Сонгуулийн ялалтандаа хөөрцөглөсөн МАН-ынхан “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна гээд ам алдчихав. Өчигдөр сайд нарыг тодруулсан байдлаас нь харвал “Ах” намынхан 20 хоногийн өмнө баяр хөөрөндөө бялуурч байхдаа зүгээр л ам алдчихаж.
АН-ынхан Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газар байгуулсан учраас МАН-ынхан ч дутахгүй хэмээн тодотгол хайж олсон нь, “Мэргэжлийн” гэх. Гэвч харамсалтай нь “Мэргэжлийн” гэж тодотгосон Засгийн газарт нь ажиллах сайд нар нь мэргэжлийн бусчууд.
МАН-ын сонголтоор бол:
Энэ сонголт дунд хуруугаар өлгөөд авчих, нөгөө “Мэргэжлийн” гэсэн тодорхойлолтод нийцэх сайд тун цөөн байна. Тэр цөөнхийн нэг нь У.Хүрэлсүх. Түүнийг Шадар сайдаар томилоход гоочлох хүн олон гарахгүй. Учир нь түүнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаас эхлээд Шадар сайдаар ажиллаж байсан туршлага бий. Ямар ч байсан Шадар сайд ямар асуудал эрхлэх, хэрхэн ажиллах талаарх мэдлэг, мэдээлэл түүнд байгаа. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах Ж.Мөнхбатад улс төрийн намын гал тогоо, гүйцэтгэх засаглалын гал тогоо хоёр огт өөр гэдгийг хэн нэгэн хэлж өгсөн биз. Улс төрийг яруу найраг шиг сэтгэлийн хөөрлөөр хийж болох ч улсын нэрийн өмнөөс гарах шийдэл, шийдвэрт ул суурьтай хандах ёстойг тэр бас гадарлах байлгүй.
“Мэргэжлийн” гэж харагдах өөр нэг томилгоо нь Зам, тээврийн сайдад яригдаж буй Д.Ганбат. МТЗ компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй түүнийг ядаж салбарт нь удирдах алба хашиж буй хүн гэдэг үүднээс мэргэжлийн багт багтааж болно. Мөн Эрчим хүчний сайдаар ажиллах Ц.Цэнгэл. Түүнд дэд бүтэц, эрчим хүчний салбарт ажилласан туршлага бий. Сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэхчлэнгээр удирдах албыг ч хашиж байсан.
Байж болох хүмүүсийн тоонд Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар томилогдох Д.Оюунхоролыг оруулж болно. Өмнө нь энэ салбарыг удирдаж байсан түүнийг бууриа эргэсэн гэж харж буй. Гэхдээ өнгөрсөнд хэрхэн ажилласан, өдгөө яаж ажиллахад нь салбарынхан илүү бодит үнэлгээг өгнө.
Харин бусад сайдын томилгоо үнэхээр эргэлзээ төрүүлж байна. “Мэргэжлийн” бус “Хандивлагчдын” Засгийн газар гэж нэрлэж болохоор дүр зураг харагдаж буй. Томоохон групп, компаниудын удирдлагуудыг Засгийн газарт оруулж ирсэн нь МАН өрөө төлж байгаа бололтой. Сонгуулийн өмнөх 60 тэрбумын сенсааци оргүй хоосон үг биш аж.
Тоон дотор үсэг шиг цохиж яваа хүмүүсийн нэг нь Сангийн сайд болох Б.Чойжилсүрэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, өр ширний өчнөөн асуудалтай энэ үед улсын санг бариулахаар ийм сонголт хийсэн МАН-ынхан гайхаш төрүүлэм. Юуг, яаж хийнэ дээ хэмээн өмнөөс нь зовмоор сонголт гэдгийг олон нийт шүүмжлээд эхэлсэн. Түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байсан бол илүү дөнгүүр байх байлаа. Ядаж л түүнд эдийн засаг, санхүүгийн хангалттай мэдлэг, мэдээлэл байгаа, “Мэргэжлийн” гэх тодотголд нь нийцэх хүн гэсэн үг.
Андуурч, эндүүрэв үү гэмээр өөр сонголтууд нь Ц.Анандбазар, Г.Өнөрболор гэх бизнесменүүд. “Сод монгол”, “Сөүл” группүүд МАН-д ихээхэн хаялгатай бололтой. Бизнесменүүд УИХ-ын гишүүн болж, төрд орж л байдаг. Гэхдээ Засгийн газар тэр дундаа “Мэргэжлийн” гэж тодотгосон засагт энэ хүмүүсийн хэрэг үнэндээ алга. Нийгэм, эдийн засгийн чухал салбарууд болох барилга хот байгуулалт, хөдөө, аж ахуй, үйлдвэрлэлийн яамдад ийм ч сонголт хийсэн нь гаргуунд нь гаргаж, хөсөр хаясантай ялгаа алга.
МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол яамандаа Н.Номтойбаярыг аваачиж тавих нь. Баян айлын хүүхэд нийгмийн халамж, хамгааллыг мэдэх болов уу. Тэрбээр өмнө нь Нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажиллаж байсан. Гэхдээ тэр салбарынхнаас сайн үнэлгээ аваагүйг олон нийт мэднэ. Эргэж ирэхдээ тэр эерэгээр өөрчлөгдсөн байгаасай. Харин түүний оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад “төмөр хатагтай” Т.Ганди байсан бол зөв сонголт ч юм билүү.
МАН-ын “дажгүй” залуусын нэг С.Бямбацогт Хуульзүйн сайдаар томилогдох гэнэ. Улс төрийн хүрээнд өсч дэвжиж байгаа хэмээн тоогдох залуусын нэг бол С.Бямбацогт мөн. Гэхдээ тэр хуульзүйн салбарыг удирдах хэмжээнд хүртэл бүрэн боловсроогүй. Харин түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАН-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Мөрөн нарын нэг байсан бол “давай” л байлаа. Тэдэнд хуульзүйн салбарт хийх зүйл бий гэдэгт эргэлзэхгүй.
Монголын батлан хамгаалах салбарыг том биетэй хүн удирдах ёстой хэмээн Б.Бат-Эрдэнийг сайдаар сонгожээ. Мөн Эрүүл сайдад Ж.Цолмонгоос өөр сонголт байхгүй МАН-д эмгэнэл илэрхийлье.
В.Хэрлэн