Их Монгол Улсын 2220, Ардын хувьсгалын 95 жилийн ойгоо тэмдэгдлэж, Ази, Европын Дээд түвшний 11 дэх уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж явууллаа. Хотлоороо дэлгэр сайхан наадамласны дараа анх удаа олон улсын арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн 51 орны 4000 гаруй зочид төлөөлөгчдийг Улаанбаатарын дээвэр дор нэгтгэн чуулуулсан түүхэн үйл явдал Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд байлгав.
Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцар, Индонези, Энэтхэгийн төрийн тэргүүн нар, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Япон, Люксембург, Нидерланд, Сингапур, Словени, Казахстан, Камбож, Бангладеш, Вьетнам зэрэг 40 орчим орны Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд олон улсын хоёр байгууллагын Ерөнхийлөгч нар манай улсад саатлаа. Тэднийг дагалдсан төлөөлөгчид дотроос 700 гаруй нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байв.
Дэлхий манай руу хараагаа бэлчээсэн энэ өдрүүдэд интернэт ертөнцөөр 1.5 тэрбум хүнд Монголын талаар мэдээлэл хүрчээ. Жирийн өдрүүдэд гадаадын уншигчид Монголын байгаль, түүхтэй холбоотой мэдээллийг уншдаг байсан бол өнөөдөр улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийг илүүтэй сонирхсон байна.
Дээд түвшний уулзалт болсон өдрүүдэд Францад террорист халдлага, Туркт цэргийн эргэлт гарсан. Уулзалтад оролцсон гадаад орны төр, засгийн тэргүүнүүд терроризмын эсрэг хүчээ нэгтгэн тэмцэхээ мэдэгдэж байлаа.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас “АСЕМ нь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжил болон баталгаатай амьжиргааны түвшинд хүрэхийг зорьж буй ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэлийг биелүүлэхийн тулд түншлэлийнхээ гол гурван тулгуураа тэнцвэртэй хөгжүүлж бэхжүүлнэ. АСЕМ нь Ази-Европын олон талт, хүн төвт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан АСЕМ-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, ард түмнийхээ тогтвортой, гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгож, өнөөгийн хийгээд хойч үеийнхэндээ амар тайван амьдрал, хөгжил цэцэглэлтийг хангах үүднээс Ази, Европын хоорондын уялдаа холбоо, харилцан ашигтай түншлэл болон хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран зүтгэх улс төрийн хүсэл зориг дүүрэн, шийдвэр төгс байгаагаа дахин илэрхийлж байна.” гэдгээ Улаанбаатарын тунхаглалдаа дурджээ.
Монгол Улсын нэр хүнд олон улсад ийн өсөхтэй зэрэгцэн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал наашилж, эдийн засгийг сэргээх ач холбогдолтой билээ. АСЕМ-ын өдрүүдэд гадаадын улсын төр, засгийн тэргүүнүүд манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, зарим нь бодит үр дүнгээ өгсөн. Жишээлэхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Ли Көцяй уулзалтын үеэр Монгол Улсын хугацаа хэтэрсэн 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэлээ. Үүнд 1958, 1968 онуудад авсан зээлийн өрийн үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авсан зээлийн үндсэн төлбөр багтаж байна. Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулахад өмнөд хөрш 350 сая юанын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа. Итали Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн бол Польш улс ЭСЯ-аа сэргээн нээхээ илэрхийлээд байна. Сингапур, Мальта улс руу визгүй зорчихоор боллоо.
АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг одоогоор 8-10 сая ам.доллар хэмээн тоймлоод байгаа. АСЕМ-ыг амжилттай зохиосноор улс орныхоо нэр хүндийг дэлхийн түвшинд өргөөд зогсохгүй энэ бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэж, дараа дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь болж буй нь мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй ач холбогдолтой болохыг сайд Л.Пүрэвсүрэн онцолсон билээ.
Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Би өнгөрсөн 10 удаагийн уулзалтад бүгдэд нь оролцсон. Тиймээс надад харьцуулан дүгнэн хэлэх туршлага байгаа. Монгол Улс маш сайн зохион байгуулсан. Монгол Улсын нэр хүнд дээшилсэн гэдгийг хэлмээр байна. Монголыг аугаа уудам нутагтай гэж боддог байсан. Монгол аугаа ард түмэн гэдгийг сая харлаа” хэмээсэн дүгнэлт АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт хэр амжилттай болсныг тодорхойлох биз.
АСЕМ-ын өдрүүдэд Монголын тэнгэр ч үүлгүй цэлмэг байлаа, Монголын хөгжлийн зам ч цэлмэг байг ээ.
Н.Энх