Гадаад ертөнцөөс ирэх жуулчид, Хөрөнгө оруулагчдын итгэлийг дэндүү гэмээр алдаж байгаа орны тоонд Монголоо нэрлэх болж байгаадаа харамсах юм. Улс төр, татварын орчин нь байнга донсолж бужигнаж байдаг нь Монголд ногоон бариад ороод ирэх урсгалыг хамгийн их удаашруулж байдаг. Зарим нэг хөрөнгө оруулагчийг нь шорондоо ч суулгаад авсан. Том гэрээ хэлцлээр халхлан хөрөнгө оруулагчдыг хулхидах зэрэг байдаг талаар явган яриа бол маш их. Өнөөдөр Батын засагтай хийсэн яриа хэлэлцээр нөгөө намаас гарсан Доржийн засгийн үед дурсагдах ч үгүй гээгдэх аюултай.
Ийм нөхцөлд Монголд мөнгөө үрж ядсан, уйдсан нөхөр доллар хаяж азаа үзэх магадлалтай. Гэвч эсрэгээрээ хамгийн нарийн тооцоотой хашрууд нь гадны улсад мөнгө хаяж урт хугацааны хөрөнгө оруулдаг. Бодит тооцоо суурьтай, итгэл үнэмшилтэй хөрөнгө оруулагч олоход тун бэрх байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “DISCOVER MONGOLIA 2016” чуулга уулзалт 14 дэх удаагаа боллоо. Жилээс жилд оролцогчид нь буурч байгаа нь илт харагдана. Энэ бол манайд хөрөнгө оруулагчдын итгэл цааш эргэсний нэг илрэл.
“DISCOVER MONGOLIA. Хэдхэн жилийн өмнө бодит хөрөнгө оруулалтын яриа саналтай, танхим дүүрэн зочинтой болдог байлаа. МАН, АН-ын засгийн газрын явцуу сонирхол улс төржсөн шийдвэрүүдийн балгаар энэ чуулганы нэр хүнд ч унасан харагдана. Манай улсад ам.доллартой болох хамгийн ойрхон боломж бол хөрөнгө оруулалт байхад тэдний итгэлийг холдуулж байгаа нь том ухралт.
Улс төр нь уул уурхайгаа хэмлээд байгаа дүр зураг тогоон дотроо үлдэнэ гэж байхгүй юм. Навс унасан хөрөнгө оруулалтыг татах тал дээр хэдхэн хүчин зүйлийг эдийн засагчид хэлдэг. Үүний нэг нь улс төрийн тогтвортой байдал. “Засгийн газар нь л бүгдийг самарч орхихгүй бол энэ оронд асар их боломж бий” гэж Канадын “Айвенхоу Майнз” компанийн дэд ерөнхийлөгч асан, “the East Asia Minerals Corporation”-ы тэргүүн Эдвард Рочетт хэлсэн байгаа.
“...Монголын улстөрчид 2004 онд сонгогчдод амласан амлалтаа биелүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгохын тулд 2007 онд уул уурхайн бүтээгдэхүүнд гэнэтийн ашгийн татвар ногдуулах шийдвэр гаргасныг хөрөнгө оруулагчид одоо ч жигшин дурсдаг...” талаар гадаадын хөрөнгө оруулагчдын гар дамждаг нэр хүнд бүхий хэвлэлүүдэд одоо ч дурьдагдсаар байгаа.
“Монголын эдийн засгийн нэг дэх том эрсдэл нь Засгийн газрын хөндлөнгийн оролцоо. Харин хоёр дахь нь Хятадын түүхий эдийн хэрэгцээ. Хэрэв Хятад түүхий эд худалдаж авахаа больчихвол энэ бүхэн төгсгөл болно” гэж Эдвард Рочетт онцолсныг “Discover Mongolia” уулзалтын тухай ярицлага өгөхдөө онцолсон байгаа.
Хүний хөгжлийн сангаас 53 тэрбум төгрөгийг халамж нэрээр иргэдэд тараадаг. Сонгуулийн амлалтаар төсөвт дарамт босгосон ийм мөнгө босгохын төлөө манай улстөрчид хуулиндаа ганц өглөө өөрчлөлт оруулаад гадаадын хөрөнгө оруулагчдын хэтэвч рүү гараа дүрчихдэг гэмтэй.
Улс төрийнхний энэ тавьтаргүй авирыг дагаад хөрөнгө оруулалт татах эрх зүй, татварын таатай орчин байхгүй болдог. Шинэ засгийн газар гарч ирээд хямралаас гарахын тулд татвараа нэмнэ гэснээр олон нийтийн дургүйг хүргээд авсан. Үүний цаана шинэ засгийн жинхэнэ чансааг тандаж суугаа хөрөнгө оруулагчид дахиад л эргэлзэж, хүлээлтэд орж таарна.
“...Замдаа гарсан Монголын эдийн засгийн галт тэрэгний хурдыг сааруулж бүр зогсоож ч болзошгүй саад бол Монголын Засгийн газрын бодлого, Хятадын түүхий эдийн хэрэгцээ” гэж эдийн засагч, хөрөнгө оруулагч нар “Discover Mongolia” уул уурхайн чуулганаар онцолсныг татвар нэмэх дуулианаар ширүүхэн ажлаа эхлүүлсэн Засгийн газарт хэлье. Ер нь уул уурхай хөрөнгө оруулалтаас засгийн газар шууд оролцоогоо татаж, зайгаа зөв хэмжээнд барьж, тогтвортой байлгах нь алдсан итгэлийг аргамжих сүүлчийн ганц гадас болж мэднэ.
П.Баяр
Уншиж байна |