Их хуралд “универсал”, “супер” гэх ч юм уу “задардаг сум” гэдэг шиг бүх салбарыг мэдэж хошуу дүрж шүршдэг элчийг гаргах эрэлд бид хэзээ ч мордож байгаагүй. Төр түших хүний нөөц манайд хангалттай бий гэдэг. Үе үеийн эрдэм мэдлэгтэй залуусаар энэ нөөц чанаржиж байх учиртай.
Энд бид эхлээд хууль батлах дээд байгууллагад шууд сонгох хүн буюу парламентад нэр дэвшигчдийн талаар ярьж буй тул харах өнцөг мөн том байх юм. Хар буюу цагаан жагсаалт гэдгээр төрийн шат руу өгсөх эсэхийг ангилах нь улс гэрийг авч явах төлөөлөгчийн тухайд арай ч явцуу, хов живийн харагдана.
Түүх судар, ном бичигт мөнхрөн үлдсэн үе үеийн төрийн тулхтай түшээд, ганхаагүй багануудыг үгүйлэх дурсахын цаана өнөө үеийн улстөрчидтэй харьцуулан жишихэд дутах ба илүү гарах зүйл ч бий. Хонгилын үзээрээс гэрэл олж харсан П.Жасрай гуай, карьераа бодож “поп” загналгүй 20-р тогтоолыг зоригтой гаргасан Д.Бямбасүрэн гуай зэрэг одоо ахмад үед орох ч ардчиллын шилжилтийн гэх үеийн хүнд ачааг нэр төртэй үүрч гарсан улстөрчдийн жишгээр одоогийн түшээдийг шууд харьцуулах нь ч мөн туйлшрал. Голч утгаараа бол цаг үе бүр улстөрчдөд өөр өөр сорил шалгуурыг тулгаж ирсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд манай зарим улстөрчид эрхэмлэх зүйл нь үнэхээр эх орон байлаа ч энэ төрийн өнгөнд өөрийнхөөрөө зогсох боломжгүй байх улс төр эдийн засгийн хөшүүрэг бэхжиж ирлээ.
Ухамсартай хариуцлага даах хүн байлаа ч манай улс төр ямар балчигт оруулж живүүлдгийг бид тооцож өөрийнхөөрөө тууштай байх мөн чанартай, нийтлэг эрх ашгийн төлөө зогсож чадах гишүүн нэг бүрээр парламент гэсэн “баг” бүрдүүлнэ гэсэн шалгуурыг туйлын харах хэрэгтэй болов. Бие даасан тоглолт хийж зүгээр нэг зөрүүдлээд зогсоод байх бус нийтийн эрх ашгийн төлөө бусдыгаа итгүүлж, зөвшилцөл ойлголцолд дагуулж чадах нүүдэл сайтай сийрэг улстөрч байх ёстой юм. Өөрийнхөөрөө тэмцээд гүлдийгээд байлаа ч хуулийн нэг заалтад ч залруулга хийж нөлөөлөхгүй ганцаардах улстөрчдийг бид харсан.
Бидний бахархан дурсдаг улстөрчдийн үлдээсэн гавьяа бол тусгаар тогтнол эрх чөлөөт улс болохын төлөөх тэмцэлтэй уялдан үлдсэн түүх тул өнөө цагт шууд харьцуулан дүйцүүлэх нь мөн л өрөөсгөл.
Өөрөө Супер улстөрч болох бус төрийн хэрэг том нүсэр гэдгийг бодох, мэдлэгтэй хэрэгтэй хүмүүсийг улаан цэнхэр, харц сэхээтэн гэхгүй хажуудаа хаяалуулж багаар ажиллаж чадах тийм улстөрчид нийгмийн захиалгад том зай эзлэх болоод байна. Ийм улстөрчид намаараа бус элгээрээ цуглах АЗ бидэнд байж болно. АЗ-ыг сохор тохиол биш сонголт болгох боломж бас бидэнд байгаа.
Хүрз харыг Богдын бөхийг хаяад босоо гараад ирэхэд “Сайхан залуу. Олон жил барилдана даа” гэж ерөөж суудаг шиг өөрийн байр суурь төлөвшилтэй, төрийн төлөөлөл бүрдээд ирвэл ирээдүйдээ итгэх унтарсан итгэл минь сэргээд ирнэ. Мэдлэгтэй оюунлаг залуусыг дунд үетэй нь зуузай холбуулаад гаргавал гэж захиалах сонгогчид байгаа нь үүнтэй холбоотой.
“Туйлын эх оронч бай, өөрийгөө үл бод” гэж хэн ч элч нараас шаардахгүй. Шударга бай, нийтийн эрх ашигт захирагдаж улс орны асуудал дээр дараагийн сонгууль бодолгүй дуугарчихдаг бай. Улс орныг 4 жилээр биш ядаж дөчин жилийн зургаар хөгжүүлээд өгөөч гэж улстөрчдөөс хүсдэг.
Энд нэг зүйлийг нэмж нуршихад “үйлийн үр” гэх ойлголт амьдралд байж болох ч улстөрчдийг урьдын алдаагаар нь шүүгээд гадуурхаад байх хатуу. Алдсан хүн ухааждаг ч тал бий. Хуульд захирагдахыг тангараг, ёс зүйн талаас төдийгүй хүн талаасаа дээдэлдэг мөн чанартай байх энгийн биш хэмжүүрийг тавьж нэр дэвшигчдийг цензурдэх цаг ирсэн харагдана.
Ёс зүйг дээдэлдэг байх, шударга голч, тодорхой салбарыг төлөөлөх мэдлэгтэй, зарчимтай, нээлттэй... гээд хурдан морины шинж шиг туйлын төгс улстөрчийн шалгуурыг нэг хүнээс хайх бол мөн л муйхарлал. Улс орон, иргэдээ гэсэн туйлын эрх ашгаар эрх зүйт төрийг хөгжүүлэхийн төлөө мэдлэг туршлагаа шавхан багаар ажиллах нь парламентын суурь зарчмын энгийн нэг ойлголт.
Бидний бахархан дурсдаг улстөрчдийн үлдээсэн гавьяа бол тусгаар тогтнол эрх чөлөөт улс болохын төлөөх тэмцэлтэй уялдан үлдсэн түүх тул өнөө цагт шууд харьцуулан дүйцүүлэх нь мөн л өрөөсгөл. Гэвч дараагийн парламент дээр бид алдах эрхгүй болоод байна. Хувийн бизнесгүй хүн л Их хурлын гишүүн болно гэвэл бас өрөөсгөл. Олон нийтийн эрх ашиг дээр амбицаа биш зарчим барьдаг. Хувийн бизнесээ төрийн ажлаас төгс тусгаарлаж чаддаг, улстөрч гэж харагдах гэж хувь хүнээ танихгүй болтол засварладаг биш. Байгаагаараа байж чаддаг ёс зүйтэй нэр дэвшигчийн захиалгыг намуудад өгөх цаг ирээд байна.
Нэр дэвшигч баян чинээлэг байж болно. Тэр мөнгө баялаг нь цэвэр байвал болоо. Мөнгө бол улс төрд хөдөлгөх нэг хүч гэдгийг бид хаана хаанаа хүлээн зөвшөөрөх цаг үеийг туулсан. Төрийн хөрөнгөнд хуруу хошуугаа тосдоод байхгүй хөрөнгөлөг хэсгийнхэн гарахыг үгүйсгэх нь мөн л муйхарлал. Улс төрд халаасандаа бэлгүй хүнийг басамжлахгүй гэхэд урхидах амархан гэдгийг ч үгүйсгэх боломжгүй.
С.Зориг нэг зүйлийг нөхөддөө хатуу сануулсан байдаг. Эрх ашгийн дарааллын чиг баримжаа алдагдаж хэзээ ч болохгүй гэж. “Албан тушаал, эрх мэдэлд улайран хєєцєлдєх нь шинэ, хуучин ялгаагүй улс тєрийн хүчний анхдагч зорилтыг саармагжуулах, ардчиллын явцыг удаашруулах, зарим тохиолдолд ухралтын алхам хийхэд хүргэж болно” гэж тэр хэлсэн байдаг. “...Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу, компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь, мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно...” гэж хэлсэн байдаг. Чухам энэ дарааллыг бид хаа нэгтээ алдсан.
Энэ цагт улстөрчид ч иргэд сонгогчид ч адилхан. Ардчилал маань анхны төсөөллөөс хол төөрөлдөж буруу замаар явж байгааг зөвшөөрөх төдийгүй бурууг үе үеийн 76-аас биш аль аль талдаа харах болсон. 25 жилд 6 удаа хийсэн сонголтод төрийн эрх барих элч нарт тавьсан хэмжүүр маань буруу байснаас үр дагавар нь хатуу гараад байна. Дээрээсээ нэгжээ хүртлээ гажуудсан тогтолцоотой, авилгажсан төр бий болоод байгаа. Энэ бүхэндээ дан улстөрчдийг нэрлэж туйлын нэг буруутан хайх цаг одоо биш.
Ирэх сонгуулиар тодрох улстөрчид эхлээд улсын их өрийн талаар бус амлалтаа биелүүлэхийн төлөө төсвийн мөнгөн дээр чичрэх хөшүүрэгтэй болчихлоо. Гэлээ ч улс төрийн гүн хямрал, тогтолцооны гажиг, хууль үл дээдлэх замбараагүй увайгүй засаглалын цоорхойг цэгцлэхийн төлөө нэгдэн зогсохоос ажлаа эхлэх шаардлага үүслээ. Үүнийг мэдэрч хамтран багаар ажиллаж чадах эсэхийг одоо тодрох нэр дэвшигчдэд тавих суурь шаардлага үнэлэмж болгомоор. Нам яахав. Саналаа авах магадлалаа бодоод хүнээ дэвшүүлнэ. Харин сонгогчид нийгэм улс оронд болон хувь хүн гэр бүлд нь тулгарсан нөхцөл байдлыг зааглан харж, жалга нүх битүүлж цэцэрлэг сургууль барих амлалтаар бус төрийг засч улсыг авч явах хүн гэдгээр Их хурлын гишүүдийг харах цаг болсон. Ийм чин эрмэлзэлтэй хэсгийг сонгох цаг болоод байгааг хуваалцах хүн олон гэж найдаж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хүрсэн хямрал, улс төрийн намын хаанчилсан архагшсан тогтолцоог задалж, жинхэнэ эрх зүйт төрийг цэгцлэх эрмэлзэлтэй ба үүнийг хийж чадах мэдлэг туршлагатай үе үеийнхнийг тэнцүүлсэн харьцуулалт дээр зөв хүнээ ШУУД сонгох бараг сүүлийн боломж сонгогчийн гарт ганцхан өдөр ирнэ. Энэ бол урьд урьдынхаас хатуу анхаарах түүхэн гэж болох сонголт шүү гэж энэ сонгуулийн үнэ цэнийг өргөмөөр байгаа юм.
Эрх баригчид хуулинд халдаж жижиг тойрог болгож цавчих тусам сонгогчид улс орныхоо ирээдүйн эрх ашгийг томоор харах цаг ирсэн байна. Одоо бид манай тойргийн төлөөлөгчөөс илүүтэй Монголын төлөө нэгдэн багаар ажиллаж чадах элчийг гаргах ёстойг нуршин хэлмээр.
Төрд гаргах зөв хүмүүсийн нэрийг харахдаа хар цагаан, улаан цэнхэр гэлтгүй хамгийн энгийн бие даагчдаас эхлээд 25 жилийн парламентын дэвшил ба уналт дээр байсан үе үеийнхнээр нь жишиж гортиглон зурах цаг ирж байгаа.
Миний хувьд дээр дурьдсан цаг үеийн онцлог шаардлага, улс орны хувь заяанд тулгарсан улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд зайлшгүй хийгдэх шинэчлэлийн шаардлага зэргийг авч үзэн ШУУД сонгох дараалалд нэрлэх хүмүүс байгааг дараа тусад нь бичих болно. Энэ удаад ШУУД сонгох улстөрчдийг туйлшраагүй намчирхаагүй өнцгөөс нэрлэх эрхийг уншигч танд үлдээе.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/