Эвтэй гэгч нь сонгуулийн хуулиа санаснаараа хийж чадсан том хоёр одоо сүүлийн тохироон дээрээ түр гэдийж бие биенээ шахаж эхлэв. Санал зөрөлдөөн бараг байхгүй боловч хот хөдөөгийн зааг дээр сонгуулийн хуулиас сугалж авсан 28-аа яаж хуваах талаар үг хаялцаж сууна.
АН хотдоо илүү гэж 28-ын 14-ийг нь чангааж суугаа бол МАН хөдөөдөө итгэл тээж 28-ын 20-ийг нь хотоос гаргана гэж сууна. Нэгэнт төлөөллийн ардчиллын талаар ярьж байгаа бол хүн ам засаг захиргааны нэгжээ дагаад хот хөдөө гэж туйлшралгүй хувааж болохоор. Хөдөө улаарч, хот цэнхэртсэн сонгуулийн дүр зургийг буулгаж үүндээ хатуу итгэсэн хоёр нам бусдын үгийг сонсох шинжгүй.
МАН бол хөдөө орон нутагт өндөр нэр хүнтэйдээ бус маш сайн зохион байгуулалт, анхан шатны нэгжийн уялдааг хангаж ажиллаад сурчихсан. Мэдээж энэ нь сонгуулийн зохион байгуулалтад байдаг давуу тал болохоос сум орныг сайн аваад явчихдаг гэсэн дүгнэлт бус. Хотод бол МАН эмзэглэх юм байгаа ба сайн ажиллаж чаддаггүй байснаа энэхүү хотын мандатыг хумслах гэсэн улайрлаараа хүлээн зөвшөөрч байгаа мэт харагдана.
Жагсаалтын 28-ыг тойргийнх болгож чадсан өдрөөс МАН-ын зүгээс хотын даргын илүүрхлийг дарах гэсэн илэрхий ПиАр нэвт явж байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр бухимдалтай иргэдийн уулзалт, тэнд оролцогчдын цөхөрсөн мэдэгдэл алга ташилттай мэдээнээс Үүл даргыг магтан матаад байгаа нь ажиглагдаад байгаа.
Бодит байдал дээр хотын иргэд Үүл даргын багийг сайн ажилласан гэхийн наана ээлжгүй засаглахдаа энэ МАН-ын хотын удирдлага арай назгай байжээ гэдгийг л тодотгож байсан. Нийслэл гэдэг их айлын хур их асуудлыг өнгөц зассан гавьяаг хэт дөвийлгөж айхаас илүүтэй итгэл төрүүлсэн хотыг босгох мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломж нээлттэй.
МАН жагсаж чаддаггүй гэдэг ч улсыг авч явж чаддаггүй гэсэн зүүлт байхгүй. Одоо нэгэнт хоёр намын тулгалтал санал өгөх болсон нөхцөлд сонгогчид нэр дэвшигчийн цаана намуудын чихэр шиг амлалтын уралдааныг бас үгүйлж эхэлнэ. Гэхдээ урьдынхыг бодвол бодитой харж бодолтой сонголт хийхийг эрмэлзэнэ. Нийслэлчүүд улс төрчдөөс нэхэх юмны талыг нь ч Үүлийн баг хийж амжаагүй байгаа. Эхлэл тавьсаныг үгүйсгэхгүй. Уулзвар зам гудамж төсөл бол Чингис бондын хөрөнгөөр хүч түрэн эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хийгдсэн ажил.
2012 оны сонгуульд аль ч нам засагласан байсан шинэ машины заяа гомдохоор тарсан зам дээр нам бөглөрч байгааг шийдэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн байсан. Үүн дээр хотоо бүсэлсэн гэр хорооллыг өөд нь татах үлгэрийн биш төлөвлөлтийн ухаалаг шийдлийг одоо ч иргэд үгүйлж байгаа.
Их хурлын сонгуулийн хуулийн сүүлийн шийдлийг атгаад байгаа Хотын мандатын тоо үнэхээр сонгуулийн үр дүнд цэг тавихгүй л дээ. Үнэхээр хот нийслэлээ хог утаанаас нь салгаад, хөрсний бохирдол шороон мананг нь хязгаарлаад өгөх шийдлийг бариад сонгуульд ороод ирвэл улаан цэнхэр өнгө харалгүй дэмжихэд бэлэн байгаа.
Хотод асуудал дэндүү их тул шийдлийн хувилбараараа ялаад гарах боломж аль ч намд нээлттэй. Наад зах нь сая хүнтэй метрополис хотод бие засах газар хайдаг хэвээрээ л байна.
Д.Баяр