Манай эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буюу 17.5 хувиас огцом буурсаар 2014 онд 7.8 хувьтай гарсан.
2012-2016 онд манай улс хоёр төсөвтэй мэт явж ирсэн гэдэг. Бондын мөнгө гээд төсвөөс тусдаа асар их мөнгө эргэлдээд байдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 8 хувийн зээл , дотоодын компаниудын үнэт цаас худалдан авах ажиллагаагаар ойролцоогоор 7 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлсэн гэж байна.
Өөрөөр хэлбэл уламжлалт бус аргаар зөвхөн 2013 онд эдийн засагт ДНБ-ий 23.7 хувьтай тэнцэх мөнгийг нийлүүлсэн. Энэ нь 2014 -2015 онд буурлаа гээд 18.7 хувь руу орж байгаа тухай мэдээлэл гарч байсан.
Ханш тогтворжуулах зорилгоор их хэмжээний валют гаргасан. 2013 онд 2 тэрбум, 2014 онд 2.6 тэрбум, 2015 онд 1.3 тэрбум ам.долларыг нийлүүлсэн. Үүнийг дагаад валютийн нөөц нимгэрчээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар гэж байсан нөөц 2014 оны эцэст 1.6 тэрбум ам.доллар болсон гэж мэдээлэгдсэн. Энэ нь олон улсын түвшний стандартад нийцсэн нөөцөд тооцогддог ба импортын гурван сарын хэрэглээнд хүрчих боломжтой тооцоо байдаг. Одоо бол энэ стандарт баталгаа алдагдсан бөгөөд манай улсын арын халаасанд байгаа ам.доллар 1.2 тэрбум ам.доллар гэж байна. Эндээс Хятадын ардын банк хооронд үйлчилж байгаа своп хэлэлцээрийг тооцоод харвал валютын нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байгаа гэж Монгол банкны шинэ удирдлага мэдээллээ.
Гадаад валютын нөөц болоод зээлийн хэмжээ аюулын түвшинд хүрсэн нь үнэндээ бол шинэ мэдээ биш л дээ. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурж байлаа. Энэ гэрээ тун ажил хэрэгч хэрэгжсэн байдаг.
Үүний дараахан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “Гадаад валютын хэрэглээг дэмжихэд богино хугацаатай зээлийг их хэмжээгээр ашиглаж байгаа . Үүнд Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлээр богино хугацаат гадаад өглөг авч байгаа юм. Энэ нь өнөөдөр “Чингис бонд”-ын мөнгөтэй дүйцэхүйц хэмжээнд хүрлээ” гэж мэдэгдэж байсан нь бараг жилийн өмнө байх.
Ийм хүнд байдалтай данс нь бараг улайсан эдийн засгийг шинэ засаг хүлээж авлаа. Даншиг наадам, Рио-гийн олимпийн дуулианд түр салхилсан иргэд бодит дарамтаа мэдрэхээс өмнө Засийн газар тооцоо үндэслэлээ тодорхой болгох. Ер нь бол эхлээд зүгээр л өндийх хэрэгтэй дүр зураг харагдаж байна. Бидний эдийн засаг үнэхээр гадаад тал, дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнэтэй уяатай байгаа бол мөддөө түүхий эдийн суга үнэ өсөж гэнэтийн гайхамшиг болох хүлээлт үнэндээ алга.
Одоо бол ээлжит бус чуулган төсвийн тодотгол хүлээлт ба ажлынх нь эхлэл болохоор байна. Тодотголоор ядаж хүүхдийн 20 мянгаа өгч хүйтэн жин тавих бололцоо үүснэ. Нэгэнт улс орны эдийн засаг ганц тулгуураар урагшилж, сэргэхгүй хойно. Бүхэлд нь харвал Засгийн газар хоёр жил тэсэж зөв чигт ажиллаж байж хүндрэлийн дарамт багасна.
Энэ бүх таагүй мэдээний ард хэлэхэд, ялсан МАН-д дээр өргөж хүмүүсээ дагуулах шинэ туг хэрэгтэй байгаа харагдана. Магнаг үсэгтэй нь биш. Нийслэлийн шинэ удирдлага “Аз жаргалтай хот” гэдэг сонсголонтой содон туг өргөлөө. Засгийн газрын хувьд удахгүй боловсруулж батлуулах Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэл нь нэг туг байж болох юм. Гэхдээ энэ их ерөнхий л дөө. Нэгд, эдийн засаг, хоёр гуравт мөн адил гэдэг шиг. Хэмнэлт хэмнэлт, хэмнэлт гэдэг ч юм уу. Энийгээ “төсвийн эрсшинэчлэл”гээд холбоцон ч болохоор.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /