Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өчигдөр “Хар жагсаалт”-аа зарлав. Сүржин эхэлж, үргэлжилсэн “Хар жагсаалт” үнэндээ бол хүлээлттэй байлаа. Хэн ямар шалтгаанаар орсон бол гэдэг нь сонирхол татсан гэх үү дээ. Гэвч сүржин нэр, өрнөлтэй даржин ажил байсныг бид харлаа.
Залуучуудын холбооны “Хар жагсаалт” гэгчид энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа бүх хүн багтжээ. Тэнд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг, яруу найрагч Г.Мөнхцэцэг нар хүртэл багтаж. Зүгээр л жагсаая гэж жагсаасан бололтой. Г.Эрдэнэтунгалаг дуулж, Х.Цагаанбаатар барилдаж, Г.Мөнхцэцэг шүлэг бичсэнээс өөр асуудал тариагүй. Улс төрд байтугай төрийн албанд ажиллаж байгаагүй тэд Залуучуудын холбоонд ямар гай болсон юм бол?!
“Хар жагсаалт”-ын гол зорилго нь Монгол төрийн босгыг өндөр болгож, төрийг хулгайч нараас салгах, аврах гэдгийг А.Мөнхбат тайлбарлана лээ. Тэгэхээр жагсаалтаас харвал сонгуульд нэр дэвшиж байгаа бүх хүн хулгайч гэсэн үг. НИТХ болон УИХ-ын сонгуульд жижиг намуудаас болон бие даан нэр дэвшиж байгаа хэн ч үл мэдэгчид бас хулгайчууд. Хувийн бизнесээ хийж байсан улс төр сонирхсоныхоо төлөө Дорж, Дэлгэр, Дулмаа нар хулгайч нэр зүүж, залуучуудын байгууллагаас гаргасан “Хар жагсаалт”-д багтана гэж зүүдлээ ч үгүй явсан. Сонгуульд нэр дэвшиж байгаа нь тэдний хохь.
Залуучуудын холбооны гаргасан жагсаалтаас харвал бидэнд сонгох хүн алга. МАН, АН, МАХН нараас эхлээд улс төрийн бүх л нам эвслүүд хулгайч нарыг нэр дэвшүүлчихэж. Хоёр чавганц уралдаад нэг нь түрүүлэх учраас бид дахиад л хулгайчийг сонгох нь гэсэн үг. Юун төрийн босгыг өндөрлөж, төрөөс хулгайч нарыг зайлуулах. Тухайлбал, би Баянгол дүүргийн сонгогч. Манай тойрогт нэр дэвшсэн МАН-ын Д.Лүндээжанцан, Л.Амгалан, Ж.Ганбаатар нар бүгд бүтэхгүй нөхөд. АН-ын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Оросоо нар ч ялгаагүй “хар”-ууд. Мөн МАХН зэрэг бусад намын нэр дэвшигчид ч авах юмгүй гарууд, саналаа өгвөл харамсахаар. “Хар жагсаалт”-аас харвал улс төрийн намын төлөөлөл бол судар харахгүй хулгайч нар. А.Мөнхбатын хэлж байгаагаар бүгдийнх нь өмнөөс салаавч гаргана гэсэн үг. Тэгэхээр бие даагчдад найдах нь. Азаар дуучин Нара маань энэ жагсаалтад багтсангүй. Ядаж л “хар” гэх сэтгэлд сэвгүй түүнийг дугуйлж болох нь.
А.Мөнхбатын, залуучуудын төв байгууллагын хийсэн гоомой ажил сонгогчдод ийм л утга учиргүй бодол төрүүлж, инээдэм болоод өнгөрөх нь. “Хар жагсаалт” бол ямар ч нөлөөлөх чадваргүй, цаг мөнгө үрсэн гоомой ажил боллоо. Тэгээд ч улстөрчдийг бүгдийг нь муухай харагдуулах гэсэн энэ ажлыг залуучуудын байгууллага хийх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
Хачирхалтай нь энэ жагсаалтад Иргэний хөдөлгөөний намынхан алга. Нам эвслийн шинэ, хуучин гэхгүй хүн нэр дэвшигчид хулгайч нар, “хар”-ууд байхад Иргэний хөдөлгөөний намынхан хаачив. Эсвэл энэ “Хар жагсаалт” залуучуудын холбооны ажил бус Иргэний хөдөлгөөний намын сонгуулийн явуулга уу гэхчлэнгээр эндээс олон асуулт урган гарна.
Залуучуудын холбооны байранд сонгуулийн төв штабаа байгуулж төвхнөсөн Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын сонгуульд 28, НИТХ-д 41 хүн нэр дэвшиж байгаа. “Хар жагсаалт”-д ганцынх нь ч нэр дурдагдаагүй байхыг бодоход тэд бүгд цагаан гартан, цайлган сэтгэлтнүүд байх нь. Ер нь бол бид А.Мөнхбат ард нь байдаг гэх Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигчдийг л сонгох ёстой юм уу даа. Бүх хүнийг ипотекийн зээлнээс чөлөөлнө хэмээн гудамжинд мөрөөдлөө ярьж явсан нөхдөөс сонгох, сонгогдох хүн хэд байгааг таашгүй. Тэнд хэнд ч танигдаагүй хулгайч нар байгаа ч юм билүү, хэн мэдлээ.
Жил дамнан сүржигнэсэн “Хар жагсаалт” олонд ил болж, элэг доог, инээд наргиан болсноос цааш хэтэрсэнгүй. Улс төрийн намууд, бүх нэр дэвшигчийг муухай харагдуулах гэсэн энэ өрөвдөлтэй арга хэнд ч нөлөөлөхгүй нь харамсалтай ч юм шиг. Женко Х.Баттулгыг “Хар жагсаалт”-д оруулж, А.Мөнхбат хулгайч хэмээн хичнээн цоллосон ч баянхонгорчууд сонгочихвол “Хар жагсаалт” нь ч тэр, А.Мөнхбат нь ч “будаа” л гэсэн үг. Түүнд олны өмнөөс гаргасан салаавч л үлдэнэ.
В.Хэрлэн