Дугаарын хязгаарлалт гэдэг шиг тойргийг улаан цэнхэрээр нь ангилж ялгаварлахыг УИХ-ын чуулганы реалити-гаар харлаа, бид. Улааныг гаргаад байдаг тойргууд мандатаар торгуулж, цэнхэрийг гаргаж байсан нь бонусдаж 2-3 мандаттай боллоо. Тойргийн мандатын хувьчлал явагдсан ч гэж болохоор.
Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах санаархал илт явагдсан. Сонгуульд ганц нам гэдэг субьект оролцдог мэт аягласан олонхын энэ хүч түрэлт сонгогчдын санааг эргүүлсэн ч байж мэдэх үр дагаврыг үлдээлээ. Одоо чадамжгүй болчихоод байгаа Засгийн газраа эмхэлсэний дараа зөвхөн сонгууль гэдэг бохир агаараар төр нам хоёр хутгалдан амьсгална.
Нэр дэвшигчид үндсэндээ тодорсон ба өмчилсөн тойрогтоо төлөвлөсөн сурталчилгаагаа хэрэгжүүлэхэд цөөхөн хоног үлдлээ. Үр дүн нь яаж ч гарсан тэгш төлөөллийн зарчим алдагдах нь эргэлт буцалтгүй болчихов. 45.700 м2 нутаг дэвсгэртэй 13 сумтай Баян-Өлгий аймаг 3 мандаттай бол 48.700 м2 нутаг дэсгэртэй 16 сумтай Булганчууд ганц мандаттай. Энэ сонгуулийн дүнгээр Өлгийчүүд 3 гишүүнийг өмнөө барьж төрд төлөөлөлтэй болох бол улаан талд гаргаад байдаг Булганыхан 16 сумын асуудлаа ганц түшээд үүрүүлээд явуулах болж байна.
Юун буруу рультэй машин бэ. Сонгогчдын сонголтод дугаарын хязгаарлалт хийх мэт хандлаа. Хууль тогтоох дээд байгууллагад зөвшилцөл бүрэн утгаараа үгүй болж хуйвалдаанаар сонгуулийн үр дүнг урьдчилан удирдах шинэ технологи гаргаж ирлээ.
Үнэхээр урьдын мажоритор сонгуулийн жишгээр улаан цэнхэрээрээ туйлшрах бол АН-д бараг ялалт ирлээ гэж зарим нь мөрий тавихад бэлэн болчихжээ. Гэвч үзэг эргүүлэх дархан эрх сонгогчдод байгааг дахин хэлмээр.
Бид 2004 оны сонгуулийн дүр зурагтаа эргэж ирээд байна. Гэхдээ 12 жилийн өмнөх сонгогчдын сэтгэл зүй, хандлага өөр болсныг давхар тооцсон л байх. Жижиг тойрогт архи, мөнгө тараах нь одоо явахгүй. Бие биенээ харлуулах гүтгэх ч хоцрогдсон. Харин сонгогчдын дийлэнх нь ядуу байгаа нь жижиг тойрогт гарахад жинтэй хувь нэмэр оруулах магадлалтай.
Ойрын өдрүүдийн телевизүүдийн содон идэвхжлийг харахад Олуулаа ирсэн АН-ын найзууд маань олон “Сайн” төслийг зэрэг эхлүүлж байна. Урьдын бэлэн мөнгөний амлалтын зүсийг жаахан хувиргаад зээлийн таатай нөхцлүүд амлах замаар сонгогчдын хөлд суух бололтой.
“Сайн оюутан”. Ерөнхийлөгчийн сонгуулиар 70 мянгаар нэг удаа торгоосон оюутнууддаа шинэ зээлийн хөтөлбөр санал болгожээ. Сургалтын төлбөрөө зээлж авах энэ боломж оюутнуудад “найс” сонсогдож байгаа ба цөөнгүй лайк цуглуулаад эхэлжээ.
Навсайж нурсан айлын хашаанууд “Сайн хашаа” болох боломж мөн бий болоод байна. Ардаа мөн л хөнгөлөлттэй зээлийн хөшүүрэгтэй. Хөрсний бохирдлоосоо салмаар байгаа айлууд нийлээд өргөдлөө бичихэд 10 саяын зээлийг торох юмгүй авах талаар албан тушаалтнууд яриад эхэлжээ. Эхний ээлжинд 200 тэрбум төгрөг зарцуулах ба 69200 өрх инженерийн шугамд холбогдох шаардлагатай байгаа тооцоог гаргажээ.
Энэ бүхний бэлтгэл болгож газрыг эргэлтэд оруулах зорилготой газраа барьцаалж зээл авах эрх зүйн орчинд өөрчлөлт орсон. Зээлээ төлж чадахгүй бол барьцааны газар нь шүүхээр орохгүйгээр зээлдэгчийн талд шууд шилжих хууль байгааг иргэдэд сануулахад илүүдэхгүй.
Сонгуулиар олдох 10 саяын амархан бүтэх зээлийг атгаад ганц сар тансаглаад араа даахгүй үлдэх орлогогүй өрх хэчнээн байгаа билээ. Сайн хашааны зээл авах зайлшгүй шаардлага талаас нь харах юм бол гэр хорооллын 240-өөд мянган өрх бараг бүгд л “муу хашаа”-тай ил жорлонтой, хөрсний бохирдолтой байгаа нь үнэн.
Хотын эрх баригчид Да хүрээ захыг нүүлгэх шийдвэрээс машины ченж нарт алдсан хасах оноогоо нөхөж 1-3 жилтэй шинэ машиныг гаалийн татвараас чөлөөлсөн шийдвэрийг шуурхай баталлаа. Энэ шийдвэр ирэх зургаадугаар сарын дундаас сонгууль ид өрнөж байхад хэрэгжих юм байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 тэрбумыг нэмж гаргах боллоо. Энэ зургаар харах юм бол ирэх зургаадугаар сард нийслэл, захын хороололд газар шорооны ажил барилга бүтээн байгуулалт 50-аад оны социализмын үеийн бүтээн байгуулалтын кино кадр шиг өрнөх бололтой. Сайн хэрэг. Сонгуулийн дараах ялалтын хөөрөл, ялагдлын нам гүмд уусчихгүй бол шүү дээ.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/