Хоёр жилийн өмнөөс цэцэрлэг босгох хөдөлөөн санаачлага бараг “ моод” болох шахаж байлаа. Намар болохоор цэцэрлэгт хүүхдээ багтаах том өрсөлдөөн эхэлж хэдэн шөний дугаарлалт, аз сорьсон сугалаа гээд арга хэлбэр олонтой цэцэрлэгийн том конкурс эхэлдэг. Улс төрчид нам хөдөлгөөнүүд ч тус тусдаа л цэцэрлэг барих шахуу болдог.
Төсвөөс хумсалсан хулгайлсан мөнгийг цэцэрлэг барих мөнгөтэй харьцуулах нь тун содон сонсогдох болсон. Засаг солигдоход цэцэрлэг сургуулийн тоо нэмэгдэхгүй ч бүртгүүлэхээр өрсөлдүүлэх арга хэлбэр нь өөр өөр болж байгааг бид харж байна. Энэ намраас Азын сугалааг халах тухай яригдаж, АТГ- хүртэл цэцэрлэгин эрхлэгчийг хянан оролцож “цэцэрлэг” гэдэг нүсэр компанит ажил эхлүүлэх гэж буй бололтой. Намар намарт ойролцоогоор 80-д мянган хүүхэд гэртээ ганцаараа “цоожинд” үлддэг гэдэг. Үүний дийлэнх нь захын хороолол алслагдсан дүүрэгт байдаг. Гэртээ галлагаатай, ил задгай тогтой хүүхдэд хамгийн эрсдэлтэй гэр хороололд хүүхэд олноороо ганцаар үлдэж байна.
Энэ бүлэгт чиглэсэн ганц олигтой шийдвэр, бодитой алхам мэдээлэгдэхгүй байтал манай гурван яамны сайд нар ажилчиддаа зориулж тансаг цэцэрлэг байгуулах тусдаа санаачилга гаргаснаа зарлажээ. Энэ цэцэрлэгүүд нь яаман дотроо байрлах юм байна. Төрийн албан хаагчид минь юутай таатай, ямар азтай вэ.
Баян ядуу, боломжтой боломжгүй хэнийх ч бай адил Монголын үрс, барьцах юм алга.. Харин төрийн хандаж буй хандлага ялгавартай буюу илт зиндаархсан, алаг үзсэн ч санагдах шиг. Төрийн албан хаагчдын хүүхдүүд цэцэрлэггүй, тулсан асуудалтай байсан гэвэл Монголоо мэддэг хэний ч инээд хүрнэ. Амьдрал мэдэхгүй сайд дарга нарын л хөөргөн мэдэгдэл энэ боллоо гэмээр.
Яамны албан хаагчид бол тусгай оршихуйн жишээ шүү дээ . Манай аль ч төрийн яамны гадаа машин тавих зогсоол олдохгүй. Өндөр үнэтэй япон америк машин эгнээстэй. Гэвч эд бол яаманд ажил хөөцөлдөж ирсэн зочдынх байдаггүй. Бүгд доторх ажилчдынх нь тансаг машинууд байдаг. Одоо дотроо цэцэрлэгтэй, хүүхдүүдтэйгээ өдрийн хоолоо хамт идсэн ч болохоор. Тусгай хангамж үнэхээр сайн болж байгаа юм байна. Үүнийхээ хэрээр ажил нь гялалзаад байгаасай.
Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам дэргэдээ 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ. Өнөөх 80-д мянган хүүхдийн 230- нь цэцэрлэгтэй болжээ. Үлдсэн хүүхдүүдийн аав ээж нар мэдээж төрийн албагүй иргэд тул эцсийн арга мэхээ дуустал цэцэрлэгт бүртгүүлэхийн төлөө халз тулаандаа “урагшаа”....
Энэ тулаан маргааш даваа гарагийн үүрээр эхлэнэ гэж төрийнхөн албан ёсоор зарласан байгаа .
Б.БАЯР