Хөлд орж анхны алхмаа хийсэн, хэлд орж шулганасан тэр өдрийг чинь эцэг эх чинь ямагт тод санадаг. Хүний зэрэгт хүрээрэй гэж эрдмийн замд оруулж багшийн гараас хөтлүүлсэн өдрөө хэзээ ч үл мартана. Арван жилийн сургууль, ахлах анги төгсөх үед чинь чамтай шалгалт өгч, тэнцэж тэвдэж ээж аав тань цаанаа сандардаг байсан. Чи мэдээгүй. Араас нь чиний төлөө улам л хичээх болдог. Ирээдүйн замд хөтлөх мэргэжлийн сургуульд оруулж оюутан болгохын төлөө эцэг эх тань өөрсдийгөө мартаж зүтгэдэг.
Энэ өдрөөс оюутан боллоо та. Шүүдрийн усаар цай чанаж ээждээ өгөхийн наана тэр газраа сөхрөлгүй хүрэх сэтгэлийн тэнхээтэй ХҮН болох ёстой. Сайхан дурсамж олон болж, ер бусын зүйл болох мэдрэмж төрж буй. Том хүн болох олон дамжааны дөнгөж эхэнд ирж байгааг тань хатуухан хэлмээр.
Чиний сургалтын төлбөр энэ өдрийг хүртэл хэцүүхэн санагдсан байж болно. Чи сурах чигээ алдвал эцэг эхэд тань хамгийн хэцүү эхэлнэ. Маргааш хийнэ гэж аливааг хойш тавих бүртээ энэ үгийг санахыг хичээгээрэй.
Багш, эмч, барилгачин, программист, IT инженер, автын засварчин, өрлөгчин, оёдолчин ямар ч салбарыг сонгосон байлаа чи аав ээжийнхээ амьдралын том утгыг тээсэн оюутан болсон. Үүнийг ухамрсарлах гэж яарах хэрэггүй. Урд чинь зурайх зам бартаатай тул чи давж гарах бүрт ухаарал аяндаа ирнэ.
Уудам дэлгэр нутагтай, хийж бүтээх маш том орон зайтай, хөгжлийн түвшин доогуур ч бүрэн эрх чөлөөтэй улсын аль ч салбарт өрсөлдөөд гарах боломж дээр та хөл тавьж байна. Улс орны маргаашийн түүх чамаар бичигдэнэ. Хичээгээрэй.
Эрдмийн замд чамайг гаргаад, санаа нь амарч, сүү өргөж үлдсэн ээж ааваа сайн сурч баярлуулаарай. Одоо тэд дөрвөн жилийн дараах хонхны баярыг чинь төсөөлчихсөн, энэ өдөр хүртэл туулсан бүхнээ жаргалд хувиргачихсан мишээж суугаа. Урмыг нь бүү хугалаарай.
Эрдмийн зам урт шүү, цаг өдрийн гиюүрлээр бүү хэмжээрэй. Өглөө бүр зорилготой босож зүтгээд бай. Үй олон найзтай болж болно. Зөв сайханд хамтдаа нэгдээрэй. Мөнхийн ус хараахан гараагүй тул хүн шиг явж ижий аавыгаа баярлуулаарай гэсэн мөнхөрсөн үгийг давтан нуршья.
Энгийн нэг захиас төгсгөлд үлдээе. Эрхэм оюутан та, ирэх өдрүүдийн олон баяраар хичээлээ л бүү таслаарай...
Пүрэвжавын Баярхүү
Уншиж байна |