Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй Ц.Оюунгэрэл сурталчилгааны нээлтийн үгээ хэлэхдээ “Бид ажил хийхээр ирлээ” хэмээсэн гэнэ. Дөрвөн жилийн турш парламентын танхимд сууж, одоо ч УИХ-ын гишүүн нэртэй байгаа хүн ийм үг хэлж болох уу. Өнгөрсөн жилүүдэд юу ч хийгээгүй хүн үү?! Нэр дэвшихээрээ гэнэт ухаан орсон мэт одоо л ажиллана, хийнэ, бүтээнэ гэж ярих нь хэнд хэрэгтэй юм бэ.
УИХ-ын гишүүдээс Ё.Отгонбаяр, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, Р.Амаржаргал, Ж.Батсуурь нар нэр дэвшээгүй. Бусад нь буюу өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын танхимд суусан нөхөд бүгд дахин нэр дэвшиж буй. Сурталчилгааны өнгө аясаас харахад тэд маань парламентын танхимд суугаад л ой санамжаа алдчихдаг бололтой. УИХ-ын гишүүн гэсэн нэрэндээ бардаж, эрх мэдэл, албан тушаалдаа ой санамж нь балартаж, эргэн тойрноо харахгүйгээр сохордог аж. Дөрвөн жилийн турш үргэлжилсэн энэ харалган байдал нь ээлжит сонгуулийн өмнө арилж, нэр дэвшигч нэртэйгээр дахин төрөв. Ингэхдээ ухаарлыг жинхэнэ утгаар нь мэдрээд зогсохгүй, ажиллах, бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн эргэн ирсэн нь гайхалтай бас тамтай.
Яг өнөөдөр парламентын танхимд суусан өнгөрсөн он жилүүдээ ор тас мартаж, би шинээр бүтээнэ, хийнэ гэсэн хөгийн хоёр нүүртэн, худлаа амлагчид хотын гудамжаар дүүрэн байна. Гар атган үнсэж, тэвэрч энхрийлэхээс наагуур долигнож, худлаа амлах нь уур хүрмээр. Дөрвөн жилийн турш миний хувийн амьдрал биш гэхэд оршин сууж буй газар орны минь төлөө тэд юу хийв?! Нэг удаа ирж, уулзсан билүү. Сонгуулийн өмнө л сонгогч гэдгийг минь санаж, үхэн хатан санал гуйж байгааг нь харахаас дургүй хүрмээр. Уучилж өршөө, ухаарлын үгс чинь уур хүргээд байна, түшээд минь.
Дөрвөн жилийн турш зөөлөн сандалд шигдэж, “тэнгэр”-т хэрэлдсэн хүмүүс одоо газарт бууж, саналын араас гуйланчилж явна. Иргэдийн амьдрал ямар байгааг одоо нүдээрээ харж байна. Хэрчим талх, шулсан яс иргэдэд ямар үнэ цэнэтэй байгааг тэд өнөөдөр харж, сонсч буй. Саналыг нь гуйж авсан иргэдээ дөрвөн жил хөсөр хаясаныхаа эцэст эргэн ирж байгаа нь энэ. Ичих нүүргүйгээр одоо л би таны, чиний төлөө ажиллана гэж мунхаглаж явна. Зурагт үзэж, нийгмийн сүлжээ ухах ч хүсэл алга. Худлаа инээж дүр эсгэсэн зураг, ухаарсан, ойлгосон худалчуудын хий хоосон үгс, ярианаас залхаж байна.
Эцэст нь миний, таны саналыг 300 мянган цаасаар худалдан авна гэнэ. Тэгэхдээ бүр тэр 300 мянган цаасаа гурав хувааж өгнө. Төгрөг цаас болсон энэ үед нэг удаагийн 100 цаасаар бид юу хийх вэ. Ядаж л тор дүүрэн хүнс авч хүрэхгүй цаас энэ чинь. Иргэдийн ядуу зүдүү амьдрал, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж буй тавиланг басамжилж, доромжилж байна. Хоногийн хоолны мөнгийг нь амлачихвал саналаа өгчихнө гэж даажигнаж буй нь энэ. Үр хүүхдээ дагуулчихсан, үүрийн таван жингээс эхлээд банкны үүдэнд очерлож, уртаас урт дараалал үүсгэчихсэн байгаа хүмүүсийг хараад бах нь ханаж, инээд нь хүрч буй биз.
Иргэдийн амьдрал ингэтлээ дордож, доройтсоныг харсаар байж ичих нүүргүй дахин нэр дэвшиж, санал гуйж явааг нь харахаар бачимдмаар. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн гэж бодсон ажил нь хүмүүсийг амьдралыг дээшлүүлэх бус дордуулсан бол ичих булчирхай, эмээх сэтгэлтэйгээр нэрээ татах нь зүйд нийцнэ, уг нь. Ядаж хариуцлагаа ухамсарлаж байгаа нь хүмүүст таалагдана. Гэвч тэдэнд маань ичиж эмээх сэтгэл алга, дахин дөрвөн жил төрийн түшээ нэр зүүхийн тулд улайран гүйж явна.
Саналыг минь гуйхдаа “гөлөг царайлдаг”. Миний, таны дэмжлэгээр төрд гарсныхаа дараа дүрээ хувиргадаг хүмүүст саналаа өгөхгүй. Тэд дахиад л дөрвөн жил ой санамжаа мартаж, харалган болчихно. Өнгөрсөн жилүүдэд юу ч хийгээгүй, ирэх онуудад ч юу ч хийхгүй.
Би, та иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өгнө. Гэхдээ дөрвөн жил гэрийн минь хойморт заларч, худлаа ярьж, хий хэрэлдсэн хүмүүсийн нэрийг дугуйлахаас татгалзъя.
В.Хэрлэн