“Өмч хөрөнгөний тоосонд дарагдаж үүдэнд суусан оюун ухаан ...”Энэ бол өчигдөр нээлтээ хийсэн “Эв судар”номын агуулгад орсон мөр.
... Эв нэгдлийг хүчээр бий болгодоггүй. Эв нэгдэл язгуур эрх ашиг дээр бий болдог. Тэр язгуур эрх ашиг бол та бидний Монгол сайхан эх орон, тусгаар тогтнол, газар шороо, ард түмний аюулгүй байдал . Нам холбоо, эвсэл гэлтгүй залуу хөгшин, мэдлэггүй, баян хоосон гэхгүй энэ язгуур эрх ашиг дээрээ нэгдэх ёстой. Энэ номыг аваад Монгол хүн эх орныхоо эзэн болох цаг нь болсон. Энэ нь Монголын ард түмний итгэл үнэмшил болсон цагт бид сэргэн мандах юм аа . Энэ судрыг уншаад эвийн олон санаануудыг улам баяжуулж явах байх аа... гэж номын зохиогч Н.Удвал хэлнэ лээ.
Харин энэхүү бүтээлийн зөвлөхөөр ажилласан доктор Б.Хэрлэн “Энэ номыг уншаад гэр бүлдээ тусгаж, эвийг эрхэмлэх үзэл санааг нь бүгдээрээ тунгааж, ажил хөдөлмөртөө, нийгмийн өргөн харилцаандаа тусгал болгож, энэ нийгмийг өөрчилье гэж уриалмаар байна”гэж тодотгосон.
... Би хувьдаа эвийг их энгийн ойлгодог. Манай нийгэмд амиа бодоод явах байдал их болсон. Мэдээж хүн л юм чинь ямар нэг хэмжээгээр хувиа бодно. Харин бусдыгаа бодоод ирэхээр бид эв нэгдлийг мэдэрч эхэлнэ.
Би амиа бодсон бол хэн нэгнийгээ дийлэх гэж оролдоно. Эв нэгдлийг бодож эхэлбэл нөгөө хүнийхээ үгийг сонсоод ярина. Ялангуяа эх орны тухай яриан дээр. Тэгэхээр энэ сударт байгаа эв нэгдлийн тухай ярих нь амиа бодох бус бусдыгаа, олноо бодох тухай юм гэж ойлгож байна. Энэ хүмүүсийн төлөө зүтгэнэ гэж бодохгүй. Энэ хүмүүсийг хуураад л, айлгаад аргалаад сонгогдчихвол надад хэрэгтэй гэсэн тойрогт бид орчихоод байна.. гэж намын нээлтэд оролцсон МАХН-ын дарга Н.Энхбаяр хэллээ.
Хөнөөлгүй хөгжихүй, Гэрээ засахуй, Олноо засахуй, Нутгаа засахуй, Амгалан амьдрахуй зэрэг 35 бүлэг энэхүү судрын хэлэх утгын үзүүр нь товчдоо Эвээ сахиж хөгжилд эртлэн хүрэх тухай юм байна.
Гадаад дотоодын 200 гаруй эрдэмтэн мэргэд, улстөрчдийн дүгнэлт, байр суурь үзэл бодлыг илэрхийлсэн эх үүсвэрийг судлан дээжилсэн нь нийт 450 хуудсанд буужээ. Энэ бүхнийг эмхэтгэн “Эв эеийн эш ухааны онол”-ыг бүрэн эхээр нь багтаасан Эвийн судрыг бүтээсэн тухайгаа зохиогч өгүүлж байна.
Эвээр дутаж эвдрэлцэл талцаанд суларч буй эх орноо харахаар “Эв”-ийн тухай судар унших төдийгүй тогтон ярьж хэлэлцэн тунгаах, харамгүй “шайр” хийн хуваалцах сэдэв мөн санагдлаа. Эвийн сударыг гар дамжуулан уншиж “өмч хөрөнгөний тоосонд дарагдаж үүдэнд суусан оюун ухаан” –аа сэргээх цаг ирсэн санагдлаа. ШУ-ны Доктор, профессор Нацагийн Удвалын “Эв судар” уншигчдынхаа гар дээр иржээ.
“ Төр онолтой байх ёстой... Монгол төрийн онол бол бүхэлдээ үндэсний эв нэгдэл “ гэж түүний дүгнэсэнтэй санал нэгдэх хүн олон буй.
Эвийн сургаал судар ном үзэл санаа өшөө арвин болох болтугай гэж ерөөе.
П.Баяр