Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байжээ. Харин Мэргэжлийн Засгийн газарт 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Хэмнэнэ гэдэг нь энгийнээр бол төрд ажиллаж байсан 109 хүн ажилгүй болно гэсэн үг.
Мэргэжлийн Засгийн газар хэмнэлт хийх зүй ёсны шаардлагатай. Учир нь улсын төсөв алдагдал их ужиг өвчинд нэрвэгдэж, хэзээ салах нь тодорхойгүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн алдагдал нэг их наяд 123.9 тэрбум төгрөгт хүрчээ. Төлөвлөсөн хэмжээнээс аль хэдийнэ давж, их наядаар тоологдох алдагдалд хүрсний гол шалтгаан нь зарлага 15.4 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албан баримтаас харж болно. Тиймээс л Ж.Эрдэнэбатын Засгийн газар “хэмнэлт, хэмнэлт бас дахин хэмнэлт” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Энэ хэмнэлт 109 хүнийг гудамжинд гарахаас эхэлж байгаа нь тэр иргэний, гэр бүлийн хувьд том асуудал. Гэвч төр гэх том хүрээнээс харвал зүй ёсны шаардлага. Төрийн данхар бүтэц, давхардлыг арилгаж байж хэмнэлтийг эхлүүлнэ.
МАН-ынхан зөвлөх, дэд дарга, орлогч гэх албатнуудыг ажиллуулахгүй гэв. Ингэхдээ 100-аас бага ажилтантай агентлагт дэдийн даргын шаардлага байхгүй гэж үзэв. Угаас 100 ямаанд 60 ухнын хэрэг байхгүй. Мөн агентлагийн газар, хэлтэс, тасаг, алба гэсэн олон шат дамжлагийг цөөрүүлж, төрийг цомхон болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Бас хэзээнээс хэрэггүй байсан агентлагийн даргын зөвлөх гэх албан тушаалтныг авч хаяхаар болов. Дээр нь агентлагийн дарга нар том хар жийпнээс татгалзах ёстой. Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн энэ ажлыг даацтайхан үргэлжлүүлж, төрийн байгууллагуудын үүдийг олон жийпнээс чөлөөлөх нь яах аргагүй том хэмнэлт болно. Хотын дарга асан Э.Бат-Үүл дөрвөн жил ажил, амьдралаа бидний л адил приус машинаар залгуулсан. Ингэж үлгэр жишээ үзүүлснээр түүнд муудсан зүйл, унасан нэр хүнд байхгүй.
МАН-ын Засгийн газар хэмнэлтийг цааш дэд сайд гэх албан тушаалтангүйгээр үргэлжлүүлбэл бүр гоё харагдана. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдын асуудал яригдсангүй. Гэвч МАН-ын багачууд дэд сайдын суудалд санаархаж эхэлснээс харвал дэд сайдын албан тушаалыг эргэн бий болгох бололтой. 13 яаманд дэд сайд томилбол 109 төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, хэмнэлт хийсний үр дүн гарахгүй. Яаманд сайд, Төрийн нарийн бичгийн дарга ажиллаж байхад дэд сайд гэх суудлын бөглөөс, албан тушаалын сэтэр огтоос хэрэггүй. Өмнөх Засгийн газрын үед дэд сайдгүй ажиллаж болсон, одоо ч болно. Цүнх барьж гүйж байсан залуус дэд сайд боллоо гээд гайхамшгийг бүтээж, биднийг хямралаас гарахгүй. Зөвхөн илүү зардалд л нэмэр болно.
Монголд тоочоод байвал толгойны өвчин олон бий. Тэдгээрээс хамгийн хүнд өвчлөл нь төсвийн алдагдал, гадаад өр. Хятад шиг нэг л өдөр 38 тэрбум төгрөгийн өрийг чинь бүрэн тэглэлээ гэж баярлуулдаггүй юм бол 2017 онд манай улс дөрвөн тэрбум ам.долларын өрийг гадагшаа төлөх ёстой. Харин энэ өрийг алдагдалтай төсвийнхөө хаанаас төлөхийг тааж хэлэхэд ч хэцүү. Дээр нь хүүхдийн 20 мянган төгрөг, өмнөх Засгийн газрын үлдээсэн хувьцааны 100 мянган төгрөг гээд төрд өглөг олон бий. Энэ бүхнийг хэрхэн зохицуулахыг Засгийн газар ярьсангүй. Зөвхөн төрийн бүтэц, зохион байгуулалтаас хэмнэлт хийхээр анхны алхмаа хийлээ. Харин энэ алхам төрийн албан хаагчдыг халж, сэлгэсэн бужигнаан төдийхөн болж өнгөрөхгүй байх нь чухал.
В.Хэрлэн