“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоохоор боллсоноо засгийн газар зарлав. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн болоод сонгуулийн “хахуульд” эхэлсэн бараг бүх тэтгэлэг хөтөлбөрүүд зогсохын дохио.
Цаашлаад МАН –ын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлийн амлалтууд ч хэрэгжих нь ойрын хугацаанд боломжгүй болсон бололтой. Үүний бие халаалт болгож хоёр хоногийн өмнө Сангийн сайд “аюул ” гэсэн тодотголтой мэдээлллийг хийлээ. Ер нь бол юун хөгжил бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр нэмэх, харин ч цагтаа тавьж чадахгүй дээрээ тулсан гэж дурьдав. Үүний цаана байгаа гол мессэж нь дахин зээл авна шүү гэсэн учирлал юм байна гэж харагдав.
... Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм ... гэснээр зайлшгүй зээл авах болсоныг ойлгуулахаар хичээсэн нь илт байна.
Манай нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хийсэн энэ мэдээлэлд сошиал хүрээнд лав тэгтлээ их цочирдсонгүй. Учир нь бид намуудын гэнэтийн гайхалтай сайн муу мэдэгдлүүдэд хэт дасаж, нийгмээрээ дөжирсөн суугаа.
АН-ын ялахын тулд юу байж болохыг, өнөө маргааш юу хэрэгтэй байгаа бүхнийг хамж амалсан. МАН юу ч хийх боломжгүй нөөцгүй болсон эдийн засаг, төсөв санхүүтэй улсыг авахаа мэдсээр байж ялангуутаа цалин тэтгэвэр нэмээд өгнө гэж хуурай ам гарсан. Өнгөрсөн сонгуульд хоёр намд урьдын адил тооцоо судалгаатай эдийн засаг нийгмийн хөгжлийн хөтөлбөр гэж үнэндээ байсангүй.
Үнэнээрээ сонгуульдсан бол улс орныг энэ гүн хямралаас гаргах дэд хөтөлбөр гаргаж дэмжүүлээд дараагийн хөгжлийн хөтөлбөр энэ байна гэж тайлбарлаад суух нөхцөл байдал үүсчихээд байгаа. Харамсалтай нь өнгөрсөн сонгууль цагаан морьтой баатруудын үлгэрийн амлалтаар буюу 12 жилийн өмнөх шигээ явагдсан нь үнэндээ цагаа олсонгүй. Энэ намрын шуугиан болгож уутны амаа доош харуулаад сэгсэрчихсэн төсөв, даацнаас хэтэрсэн өр ширийн үглэл хэлээд байгаа нь үүссэн нөхцлийг шийдэхэд сайн юм авчирахгүй.
Валютын нөөцөө шавхсан шахуу ярьж, ам долларыг улам галзуурах дөгөө өгч болохоор сүржин гэж болох мэдэгдлийг Монгол банкны ерөнхийлөгч, цаашлаад Сангийн сайд яаран хийх хэрэг байсан юм уу. Ханшийн зөрүүнээс тэрбумтан болох шахуу хэдэн нөхдөд энэ бол ээлжит том тус. Хав дарсан тоймгүй доллараа гаргаж цөм ашиг хийх сайхан мэдээ, баттай эх сурвалж болно. Өөрөөр энэ сүржин мэдэгдэл юу авчирав. Төгрөг “түй “ болж байгаа, эдийн засагт тоолох мөнгөгүй болсон талаарх дараалсан мэдээллүүд улс төрийн ач холбогдолтой байж болно. Үнэндээ цагаа олоогүй буюу хэт их задалж гаргасан мэдээлэл тул иргэдэд бухимдал авчирлаа. Энэ бол тодотголоор хар аяндаа тодрох л мэдээлэл байсан шүү дээ.
Манай улс цомхон эдийн засагтай, бараг бүх юм ил шахуу. Аль ч нам засаг барьсан манийгаа яаж шүү аргалж, гарын салаагаар төсвийг яаж урсгаж байгааг нь багцаалж болдог. Харин төр алдаагаа төгс засч ажилдаггүй. Замбараагүй зарцуулалттай, алдагдалтай бодит биш, үрэлгэн хяналтгүй, сахилга батгүй байх нь төсвийн мөнгийг хийдүүлж цохих тохироо гэж харна. Намаа санхүүжүүлэх ундарга гэж үзнэ. Ийм байхад яаж хөгжих тухай ярих вэ.
Ядаж төсвийн тогооныхоо цоорхойг битүүлж, шүлс амаа савируулаад зүтгээд байгаа Оли нараа /олигархуудаа/ төрөөс хол байлгамаар. Яг үнэндээ төсвийн үргүй зардлыг тэвчээд, төрийнхний тансаглал, үрэлгэн зардлыг үнэхээр танавал нэг жилийн Бондын хүүний талыг байтугай өлхөн гарна.
Шинэ төр үнэхээр гарц хайж байгаа бол иргэний нийгэм, хөндлөнгийн байгууллагуудаар ийм тооцоо хийлгүүлээд харах хэрэгтэй. Тэрийгээ харин ард түмэндээ ил тод, график зурагтай нь мэдээлэх хэрэгтэй.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /