Ялахын бахдал, мансууралын цаана эхний зовлон бол хэдэн сайдын суудлаа хуваарилах байлаа гэж болно. Уг нь сайдын цалин нь бага гадаадын нэг баян төслийн орчуулагчийн цалинд ч хүрэхгүй. Гэхдээ л 15 сайд дээр ил далд их үзлээ. Үнэхээр хийж чадах мэргэшсэн кандитад ч байсан, аргагүй бодохгүй бол болохгүй бол мөнгө эргэлдсэн шивнээ их байж.
Төрийн албыг төрлийн албанаас бага ч болов салгалаа гэхэд намын саалийн зэлнээс гаргаж холдуулна гэдэг бэрх болохыг өчигдрийн яамдын оноолт сайдуудын томилгоо ерөнхийд нь харууллаа. Намууд ариун замаар явья гэж хичээвч санхүүжилт нь хариу бариутай олддог болохоор болдоггүй бололтой. “...Сайдын суудлуудыг компаниудын дуудлага худалдаанд оруулчихлаа. Мэргэжлийн бизнесийн Засгийн газар боллоо. Тэнгэр хүртэл харамсаад бороогоор уйллаа...” гээд твиттерчид хатуухан жиргэв. Сошиал бас заримдаа үнэн хорон чимхэх юм .
Гэхдээ яахав шинэ засгийн бүтцийг нь нарийн харвал давхардсан нүсэр бүтцийг задлах гэсэн ариун зорилго бас харагдаж байна лээ. Харамсах юм бол хүний эрхийг хангахад том алхаа нэмсэн хохирогч гэрчийг хамгаалах зорилготой Цагдаа шүүхэд таллагдан очих Тахарын алба үндсэндээ дурсамж болох замдаа оров. Одоо бүгдээрээ хуучин зовлонг хурааж тэврээд улс орноо авч явах үүрэг хүлээсэн шинэ Засгийн газрын гар дээр тавьж амжилт ерөөцгөөх үлдлээ.
Хагасхан жил өнгөрч байхад цалин төсвийн алдагдал талийж өгсөн ба 1.1 их наяд гарсан мэдээ байна. Төсвийн нийт тэнцэл гэдэг 1.123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч төлөвлөсөн дүнтэйгээ харьцуулбал 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яам зурайтал тайлагнажээ.
Бондын өрнүүд сонгуулиар цайрчихаагүй тул төлөгдөж байгаа. Хувьцааны мөнгө гэж сонгуулийн амлалт үлдэгдэлтэй нэхэгдэж байгаа. Хүүхдийн мөнгө тасарсан гэж байна. Эх үүсвэргүй болсон уу, бүү мэд. Энэ мөнгийг асуудалгүй өгнө гэж бүлтрээд байсан экс сайд нь чуулганд ороод ирсэн, хариулах байх. Зэсийн үнэ зах зээл дээр жоохон өсөх маягтай мэдээ байвч өнөөх Эрдэнэт маань яаж юу болж хувьчлагдаад хэнд оччихсон юм. Тийм ч тодорхойгүй... Ингээд эхлэхээр шинэ засгийн газрын өвлөж авах хуучин зовлон зөндөө.
Энэ бүхэнтэй хүссэн хүсээгүй гүйцэтгэх засаг зууралдана. Гэхдээ төрийн ажлын уялдаа холбоогүй байдал, тогтолцооны гажгийг үндсээр нь засах, төсвийн шинэчлэлийг хийх гээд суурь засалтай, өргөн хараатай ажлаа эхлүүлэхийг л олон нийт Засгийн газраас хүсч байгаа.
Тоочвол зөндөө хүлээлт салбар салбарт байна. Энд сонгуулийн өмнө гэнэт ар араасаа өндөглөсөн олон “сайн” хөтөлбөрийг түр алгасаад 4 жилдээ бодлого болоод явж байснаас нь харья. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс царцаасан олон барилга обьектийн ихэнх нь эмнэлэг сургуулийн барилгууд. Төсвийг нь нэмээд цохиод байдаг. Баригдаж дуусдаггүй ийм барилгуудын нүсэр жагсаалт гарч байсан. Бараг бүгдийг нь царцаасан. Засгийн газар нь солигдсон. Энэ балгасуудыг яах вэ. Барилгын шинэ сайд Г.Өнөрболорт энэ асуулт хаяглагдах байх.
Сүр дуулиантай батлагдсан ч сонгуулийн дүнгээр барьцаалагдсан хамтын тэтгэврийн хууль яах бол гэсэн өндөр настнуудын хүлээлтэд Номтойбаяр сайд нэг хариулт өгөх болж байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тэнхээ, эх үүсвэр үнэхээр байна уу гэдгийг өргөдөл хүсэлтээ банкинд өгөөд түгжүүлсэн иргэд Монгол банкны шинэхэн ерөнхийлөгч Н.Баяртсайханаас шалгааж дээ.
Хуучин засгийн боловсролын салбарт эхлүүлсэн бараг жигдэрсэн яваа шинэчлэлийг нь одоо яах бол. Дахиад өөр барууны боловсролыг дуурайж бяцхан үрс, хэдэн багш нараа стрессдүүлэх үү. Ж.Батсуурь сайд хариулна.
Олон зам, дэд бүтэц бүтээн байгуулалт концессийн гэрээгээр тавигдахаар үзэглэгдсэн. Үргэлжлэх юм уу, яах юм бол. Хятадаас авсан баахан ТЗ-ын зам засварын зүтгүүр толгой зэврээд хэвтэж байгаа гэж зурагтаар гарч байсан. Хэдэн тэрбумаар яригдах энэ мэт төсөл алдагдлын тухай асуулт МТЗ-ын гүйцэтгэх захирал байсан Д.Ганбат сайдад хаяглагдана.
Элэгний эм ороод ирсэн нийтийн хүртээл болж байгаа юм байна уу. Хямдрах бололцоогүй юу гээд “С” вирус нь шинжилгээгээр тогтоогдсон иргэд Эрүүл мэндийн сайд Ц.Цолмонгоос асуухаар сууж байгаа. Шинээр мөрдөгдөх ЭМД-ийн хууль нь амьдралд буух суурь тооцоо, арга механизм нь хангагдсан юм уу гээд араас нь энэ сайдаас асуух зүйл зөндөө хөвөрнө.
Шинэ засаг шийдэх хүлээлттэй хуучин зовлон дэндүү их байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/