Эрдэнэт үйлдвэрийн 8 сая ам.долларын дансыг журамлаж, Лондонгийн бирж дээр арилжаа хийх эрхийг хаасан талаар эх сурвалжууд мэдээлэв. Ийм нэг сэртхийлгэсэн мэдээ С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн Э.Бат-Үүлийн дуулианд дарагдсан бололтой. Ганц нэг сайт телевизийн оройн мэдээгээр үзэгдээд өнгөрөв.
2009 онд гадны компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул ийнхүү дэлхийн зах зээл дээр зэсээ борлуулах эрхгүй болж хөл гараа тушуулсан гэж гадаад эх сурвалжууд мэдээлсэн гэж байна. Дотооддоо бол ямар нэг тайлбар тодруулга алга. Эрдэнэт үйлдвэрт бол 8 сая ам.доллар байдаг л “ногоон” бололтой.
Анхны эх сурвалжийн мэдээгээр бол “Erdenet mining corporation” буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн Их Британи дахь найман сая ам.долларын хөрөнгийг царцаах шийдвэрийг Лондонгийн шүүхээс гаргаад байгаа бололтой. “Ройтерс” агентлагийн уламжилснаар, худалдааны 12 байгууллага, банкин дахь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 7.115 сая ам.доллар болон 637.818 фунтын хөрөнгийг царцаасан гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ гэсэн. Мөн банкуудын нэрийг нууцалсан талаар онцолсон гэж байна.
Учиг хөөвөл 2009 онд байгуулсан гэрээний үүргээр манай “Erdenet mining corporation” зүгээс “MRI Trading AG”-д өртэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан бололтой. Шүүх шийдвэрээ баталгаажуулж өрөө төлж барагдуултал “Эрдэнэ үйлдвэр”-ийн гадаад банкин дахь хөрөнгийг царцаахаар болж.
Нийт төсвийн гуравны нэгийг ганцаараа бүрдүүлдэг байсан Эрдэнэт үйлдвэр Лондонгийн бирж дээр зэсээ арилжаалах боломж хаагдаад байгаа нь олон нийт цаашлаад Засгийн газар анхаарал л сэдэв. Их хурлын сонгуулиас хоёрхон өдрийн өмнө 100 хувь Монголын өмч болсон гэж гайхуулагдсан Эрдэнэт маань юу болоод байгааг мэдэж байгаа төрийн хяналт байгаа юм болов уу. Одоо Лондонгийн бирж дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монголын тал хувь эзэмшигч компанийн зүгээс хийсэн мэдэгдэл тайлбар алга. Бараг 7 жилийн өмнө хийсэн нэг гэрээний үүргийн асуудал босч Олон улсын арбитрийн шүүх дээр унасан бололтой гэсэн битүү таамаг тавьж болохоор.
Угаасаа манайхан Олон улсын шүүхэд одгүй гэж болохоор. Канадын компанийн эхэлсэн байсан Ураны олборлолтыг “хүчиндэн” зогсоосныхоо төлөө арбитрийн шүүх дээр унаж өрөнд орсон ба Засгийн газар нь аман зохицоо шахуу юм хийж 100 сая ам.долларыг 70 сая болголоо гэж баярлалдан мэдээлж байсныг санаж байна. Энэ мөнгийг тулгаж байгаад босгоод төлчихлөө гэж тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баатарлах шахуу л мэдэгдэж байв.
Харин хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх хариуцлагын тухай хэн ч яриагүй. Монголын улсын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд навс унаж “найдваргүй” ангилалд орж буй үр дагаврыг хэрхэн баллуурдах талаар тогтож яриагүй. Албатай өрийг төлсөн мэт 70 саяыг төлчихлөө гэж алгаа таших шахуу баярт мэдээ болгон угаагаад тавьчихаж билээ. Гадаад талдаа хийсэн манай гэрээ хэлэлцээр маш худрагагүй байдгийг өгүүлбэл урт түүх болох ба Олон улсын шүүхийн нэхэмжлэл хангаж гадны компаниудад төсвөөс төлсөн ам.доллар тэрбумд хүрнэ.
Худалдааны 12 байгууллагатай холбогдох “Эрдэнэт үйлдвэр”-ийн 7.115 сая ам.доллар болон 637.818 фунтын хөрөнгийг царцаасан байна. Хамгийн ноцтой нь Эрдэнэт үйлдвэрийн зэсийн арилжаа Олон улсын бирж дээр ойрын өдрүүдэд лав гарахгүй бололтой. “MRI Trading AG”-гэх хуулийн этгээдтэй 2009 онд ямар гээч гэрээ байгуулчихаад шүүх дээр ялагдаж ямар хэмжээний өрөнд орчихоод байгаа талаар 100 хувь манайх болсон “Erdenet mining corporation” буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн хариулт өгнө гэж хүлээе.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/