Дэлхий Монголоор амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд Монголын талаар мэдээлэл интернэт ертөнцөөр 1.5 тэрбум хүнд хүрчээ. Жирийн өдрүүдэд гадаадын уншигчид Монголын байгаль, түүхтэй холбоотой мэдээллийг уншдаг байсан бол өнөөдөр улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийг илүүтэй сонирхсон байна.
Ази, Европын Дээд түвшний 11 дэх уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийнэ. Улаанбаатар зохиогдож буй Дээд түвшний уулзалтад 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын тэргүүн, 16 орны Гадаад хэргийн сайд, хоёр олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байгаа билээ.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаар өнгөрсөн 20 жилээ дүгнэж, ирээдүйн 10 жилийн хөгжлийн ирээдүйгээ тодорхойллоо. Гадаадын төр, засгийн тэргүүнүүд зөвхөн Дээд хэмжээний уулзалтад оролцоод зогсохгүй манай улстай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий ганцаарчилсан уулзалт хийсээр байна. Энэ хэрээр зохион байгуулагч орон манай улсын хувьд АСЕМ үр дүнгээ өгсөөр байна.
38 тэрбум төгрөгийн өрийг тэглэв
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Ли Көцян Монгол Улсад айлчилж, мөн АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад оролцож байна.
Энэ үеэр хэд, хэдэн чухал асуудал шийдвэрлэгдсэний нэг нь Монгол Улсын хугацаа хэтэрсэн 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн нь онцлох үйл явдал болоод байна. Үүнд 1958, 1968 онуудад авсан зээлийн өрийн үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авсан зээлийн үндсэн төлбөр багтаж байна. Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулахад өмнөд хөрш 350 сая юанын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа. Тус улсын хувьд өмнө нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулахад 30 сая ам.долларыг буцалтгүй тусламжийг мөн үзүүлсэн юм.
Монгол-Оросын хамтран ажиллах боломжууд
ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ганцаарчилсан уулзалт хийх үеэр хоёр улс "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв. Мөн Засгийн газрын тэргүүн нар Монгол-Оросын харилцан ашигтай, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Итали ЭСЯ-аа нээв
Монгол Улсад Итали улсын Элчин сайдын яам өчигдрөөс үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони онцлох арга хэмжээг нээсэн юм.
Мальта, Сингапур руу визгүй зорчино
Монгол Улс Бүгд найрамдах Мальта улсын хооронд иргэд нь харилцан визгүй зорчих болсон. Үүнд дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих эрх эдлэх болж байгаа юм. Мөн Сингапур улс руу Монгол Улсын дипломат болон албан паспорттой иргэд зорчих бол 30 хоног визгүй зорчих болж, нөхцөл хөнгөлөгдлөө.
Монголоос мах импортлохыг хүсэв
Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилж байгаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтойгоо илэрхийлсэн бол Монголоос хөлдөөж боловсруулсан мах импортлох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахдаа илэрхийлсэн билээ. Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах хүрээнд арьс ширийг гүн боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах санал ч тавиад байна.
Япон жишиг сургууль барих санал тавив
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай Засгийн газрын тэргүүнд Ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдлээ. Японы улсын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд баригдсаныг бид андахгүй билээ.
Словени туршлагаасаа хуваалцана
Словени Улсын Ерөнхий сайд ноён Миро Церар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.
Казахстан 200 мянган ам.доллартай тэнцэх хандив өгнө
Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө мэдэгдсэн.
Польш ЭСЯ-аа Улаанбаатарт сэргээн нээнэ
Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ .Польшийн тал ойрын ирээдүйд Элчин сайдын яамаа Улаанбаатарт сэргээн нээхээр болсноо уламжлав.
Ийнхүү АСЕМ зохион байгуулагч орны хувьд Монголтой хамтран ажиллах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулалтын урсгал ч эргэн үргэлжлэх төлөвтэй.
Н.Энхбат
Уншиж байна |