Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатарыг ирэх жилүүдэд хөгжүүлэн цэцэглүүлэх эрх бас үүрэг МАН-д оногдлоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан баг Улаанбаатар хотын өнгө жавхаа, сүрийг нэмэн хөгжүүлснийг хэн ч үгүйсгэхгүй.
Улаанбаатар нийслэл хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, ногоон хөгжил төдийгүй нэрэмжит өдөрлөгүүдийг ч санаачлан өрнүүлсэн. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын автозамын уулзвар, гэрлэн дохиог шинэчилж, автозамуудыг шинээр болон өртгөтөн засварлаж, явган хүний зам тавьсан. Чингис бондын төслөөр Богд уулын хойгуур шинээр автозам тавьж, Баянзүрхчүүд “Амгалан” ДЦС-тай болж, халаалт дулаан алдагдах асуудалгүй боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн зарим иргэд тохилог дулаан орон сууцанд амьдарч байна. ТОСК-ийн барьсан “Буянт-Ухаа I. II” хорооллын орон сууцыг иргэд хямд үнээр худалдан авч, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авч, хамрагдлаа. Нэг наст цэцэгт 5 тэрбум төгрөг төлөвлөсөн гэж шүүмжлэлд өртсөн хэдий ч зуны дэлгэр цагт Улаанбаатар хот өнгө алагласан цэцэгсийн хүрээлэн байсныг үгүйсгэхгүй.
Цаашлаад олон нийтийг хамруулсан “Улаанбаатарын өдөр”-ыг зохион байгуулж, зуны дэлгэр цагт Хүй 7 худагт соёл урлагийн арга хэмээг тогтмол явуулж ирсэн. Энэчлэн өнгөрсөн дөрвөн жилд Э.Бат-Үүлийн тэргүүлсэн баг хэлэх үгтэй, хийсэн ажилтайгаар дараагийн НИТХ-ын багт нийслэлийг хүлээлгэн өгч байна. Мэдээж нийслэлийн АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бүрэн биелээгүй. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр шалгасан барилгын компаниуд ажлаа гүйцэтгэлгүй, дутуу орхисноос нийслэлчүүдийг бухимдуулсан.
Энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуулиар Улаанбаатар хотод нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгаар ахлуулсан баг олонхийн суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Нийслэлийн МАН “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байгаа. “Аз жаргалтай хот” гэдгийг иргэд нь айх аюулгүй, амьдрах орчин нь агаар, хөрсний бохирдолгүй, гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр хотоор л иргэд төсөөлж байгаа.
Гэхдээ Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт аль ч намын үед тулгамдсан асуудал хэвээр байдаг. Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөхдөө газар өмчлөгч, гүйцэтгэх компани хоёрыг үнэ ханшаа тохиролц гээд орхисон. Харамсалтай нь нэг хашаанд өрхийн тэргүүнээс гадна үр хүүхэд, хүргэн бэр, ач зээ гээд 2-3 өрх амьдардаг. Гэтэл өрхийн тэргүүн оногдсон ганц орон сууцандаа өөрөө амьдрах уу үр хүүхдүүддээ хувааж өгөх үү гэх асуудал үүссэнээс газар өмчлөгч, барилгын компанийн хооронд үл ойлголцол үүссэн. Харин Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг цэгцэлж “Өрх бүрт 1 байр” уриа дэвшүүлжээ. Харин тухайн хаяг дээр бүртгэлтэй, гэрийн эздээс өрх тусгаарлан гарсан үр хүүхдүүд нь байх ёстой юм билээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл дараагийн НИТХ-д ажлаа хүлээлгэж өгөхдөө “өмнөх Иргэдийн хурлынхаа хэрэгжүүлсэн сайн бодлогыг уламжлал болгон авч явах хэрэгтэй. Тухайлбал, бид “Сайн хашаа” хөтөлбөрийг дэвшүүлж гэр хорооллын иргэдийг тохь тухтай амьдрахад анхаарч ирсэн. Энэ нь гэр хорооллын иргэдийн төдийгүй Улаанбаатар хотын хөгжилд ч хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
Харин “Сонгогчид мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хардаг юм байна. Тиймээс НИТХ-ын сонгуульд нийслэлийн МАН дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ” гэдгээ нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй амласан.
Нөгөөтэйгүүр ялсан МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн Засаг даргаар олон жил ажилласан, хотын тулгамдсан асуудлыг ширхэг бүрчлэн мэдэх эрхэм. Тиймээс нийслэлийг удирдах шинэ багийнхныг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд чиглэл өгч ажиллах биз.
“Аз жаргалтай Улаанбаатар”-ын төлөө нийслэлчүүд бид МАН-ыг НИТХ-д олонх болгосон. Тиймээс ирэх жилүүдэд нийслэлийн шинэ удирдлагууд хотоо хэрхэн хөгжүүлж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг харах үлдлээ.
Н.Энхлэн