Хотын дарга Су.Батболд нийгмийн сүлжээний хэрэглэгчдээс зөвлөгөө авах дуртай. Байсгээд л нэг зүйлийг асууж тодруулж, санаа оноог нь сонсдог. Харин санал нь нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдэд нам даруулж, ажил болохоосоо өмнө цаасан дээр үлдэх тал руугаа хазайгаад байна.
Хамгийн сүүлийн жишээ, шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагт хаах тухай хотын даргын санал сошиалынханд нам даруулж, эцэстээ эр хүний асуудлаа хөндүүлэхэд хүргэсэн. Ер нь бол энэ асуудлыг экс мээр Э.Бат-Үүл шийдчихсэн. Тиймээс нэгэнт замаа олцон асуудалтай зууралдаад байх шаардлагагүй гэдгийг нийгмийн сүлжээний хэрэглэгчид хотын даргад зөвлөсөн хэрэг. Магадгүй хотын дарга эсэргүүцэлтэй тулгарсан энэ асуудлыг орхихоор шийдсэн бололтой. Өчигдөр албан хаагчдаараа хэвлэлийн хурал хийлгэж, “энэ асуудлыг судалж байгаа, эцсийн шийдвэр гараагүй” хэмээн бөөрөнхийлөв.
Гэхдээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагийн хэлж байгаагаар шөнийн цэнгээний газрыг 04.00 цаг хүртэл ажиллуулах Э.Бат-Үүлийн захирамж хэвээр үлдэх бололтой. Учир нь шөнийн цэнгээний газрууд 04.00 хүртэл ажилласан хугацаанд гэмт хэрэг буурч, аж ахуй нэгжүүдийн ашиг орлого нэмэгдсэн гэнэ. Зүгээр нэг яриа биш бүр судалгаа байгаа аж.
Хотынхны ярьсан дараагийн асуудал нь нохойны үржлийг зогсоох тухай байв. Мөн л нийгмийн сүлжээнийхэнд нам даруулсан энэ асуудалд эцсийн шийдэл байхгүй гэдгийг албаныхан хэлэв. Нэг нохойнд 80-130 мянган төгрөгөөр мэс ажилбар хийх тухай албаны хүний үгнээс үүдэж, таван тэрбум төгрөгөөр нохойнд спираль тавих нь хэмээн олон нийтийн сүлжээнийхэн шуугиж, асуудлыг гацаав бололтой. Гэхдээ судалж байгаа гэнэ лээ.
Хотын дарга Су.Батболд нийслэлийн хувьд “гадны” хүн. Тэр нийслэлийн иргэн болон амьдарч байснаас нийслэлийн ажлыг нугалж байгаагүй. Тиймдээ хотод юу хийх ёстойг сайн мэдэхгүй, иргэд, олон нийтийн санаанд тулгуурлан ажиллая гэсэн зарчим барьсан байхыг үгүйсгэмгүй. Олон нийтийн сүлжээнд хэд хэдэн санал асуулга явуулж үзсэн ч дэмжлэг авсангүй. Ямартай ч хотын дарга Су.Батболд болон түүний багийн эхлүүлэх гэж байгаа ажил олон нийтийн дэмжлэгийг төдийлөн авахгүй байна. Хоёр ч асуудал нь нийгмийн өчүүхэн хэсэг болох сошиалынханд “цохиулан унаж”, судалж байгаа нэрээр дарагдах бололтой.
Хотын дарга 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн долоо хоногт НИТХ-д өргөн барьсан. Су.Батболдын багийн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг НИТХ пүрэв гаригийн хуралдаанаараа хэлэлцэн батлах гэнэ. Өнгөрсөн долоодугаар сард хотын даргын ажлыг авсан эрхэм хийх ажлын хөтөлбөрөө хоёр сар гаруй хугацааны дараа батлуулахаар өргөн барилаа. Цаг алдаагүй гэж найдъя. Мөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууд нь олон нийтийн эрх ашиг болоод Улаанбаатарын ирээдүйд чухал гэдэгт итгэе. Цахим орчинд цэцэрхсэн хэдхэн хүний үгэнд “цохигдож унахгүй” дорвитой ажлууд байгаасай.
В.Хэрлэн