Зам тээврийн сайдад инженер, Эрүүл мэнд спортын сайдад эмч, Байгаль орчинд биологч. Соёл урлагийн сайдад нэг дуучин гишүүнээ тавьчихья. Тухайлбал, бие даагаад бэлэн ороод ирснээр нь С.Жавхлан гишүүнээ залчихья.
Ингээд гүйцээ. Мэргэжлийн засгийн газар байгуулчихлаа. Шинэ засаг төр эмхлэгдэх хүлээлтэд мэргэжлийн гэдэг малгай өмсөөд шуугих боллоо. Үүнийг туйлшруулбал дээр өгүүлснээр их энгийн бас тун мугуйд байдалд хүргэнэ. Урьдын гашуун жишээ ч бий. Эрүүл мэндийн сайдаар нэгэн үе эмч байсан анагаахад ойр төгссөн гээд Л.Гүндалай гэдэг намд дагаар орсон гишүүнийг тавьж байлаа. Үнэн хэрэгтээ бол засаг унагаахад хуруу нэмж кноп дарсан гээд шагнасан хэрэг л дээ. Хожим дуулах нь ээ өнөөх нь ёстой мэргэжлийн самарч өгсөн байдаг. Мань эр сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт ойрын компаниа шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан шуугианыг дараа нь дэгдээж байв. Гадны тусламжаар авсан түргэний хэдэн машинаа буцаагаад эмнэлэг яамдад шахсан гэж хардагдсан. Улс төрийн золиосоор олноо ил болсон нь Л.Гүндалай болохоос далд байдлаар их самарсан мэргэжлийн угшилтай сайд зөндөө л байсаан.
Ер нь бол мэргэжлийн сайд гэдгийг дипломтой гэхээс илүүтэй салбараа сайн мэддэг гэдгээр нь авч үзэж ярьж тайлбарлаж болохоор. Гадныханд хэлэлгүй энүүхэндээ шивнэхэд мэргэжлийн сайдууд гэдэг босгыг бид давхар дээлнээс дан дээлд дамжих гэхдээ их ярих болсон.
Хоёр нам хамтарч төр барихад дан дээлтэй гараад даарсан ганцаардсан сайдууд олон байсан. Түрүүчийн засгийн үед Н.Удвал сайд мөн дан дээлтэй цоорч ЭМ-ийн сайд хийж дэд сайддаа хүртэл хамраа сөргүүлж их бухимддаг байсан.
Одоо бол өөр. Ялсан намын сүр хүч нь яах аргагүй өөрийн засгийг дангаар байгуулахад илэрдэг. МАН дангаараа засгаа мэдэж дураараа ч дургиж болно. Туйлбартай ч хийж бүтээж ч болно. Мэргэжлийн гэх малгайн дор салбараа мэддэг төрийн сайд хийх ёс зүйтэй шударга тулхтай байх гэсэн гол шалгуур бүдгэрэх учиргүй. Энэ өдрүүдэд боловсон хүчний нөөц чадавхаараа АН-аа бүүрэлхдэг МАН-ынхан засгаа яаж бүрдүүлэхийг олон нийт сонжин харж байна.
Одоогоор яригдаж буй хувилбар нэгээр бол 11 яамтай байх бололтой. Сайдууд нь бараг тодорчээ. Ч.Сайханбилэгийн урилгаар хамтын засагт сайд байсан У.Хүрэлсүх, Н.Төмөрхүү нар нэхэн томилогдож юу хийх байснаа харуулах бололтой. Мөн ялсан намын сайдын шигшээд хуучны туршлагатай, ёс зүйтэй улстөрчдийн тоонд нэрлэгдэх Т.Ганди, Т.Очирхүү зэрэг эрхмүүдийг сайдад нэр дэвшүүлсэн байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад яригдаж буй Т.Ганди нь УИХ-д дөрвөн удаа, сонгогдож, сайдаар хоёр удаа томилогдож ажилласан туршлагатай улстөрч. Хаана ямар ч ажил хийгээд явах чадвартай нэгэн. Н.Төмөрхүү бол МАН-ын залуу үеийнхэнд өөрийн байр суурьтай. Барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хамтарсан засгийн газарт сайд хийж гараагаа тавьсан.
Сайдын суудал бэлэг шагнал биш төрийн их үүрэг итгэл байх үндсэн зарчим энэ төрийн өнгөнд эргэн сэргэнэ гэж найдья. МАН-ын эмхлүүлэх шинэ засагт мэргэжлийн гэдэг шаардлагыг салбараа мэддэг ёс зүйтэй гэдэг хэмжүүр илүү өргөөд өгөөсэй гэж хэлэх байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/