Ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Их хурал отгон чуулганыхаа хаалтыг шөнө хугаслан хийлээ.
Нээлтээ хийснээс хойшх чуулганы хуралдаанууд үндсэндээ сайдуудын томилгоонд л зориулагдлаа. Ингэх ч шаардлага байлаа. Шинэ засаг бүрэлдэж хуримтлагдсан асуудлыг хэрхэн шийдэхийг олон нийт хүлээж байгаа.
Сонгуулийн амлалтаар зарласан “Мэргэшсэн” гэсэн тодотголдоо ороогдсон МАН сайдуудад хэд хэдэн нэр дэвшигчийг гаргаж ирж, мөн буцааж татах хэрэгтэй болсон. Зарим талдаа сайдад нэр дэвшигчдээ ийн цочоо ихтэй татаж аваад өөрийг оруулж ирээд байсан нь МАН –ыг тууштай биш байна гэсэн шүүмжлэлд оруулж байлаа. Нийтлэлч Баабар “Сул дорой Засаг ” гэсэн нийтлэлээр МАН-ын томилгооны үйл явцад шүүмжлэлтэй хандав.
Тэгээд ч отгон чуулганы хаалтаар хэлэлцсэн гол асуудал нь хуучнаараа олны анхааралд орсон 4 сайдын томилгооны асуудал байлаа. Хүнс ХАА, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт Эрчим хүч гээд талх тариа, эрүүл мэнд амь нас, орох орон, халаалт дулаан гэсэн хүний чухал шаардлагыг барьсан 4 яамдын сайд нар урьд шөнө тодорлоо гэж болно.
Сайд бүрт гишүүд захиас бас санал дайж байлаа. Сонгууль жалга довны буюу жижигсгэсэн тойргоор явсаны сул тал ч энд харагдаж байлаа. Цөөнгүй гишүүд улс орны хэтийн хөгжлийн асуудлыг орхин өөрийн тойрог аймаг сумынхаа асуудлыг чухалчлан хэлж байх юм. Шинээр тодорсон 4 сайд нараас Эрчим хүчний сайдад иймэрхүү даалгавар, цахилгаан станц барих захиалгыг цөөнгүй гишүүд дайж харагдав. Элгээрээ мөлхсөн гэсэн тодотголтой эрүүл мэндийн салбарын сайд дээр тавигдсан асуулт, гишүүдийн хэлсэн захиасыг харахад энэ салбарт үнэхээр нэг сайд байтугай Их хурлаараа дагнан ярьж шийдвэрлэх асуудал мөн ч их байгаа нь ил боллоо. ДНБ-ний байдлаар ЭМ –ийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт ганцаараа өсөөгүй байгаагаас энэ салбарын асуудалд сайд дээр нь улс төрждөг шигээ байдаггүй. Төрийн анхаарал төсөв мөнгөний хувиарлалтаас орхигдсоныг харуулна.
Салбараа мэддэг хүн сайд болох нь сайхан л юм байна. Эрүү мэндийн сайд А.Цогцэцгийн гишүүдийн асуултад өгч буй хариултыг харахад ажлаа мэддэг хүн гэж дүгнэж болохоор. АНУ- ын эрүүл мэндийн харьцуулсан төсөв 40 хувь давдагч үйлчилээ хүртээмж нь хойгуур жагсдаг бол Сингапур харьцангуй бага 16 хувь байдаг хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмж нь дээгүүр байрт ордог талаар А.Цогцэцэг сайд харьцуулан хэлсэн нь анхаарал татлаа. Манайд төсвөөс ЭМ-ийн салбарт тавих мөнгө бага байхын хажуугаар үрэлгэн давхардсан бүтэц зарцуулалт их байдаг уялдаагүй холбоогүй байдал ноёрхсон байгааг шинэ сайд хэлж байгаа нь сайшаалтай.
Төрийн эмнэлгийг өөдтэйхэн авч ирсэн шигээ Эрүүл мэндийн салбарыг татаад босгоорой гэсэн гишүүдийн үгийг ЭМ –ийн шинэ сайдад давтан хэлье. Төрийн түшээд ч энэ салбарт онцгой анхаарах болсоныг урьд шөнийн чуулганы явц харууллаа. Нэг намын байр 3 сарын дотор ордон болон сүндэрлэж байхад төрөх эмнэлэг 7 жил баригдсаар байгаагийн хариултыг олох цаг болсон байна. Жишиг эмнэлэг, төрөх эмнэлэг, шинжилгээ оношилгооны лаботари зэрэг барилга обьектууд сүр жавхлантай тууз хайчилсаны дараа сураг алдарч таг гацдаг нь бараг жишиг болжээ. Нийслэлд байгаа дутуу баригдсан нэг бол нурааж эхэлсэн барилга балгасуудыг нэрлэвэл эмнэлэг, сургуулийн барилгууд хамгийн эхэнд нэрлэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Энд хөрөнгө мөнгөний асуудал дээр нь гишүүд дуу нэгтэй байж, иргэдийнхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусад улсын жишигт хүргэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хандаарай. Сайдын томилгоон дээр анхаарсан шигээ дэмжээрэй.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /