Шинэ парламент анхны хаврын чуулганаа эхлүүлээд нэгэн 7 хоногийг үдлээ.
Ээлжит бус чуулган хийж батлагдсан хуулиудыг буцааж амжсан энэ парламентаас иргэд гэнэтийн зүйл хүсээгүй ч тодорхой хүлээлттэй байгаа. Юун түрүүн 100 хоногтоо дөхөж ирсэн шинэ Засгийн газартаа ташуур өгч үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчны шинэчлэлийг хийж өгч ажиллах шаардлага бий болоод байгаа.
Бүтэн улирал өнгөрөхөд томилгооныхоо талд л орж явна гэх Шинэ засгийн газар ба МАН-ын удирдах зөвлөл цөөнгүй алдаа анхааруулгатай хүндхэн өвлийн даваатай тулж ирээд байна.
Намрын чуулганыг ярихын өмнө анхны чуулганы өнгөө нэг харах ёстой. Хямралын түгшүүрийг ноцтой түвшинд зарласан Сангийн сайдын мэдэгдэл ба хэмнэлтийн багц нь иргэдийг багагүй цочоов. Төсөв мөнгөний хүндрэл гэсэн хөмсөгтэй таналтуудын ихэнх нь иргэдийн нуруунд ачаа нэмсэн, халамжийг тултал танасан, татварыг нэмэх тухай шийдлүүд байсан. Иргэдийн хамгийн гол бухимдал нь Шинэ засгийн газар ба сангийн сайдын ээлжит бус чуулганаар оруулсан хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ МАН-ын сонгуулийн амлалтын яг эсрэг чиглэсэн мэт болчихсон. Сонгууль хуучраагүй иргэд том хүлээлтэй байхад халаасанд нь гар дүрсэн мэт шийдвэрийг ар араас нь зарласан нь шинэ засгийн хувьд тун хөнгөдсөн алхам болсон. Хамтын тэтгэврийн хуулийг буцааж, ахмадуудын хүлээлтэд “үгүй” гэж яаран хэлсэн нь Орон нутгийн сонгуулийн өмнө засахгүй л бол болохгүй мэдэгдэл болсон. Алдаагаа засч халамжийн төслүүд оруулж ирсэн ч "Насны хишиг” зэрэг иймхэн чихэрт хууртахааргүй болж бухимдсан ахмадууд дуугай хураасан байдалтай хэвээр.
АН-ын засгийн үед алдаа оноотой ч цогцоор нь хийх гэж оролдсон Эрүүгийн хуулийн өөрчлөлт, Хууль сахиулахын, Зөрчлийн тухай зэрэг багц хуулийг мөн татаж мөрдөх хугацааг нэг жилээр хойшлуулсан. Энэ дунд хамт чирэгдээд унасан Гэр бүлийн хүчрхийллийн тухай хуулийн араас иргэд хэвлэлийнхэн нэхэл хатуутай үлдсэн. Засгийн газар мөн л баллуурдаж энэ хуулийн төслийг дангаар нь Их хуралд өргөн барьсан.
Хаврын чуулганы араас болсон ээлжит бус чуулган үндсэндээ үр дүнгүй хуралдсан гэж хэлж болохоор бөгөөд Засгийн газрынхаа анхны асуудлуудыг аргагүйн эрхэнд унагааж зарим сайдын нэр хүнд навс унаснаар тоглолтын нэгдүгээр үе өндөрлөсөн.
Өнгөрсөн зун намрын засгийн газрын гол алдаа бол ЗГ-ын гишүүд судалгаа тооцоон дээр суурилаагүй яаруу шийдвэр, мэдэгдлийг ам уралдан хийсэн явдал. Ойрын өдрүүдэд иргэдэд тал зассаар байгаа Насны хишиг, Оюутнуудын сурлалтын зээл, татварыг 1 хувьд хүргэх зэрэг хуулийн төслүүд нь түрүүн гаргасан алдаагаа засч буй мэт харагдана.
Намрын чуулгган эхний 7 хоногтоо 2017 оны улсын төсөв санхүү ямар байх төсөөллийг хэлэлцэж эхэлсэн. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8.564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ. Төсвөөс цавчаа хийдгээ нэгэн үзэл санаан дор тэвчих,төсвийн алдагдлаа “ТЭГ” болгоогүй цагт хөгжлийн концепциийн тухай яриа байхгүй гэдгийг гадаад дотоодын захын эдийн засаг ч хэлж байгаа. Засгийн газар энэ чигт зоригтой алхам хийх эрмэлзэл байгаа ч ялахын төлөө баахан өсөлт халамж амалсан намынхаа арыг бодсон шахаанд орж санаснаараа хөдөлж чадахгүй, баригдаад байгаа тал ч харагдаж байна.
Товчдоо ирэх жилийн төсөв бол өр дарах дарамт дор хэлэлцэгдэж байна гэж болохоор. Энэ нь өнөөх айдаст хэмнэлт ахиад яригдах ба Орон нутггийн сонгууль дуусангуут дахиад ямар халамж урамшууллыг нь хасах бол доо гэсэн таагүй хүлээлт дээр бээрсэн нийгэм төрөө царайчлан харж сууна.
Д.БАЯР
Уншиж байна |