮТ-ийн хүүхдүүдийн хэмнэлтэд хасуулаад байгаа мөнгө авилгын хажууд дусал төдий. 30-хан тэрбум төгрөг шүү.
Хэмнэлээ хэмнэлээ гэдэг. Зөрүүлээд төсөв дээрээ км замыг тав нугалж танилдаа шахах мөнгөө суулгачихсан байдаг. Төсвийн сахилга бат, түүнд хариуцлага хүлээх тогтолцоо байхгүйтэй адил байхад хэмнэж танаж төсөвлөөд нэмэргүй. Иргэдийн тануулсан мөнгө хэний халаас руу орж, хэдхэн хүн яаж мөнгөөр гараа угааж, тэрбумтан болдог захын жишээ харьцуулалтыг дээр дурьдлаа.
Дотоодын оюутнуудаа төлбөрийн зээл өгөх боломжоор харж үзсэн шийдвэрийг саяхан гаргав. Гэтэл гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох эсэх нь хүнд байгаа гэж. Үүнд шаардагдах 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгахыг Ерөнхийлөгч мөн “ хүссэн” байгаа.
Төсөвт энэ нь их мөнгө хэмнэлт мөн үү. Үнэхээр хэмнэдэг, төсөв мөнгө нь хатуу сахилгатай, хариуцлага хяналтын тогтолцоотой дээр нь ёс зүйтэй улстөрчидтэй, шударга төрд бол хэмнэлт мөн. Харин баруун гараараа төсвөө танаад, зүүн гараараа зөвлөх найз нартаа хэд нугарсан тендер бараа шахаж байдаг дүүрчихсэн улстөрчидтэй улсад бол гурван эрх мэдэлтний дунд гарах хямдхан авилгын мөнгө.
Яг хүндээ очвол хүний газраас эрдэм сурах, ирээдүйн залуустаа тархинд мэдлэг шахах оюуны хөрөнгө оруулалтаар хэмжвэл даанч чамлахаар бага мөнгө.
Танана хэмнэнэ гэвэл иргэдийнхээ халаас руу гар нь явчих гээд байгаа төрд “шударга л байя” гэвэл төсөв хэлэлцэх энэ үед дэнсэлж харах юм их байгаа. Тэрбумаас буухаа байсан идэж завшсан хэргийн цаана гарч харвал иргэд улстөрчдийн хэн нь төсвөөс их халамжуулсан, хишиг хувь хүртсэн байна гээд харьцуулбал их юм байна шүү.
Б.Хэгжүүн
Уншиж байна |