УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн нарын гишүүд Төрийн ордонд архидан согтуурчээ. Хүний ёсноос гажуудыг хийж, яриагүй ч ажлын байрандаа тэр дундаа Төрийн ордонд ийм байдалтай байх ёстой газар нь биш. Бас архи, тамхийг “үзэн ядагч” өөрөө ийм үйлдэл хийсэн нь нийгмийн нэг хэсгийн дургуйцлийг төрүүлж, багагүй муу үг сонсов. Аргагүй ээ, бүлгийн даргадаа албан бичиг илгээж, Төрийн ордон дахь өрөө чинь тамхины цэг боллоо хэмээн том дуугарсан хүн өөрөө ийм үйлдэл хийсэн нь олонд таалагдахгүй.
Нөгөө талаар бичлэгийг олон нийтэд цацаж, 50 сая төгрөгийг нь буцааж өгнө хэмээн хийрхсэн Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар ч магтаалын үг сонсох эрхгүй. Л.Эрдэнэчимэг ёсзүйгүй байсан бол Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар жудаггүй байлаа. Өөрсдийгөө ямархан шантаажид болохоо хэвлэлийн хурал хийж зарласан нь үнэндээ өрөвдөлтэй харагдав. Эхлээд Л.Эрдэнэчимэг гишүүн рүү ярьж, бичлэг байгааг хэлсэн, үзүүлсэн, тэгээд 50 сая төгрөг шилжүүлсэн гэхчлэнгээр түүнийг хэрхэн шантаажилж, хэдэн төгрөг салгахыг хүссэн аргаа үе шаттайгаар нь хэвлэлийнхний өмнө тайлбарласан нь тэднийг шударга өрсөлдөгчид бус жудаггүй эр болгон харагдуулав. Магадгүй тэдэнд 50 сая төгрөг багадсан биз. 100 саяыг авахыг шаардсан хүслээс нь Л.Эрдэнэчимэг татгалзсан учраас олонд дэлгэсэн. Эсвэл Л.Эрдэнэчимэгийн өрсөлдөгч 50 саяас илүүг амалсан гэхчлэнгээр мань хоёрын мөнгөний шуналын талаар олон гаргалгааг сошиал ертөнцөд нэрлэсэн байх юм.
Л.Эрдэнэчимэгийн хэлж байгаагаар Х.Бат-Ялалт түүнээс зээлсэн 50 сая төгрөгөөрөө шоу хийж яваа бол үнэхээр адгийн гэж хэлэхээс өөр яах билээ. Мөн Т.Алтаншагай нэг тойрогт нэр дэвшиж буй өрсөлдөгчөө ийм аргаар унагаана гэж бодсон бол үнэхээр өрөвдөлтэй, өөрийгөө доромжилсон тактик байв. Ямартай ч мань хоёрын өөрсдийгөө 50 саяд тордоггүй эрчүүд болгон харагдуулах гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Харин ч монгол эрчүүдийн тооноос хасагдаж, жудаггүй, ёсзүйгүй, шуналтай, хөгийн шантаажид болон хогийн намагт шигдчихлээ. УИХ-ын гишүүн болох гэсэн мөрөөдөл нь ч талаар болов бололтой.
Хорь гаруйхан секундын бичлэг, хоёр эрийн үйлдэл бид ямар хүмүүсийн дунд амьдарч, ямар нийгэм байгааг харууллаа. Өөрөөсөө өөр хэнд ч итгэж болохгүй нь гэсэн бодлыг хүн бүрт төрүүлэв. Архи ууж, наргиж цэнгэхдээ ч хүнээ олох ёстойг, анх нөхөр гэж бодсон хүндээ ч итгэж болохгүйг бэлээхэн хэлээд өглөө. Бусдын алдаа, буруу үйлдэл дээр дөрөөлж, нэр нүүр, мөнгө төгрөг олохыг хүссэн хүний үнэргүй шантаажид эргэн тойронд маань дүүрэн байдгийг ч харлаа. Бас өнөөгийн монгол эрчүүдэд гүндүүгүй, жудагтай гэх мэт тодорхойлолт огт зохихгүйг бид мэдэж авлаа. Мөнгө, нэр нүүрний төлөө юугаа ч худалдахад бэлэн хүмүүсээр дүүрсэн нийгэмд зөвхөн өөртөө итгэх нь өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга. Нохойноос бус хүнээс ай. Хана хүртэл чихтэй болсон гэх мэт үгс оргүй хоосон хийрхэл биш аж.
В.Хэрлэн