Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн цаг” нэртэй ээлжит уулзалт өчигдөр болов. Энэ удаагийн уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нарыг дуудаж, Ерөнхий сайд үүрэг даалгавар өгөв.
Мэдээлэл технологийн цөөнгүй асуудлыг хөндсөн уулзалтаас нэг үүрэг даалгавар анхаарал татав. Тэр нь Улаанбаатарын гэр хорооллыг интернэтэд холбох тухай байв. Одоогоор гэр хороололд интернэт хүргэх дэд бүтэц татах, 4G үйлчилгээгээр дамжуулж өндөр хурдны интернэт оруулахаар судалгааг хийж байгаа гэнэ. Харин Ерөнхий сайд энэ ажлыг яаравчлахыг Ц.Жадамбаа, Б.Балгансүрэн нарт үүрэгдэв. Бүр ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх даалгавар өглөө.
Гэр хорооллыг интернэттэй болгох ажил Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сонгуулийн хөзөр. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх, Налайх дүүргээс нэр дэвшихдээ тойргийнхоо “гэр хорооллыг интернетэд холбоно” гэх том амлалт өгсөн. Харин энэ амлалт Сайханаа сайдын муухай амлалтуудын дунд хадгалагдсаар сонгуулийн өмнө ил гарч байгаа нь энэ. Мартагдаад аль хэдийнэ дөрвөн жил болсон энэ амлалт яагаад яаралтай хэмжээнд яригдах болсон нь тодорхой. Сонгууль хаяанд ирсэн. Хамгийн гол нь жагсаалт үгүй болж, нэр дэвшигчид бүгд нэг гараанаас тойрогт үзэх болсон нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг амлалтаа санахад хүргэсэн хэрэг.
Жагсаалтын дээхнэ бичигдэнэ хэмээн цээжний хонжоо хийж явсан цөөнгүй нөхдөд Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуулийн зарим заалт буюу жагсаалтаар сонгогдох нь хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж, “том бэлэг” барьсан. Бэлэг гардсан хүмүүсийн нэг нь Ч.Сайханбилэг байсан. Тиймээс мань хүн одоо тойргоо тойглох ажилд шуурхайлан орж байна. Тэрбээр хуучиндаа буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвших нь бараг тодорхой болжээ. Харин эртний танил сонгогчид нь түүнээс амлалт нэхнэ. “Ерөнхий сайдын ажлыг хийгээд завгүй байлаа” гэж хэлэх нь оноо цуглуулахад нэмэр болохгүй. Тиймээс л Ц.Жадамбаа, Б.Балгансүрэн хоёрыг дуудаж, гэр хорооллыг яаралтай интернэттэй болгох үүргийг яаравчил гэсэн тодотголтой өгөв. Нэгдүгээрт, сонгогчдодоо өгсөн амлалтаа мартаагүй гэдгээ харуулах ёстой. Хоёрдугаарт, дөрвөн жил алдсан ч сонгуулийн өмнө ч болтугай энэ ажлыг эхлүүлж, ирэх дөрвөн жил үргэлжлүүлнэ гэж хэлэх үгтэй болох учиртай. Магадгүй сонгуулийн өмнө Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий зарим хороонд интернэт орлоо, та дэлхийтэй нийлж алхах боломжтой болсон гэвэл нэг их гайхаад байх хэрэггүй гэсэн үг.
Өөр нэг амлалт нь “Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж, зөрүүг иргэдэд олгоно” гэсэн марзан үг. Уг нь монгол хэлээр ярьж, тайлбарлаад байгаа ч үүнийг ойлгоход түвэгтэй. Энгийнээр бол талх, гурилын үнийн өсөлтөөс айх хэрэггүй л гэсэн байх. Гэвч энэ амлалтаас хойш талх, гурилын үнэ 50, 100 төгрөгөөр нэмэгдсээр, тэр нь дундаж болоод доод давхаргынханд хөөрхөн дарамт болсон. Баянзүрх, Налайх дүүргийнхэн Ч.Сайханбилэгийн байгуулсан сангийн ачаар талх, гурилын үнийн өсөлтөд өртөөгүй гэж лав сонсогдоогүй.
Сайханаа сайдын амлалтуудын энгийн жишээ нь энэ. Мэдээлэл технологийг ашиглаж, тэрний хурдаар тойргоо хөгжүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх тухай ярьсан сайхан амлалт хөрсөн дээр хэрхэн буусныг Баянзүрх, налайхчууд түвэггүйхэн хэлээд өгнө. Гэр хорооллын захын айлаас интернэттэй эсэхийг нь лавлахад л Ч.Сайханбилэгийн амлалтын биелэлт харагдана. Тойрогтоо хэдэн удаа очсоныг нь бас тодруулах хэрэгтэй. Тойргоос нь сонгогдсон эрхэм төрийн Ерөнхий сайд болж, өдөр бүр цаг тутам хойморын дэлгэцээр нь гардаг ч амьдралд нь наалдах юу хийснийг ард түмэн тунгааж суугаа.
Баянзүрх, налайхчууд өнгөрсөн сонгуулиар сувгаа солиогүй. Харин энэ сонгуулиар суваг солигдох эсэхийг бид сар гаруйн дараа харна.
В.Хэрлэн