Сайдаас ”Сайн малчин” дээр
2016-08-04

“Миний бодлоор Монголд сайд, дарга болсноос малчин болсон нь илүү мундаг...”. Энэ үгийг Малайзын сайд хэлсэн гэдэг. Мань эр уудам хөдөөгүй улсын сайдын хувьд ингэж хэлсэн байх талтай. Нөгөө талаас малчны амьдралын харьцангуй эрх чөлөө, бие даасан байдал, тэдний хатуу байгаль, цаг уурыг сөрсөн тэвчээр зэргийг судлаад ийн хэлсэн байх. Тэрнээс улсын ДНБ-ний 10 гаруй хувийг бүрдүүлдэг гэдгээр нь малчдыг онцгой үнэлж, шууд утгаар жишээгүй гэж бодно.

 

 

Монголын малчин өрх айлууд өнөөдөртөө  лав төрийн хараанд номер нэгт байна. Нийгмийн хамгааллын чиглэлийн ажлыг олон жил нухсан С.Чинзориг түшээ оройлон бусад төлөөлөл нэр оруулан санаачилж шинэ парламентад өргөн барьсан анхны хуулийн төсөл нь малчдад тэтгэврээ нөхөн төлөх боломж олгох тухай хуулийн төсөл байлаа. Тайлбар учирлал нь мөн л зайлшгүй амьдралаас бий болсон. Малчид цаг уурын хатуу ширүүн нөхцөлд хөдөлмөр эрхэлдгээсээ болж хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, харьцангуй эрт нас барах тохиолдол их байгаа гэж үзжээ. Тиймээс нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах юм байна. Ингэснээр малчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгож, нийгмийн баталгаа нь сайжирна. Касктай уурхайчид, цахилгаан станцынхан, хилийн цэргийнхэн, хүнд хортой нөхцөлийнхөнд өгдөг  онцгой халамжид энэ тун ойртож ирж байна. Үүний цаад тусгал нь залуу халаа малчдад тусаасай гэж давхар ерөөе.

 

Нэг бүлэгт тавих төрийн онцгой анхаарал үүгээр дуусаагүй. Ерөнхий сайдын шинэ танхимдаа өгсөн анхны заавал биелүүлэх 9 даалгаврын нэг нь малчны зээлийн хүүг бууруулахыг судлах тухай байв.

 

Малчдын маань асуудал гишүүдийн болоод Засгийн газрын анхны хийх зайлшгүй ажлууд, хуулийн төслүүдэд багтаж байгаад сайн, муу дүгнэлт өгөх гэсэнгүй. Орон нутгийн сонгуультай холбож улстөржүүлээд ч яахав. Зүгээр хэт даам гарсан банкуудын зээлийн нөхцөл, хатуу босго, хүүгийн хэтэрсэн дарамт шалгуурыг анхаарах талаар Ерөнхий сайдын өгсөн даалгаврын эхний тавд байсан бол гэсэн бодол байна.

 

Банкуудын зээлийн тогтолцоо арай дэндүү бөгөөд хар яриагаар бол шулаач гэмээр байгааг мэдэхгүй дарга нар, салбарын мэргэжилтэн байхгүй. 48 сая төгрөгийн орон сууцны зээл авсан хүн жил хагасын хугацаанд 9 сая төгрөг төлөхөд үндсэн төлбөрөөс нь дөнгөж 3.5 сая төгрөг хасагддаг. 6.5 сая нь цэвэр хүүнд явчихдаг. Банкууд зээл олгохдоо эхлээд үндсэн зээлийн хүүг бодож нэмээд, түүнийгээ нийт хугацаанд нь хуваагаад төлөх хуваарь гаргаж байгаа талаар судлаач Д.Ганхуяг бухимдан бичсэн байсан.

 

Үүнийг тойроод 8 хувийн зээлийн дэмэнд яахав дээ чанартай орон сууцнууд төвөггүй зарагдсаар. Ард нь банкуудын хувь нийлүүлэгчид цүдийгээд, барилгынхан бурзайгаад байгаа. Энэ зээлийн мөнгөний эргэлт эдийн засагт ямар дарамт үзүүлж байгаа талаарх мэдээлэл одоохондоо сонгууль арай дуусаагүй гэсэн улс төрийн шалтгаанаар далд байсаар.

 

Үндсэндээ орон сууцнуудаа төвөггүй борлуулж байгаа барилгынхан, хүү ашгаа хуваарьт төлбөрөөс нь цохиж суугаа банкныхан гэсэн хоёр талд хэт давуу байдалтай. Энэхүү бизнесийн гурвалжинд эцсийн ганц төлөгч болох байрны зээлдэгчид 15-20 жилийн яс өртэй, хүүгийн дарамттай л жилээ тоолж байна.

 

Энэ мэт асуудлын шийдлийг олж иргэдийнхээ дарамтыг хөнгөлөх арга зам олох нь Мэргэжлийн засгаас харах хүлээлт. Хур хөрөнгө хураасан, их хандив өгснөөр нь бус төрийн ажлын хуримтлуулсан туршлагатай кадруудаа сайдаар сонгоосой гэсэн ард түмний захиалгын цаад учир ердөө энэ. С.Баяр Ч.Улаан, Т.Ганди, Ө.Энхтүвшин, Р.Амаржаргал, Да.Ганболд гээд шууд гол сэдвээ барьж итгэлтэй  ажиллах хүмүүсийг иргэд ийм л шалтгаанаар дахин төрд орохыг нь хүлээж байдаг.  Итгэл хүлээсэн шинэ залуу улстөрчид одоо төрийн ажилд суралцаж цаг алдах эрхгүй. Хүлээлт маш их байна. Үнэхээр улс гэрээ, иргэдээ боддог бол сайд болсон энэ өдрүүддээ ямар балчиг суурин дээр сууснаа мэдэрч эхэлсэн байх.

 

Малчид ба төвийнхөн хоёрын ялгаатай асуудлаа эргэн нуршья.

 

Банк харилцагчдынхаа мөнгийг нь хадгалж эрсдэлгүй бизнес төсөлд оруулж, хүү тооцож, мөнгө унагаадаг энгийн л дүрэмтэй. Гэхдээ Монголын банкны системд өрсөлдөөн байхгүй тул зээл олголтод бүгд адил нэг хавхагтай, хатуу дүрмээр иргэдтэй тоглож байна. Иргэд орон сууцтай болохын тулд зах зээлийн жишгээс хоёр дахин их үнийг 10-15 жилийн турш гэр бүлийнхний орлогоор төлөх болдог. Залуу гэр бүлүүд байрны өрөө хамтдаа хөдөлж дарахын тулд гэр бүл төлөвлөлтөө өөрчилж хүүхэд гаргахаас арга буюу тойрч байна. Том асуудлыг бага зайд хөндөж байгаагаа ойлгож байна. Ядаж эхний ээлжинд зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрын хэт зөрүүг эргэн харах хэрэгтэй байгааг л дамжуулахыг хүслээ.

 

Манай онцгой анхаарлын төвд байгаа малчид ноос ноолуур, мах айраг тос, түүхий эдээ хот руу зөөж байгаад зээлээ төлчихдөг. Бодит байдал дээр малчдад малын буян их. Төвийнхөнд төрийн буян бага болчихоод байна.  Боломжийн  малчид  хүү, охиндоо  ядаж л нэг өрөө байр хотод аваад өгчихсөн. Одоо ингээд тэтгэврээ эрт 5 жилийн татуу тогтоолгоод авбал хэтдээ паартай байшинд  өвөлжих хараатай л сууж байгаа.

 

Ингээд бүлэглээд тулгаад харвал ажилтай орлоготой, баталгаат цалинтай гэдэг төрийн болоод төсвийн хэд хөөрхий 8 хувийн зээлийн гол фронт дээр зогсож, хэдэн банкийг хүүгээр хөлжүүлж дамууруулчихгүй яваа. Гадаадад тэвчээр заан гүрийж байгаа 100-д мянган монголчууд ч энд дэмжлэг өгдөг.  Засаг төр солигдож, зарим яам тамга, газар агентлаг татан буухад орон тоо завсардсан 8 хувийнхан яахаа мэдэхгүй байдалд орчихоод сууна. Энэ ч одоохондоо падгүй. Зуны  сонгууль хуучирч намрын сонгууль наашилж буй тул нам төрийн минь цаг үеийн шийдвэр, өргөн барьж буй хуулиуд ч “жич” чиглэлтэй гарсаар.

 

Улигт гомдол хэлэхэд энэ төр хэзээ НАМ төвөөс холдож нэгдмэл, уялдаа хамаарал бүхий бодлоготой, төрийн алба нь боловсон хүчний өндөр шалгууртай, хөгжил нь ХҮН төвтэй болох вэ гэсэн асуултын тэмдэг хэвээр.   

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Луйварчин тоймч пүрэвжавын баярхүү-д!!!!:
Шууд.мн сайтын энэ тоймч олон рүний хөдөлмөртйг шулж луйвар хийчихээд гэмгүй царайлаад ажлаа хийгээд явж бх юм! Яаж чаддаг юмбэ! Энэ ажилтандаа хариуцлага тооцох хэрэгтэй!!!! Үнэн ялах байлгүй
2016-08-13
Зочин:
8 хувийн зээл бол тухайн үед төрийн явуулсан бодлого болохоос төрийн албанд ажиллана гэсэн баталгаа биш шүү. Өөрөөр хэлвэл даргын цүнх барьдаг байхдаа зээл авсан бол одоо толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөж зээлээ төлөх болж дээ. Хэтэрхий их сагсалзах ийм л юманд хүргэдэг юм даа. ХАрин дарга чинь хадгаламжаа иднэ. ЧИ одоо яана даа. залуу минь.......
2016-08-04