Эрх баригчид хагаралтай байна. Хэдийгээр МАН-ынхан ходоод хагаравч тогоондоо байх зарчимтай ч эрх баригчдын үг үйлдэл олны анхаарлаас ангид байж чадахгүй байна. Үйл ажиллагааны хөтөлбөр нь ч батлагдаагүй Засгийн газрын тэргүүн, гишүүдийг нь огцруулах яриа хэдэнтээ гарав. Огцруулах саналыг сөрөг хүчин АН-ынхан биш МАН-ынхан өөрсдөө гаргасан нь эрх баригчдын хагарал тогооноосаа хальсныг харуулна.
Долоо хоногийн эхэнд МАН-ынхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээ гарав. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй МАН-ын нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэр энэ мэдээнд хавчуулагдсан нь олны анхаарлыг бүр их татсан. Харин Ө.Энхтүвшин гишүүн “үйл ажиллагааны хөтөлбөр нь ч батлагдаагүй Засгийн газрын тэргүүнийг огцруулах яриа байдаггүй юм” гэсэн тайлбарыг хийснээр энэ яриа намжив. Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав гэгчээр МАН-ынхнаас Ерөнхий сайдыг огцруулах яриа гарсан учраас л ийм мэдээлэл түгсэн хэрэг.
Харин өнөөдөр Сангийн сайд Ч.Чойжилсүрэнг огцруулах тухай яриа гарлаа. Мөн л МАН-ынхан өөрсдөө огцруулах тухай ярьсан гэнэ. Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсноо тайлбарласан яриа нийгмийн сүлжээнд тарж, багагүй элэг доог болсон. Өндөр настнууд талийгаач болсон хөгшнийхөө тэтгэврийг авахаас татгалзсан саналаа Сангийн сайдад хандан илгээгээд буй гэнэ лээ. Сангийн сайдын яриагаар бол хөгшчүүд сэжиглэж, сүсэглээд байгаа аж. Тэтгэврийн хэдэн хөгшчүүдийг гөрдөн байж ярьсан Сангийн сайдын энэ яриа суудалтай нь ярихад хүргэсэн бололтой. Өчигдрийн МАН-ын бүлгийн хурал дээр багагүй банга хүртэж, дахиж намын нэр хүнд унагасан зүйл ярьвал огцруулна гэсэн хатуу сануулгыг авсан байна.
“Улс орны нөхцөл байдал хэт хүнд байдал байна” хэмээн хэдэнтээ ярьж, АН-ынхнаас гоншигносон нэр авсан Сангийн сайд энэ удаа намын нөхдөөсөө зэм хүртжээ. Дахиж хүний өмнөөс ярьж, тэрэндээ орооцолдвол МАН-ынхан түүнийг харж үзэхгүй бололтой.
Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан 100 хоногт юу амжуулснаа ирэх сарын эхээр тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар хасч танана гэсэн бодлогодоо ороогдож, эргэж буцсан байдалтай байна. Нэг үгээр бол хийсэн гээд хэлчих ганц ч ажилгүй гэсэн үг. Харин огцруулна гэсэн хэд хэдэн сануулгатай 100 дахь хоногтойгоо золгох нь.
МАН-ын зарим нөхөд Мэргэжлийн гэж тодотгосон Засгийн газартаа өнөөдөр ч эргэлзэж байгаа. Тиймдээ ч огцруулна хэмээн үе үе айлгаж буй. Анх байгуулагдахад нь хэд хэдэн сайдыг нь голж, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг нэр дэвшигчээ эргэн харахад хүргэсэн. Дэд сайд нарын асуудал ч МАН-ын бүлэг зөөлөн хандаагүй. Сайд нарын томилгооноос эхлээд хатуурхсан МАН-ын зарим нөхөд өнөө ч Засгийн газартаа сануулга өгсөөр байна. Эвгүйдэх л юм бол АН-ынхан Н.Алтанхуягаа түлхэн унагасан түүхийг МАН-ынхан давтаж магадгүй нь.
В.Хэрлэн