2009-2013 онд улсын төсвөөс нийтдээ 3.2 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад зарцуулсан байдаг. Энэ нь “Чингис бонд”-ын хөрөнгөөс хоёр дахин их мөнгийг төсвөөс бүтээн байгуулалт нэрээр зарцуулсан гэсэн үг. Ийм хөрөнгө хаясан ч үйлдвэрлэгч бараг байхгүй, 98 хувийн импортлогч улс хэвээр. Буруу нь ямар төр байсандаа бус энэ улсыг 76 жалга бүлэгт хуваасан сонгуулийн тогтолцоо байсан юм.
Өчигдөр чуулганаар баталдаг жижиг 76 тойрог энэ байдал руу биднийг эргээд хөтлөнө. 2 сая сонгогчоо 76-д хуваачихаар нэг нэр дэвшигч 3000-4000 хүний санал авчихад л Их хуралд үсрээд ороод ирэх бололцоо харагдаж эхэлнэ. Нэг санал бүрийн төлөө 100 саяыг ч хаячихаж мэдэх хөрөнгөлөг хэсэг энэ сонгуульд босоо. Хуулийн хүрээнд сурталчилгаагаа явуулаад ялж байвал мөнгөтэй мөнгөгүй нь тийм чухал бус. Гол нь ах дүүс удам судар, аварга бөхчүүд, мянгат малчдын үг нөлөөн дор санал эргүүлэх дэндүү хоцрогдсон тактик эргэн амилах нигууртай. Жалга довны гэж тодотгоод байдгийн нэг учир энэ л дээ. Үүний цаана төрийн хүн болгочихмоор мэдлэг чадалтай ч бизнесгүй, мөнгөгүй нь сонгуулийн мөнгөлөг ногоон дэвжээнд нэг гарч хийморио сэргээгээд үзэгчийн суудалд суух болж байгаа юм.
Оюунлаг хэсгээ ихээр гээдэг ийм сонгуулийн хариу нь явсаар улсын хөгжилд сөргөөр нөлөөлдөгийг 5 удаа буюу 20 жилээ даасан төсвийг мөлждөг сум орны гэж хуваагдсан дөрвөн жилүүд харуулна. Сая хүнтэй хотын захын хороололд худаг цахилгаангүй байхад 4000 хүнтэй сумын төвд цахилгаан станц барих шахдаг байсан.
Жалга довны депутатуудаас улбаатай нэг гаж хийрхэл Их хурлын гишүүдийн дунд байлаа. Дахин сонгогдохын тулд тойрог сумандаа төсвийн хөрөнгөөр “нэг юм” хийж амлалтаа хаах гэсэн зүтгэл. Шууд утгаараа бол тойрогтоо эргээд очих нүүртэй болохын тулд аймаг сумандаа хөрөнгө оруулах өрсөлдөөн. Төсөв батлах дөхөөд ирэхээр гишүүдийн дунд бөөн наймаа тохироо. Наад өнгөндөө элгэмсэг нутгархуу харагдах энэ наймаа талцаа нь цаад талдаа төсвийн хөрөнгийг гарын салаагаар урсгах өрсөлдөөн болдог.
Чи манай тэр сумын цэцэрлэгийн барилгын хөрөнгийг дэмжчих, би танай сургуулийн шал солих мөнгийг дэмжиж “кнопдоё” гэх маягийн жижиг тохиролцоо амны зугаа шиг яригдана. Энэ нь хууль тогтоож, төсөв баталдаг дээд байгууллагын танхимд явж байдаг болохоор ажил болох нь баараггүй.
2013 оны мэдээгээр жишээлэхэд, Ховд аймаг сүүлийн таван жилд 150 гаруй, Хөвсгөлд 143 тэрбум төгрөгийг тус тус төсөвт суулгасан байна. Орон нутгийн бүтээн байгуулалтад зориулж төсвөөс хуваарилдаг мөнгө үр дүнгүй болдог нэгэн жишиг ёс болох дөхөөд байна. Сонгуулийн жижиг тойрог явсаар улсаа 21 аймаг, 365 сум болгон талцуулж хуваадаг байсан ба бүгд тус тусдаа өөрийн хөгжлийн "бодолтой” болчихсон байдаг. Энэ нөхцөлд хөгжлийн нэгдсэн бодлого, бүр наашлаад бүс нутгийн хөгжлийн бодлого ч хол алхаатай явах аргагүй болдгийг өнгөрсөн 20 жил харуулсан шүү дээ.
Нэр дэвшигч 3000 мянган хүнтэй л ажиллах болдог тул Солонгос микро машин, бэлэн мөнгө хоёр сонгуулийн ялалтыг шийдчихдэг байсан. Шинэ соёлын төв барьчих мөнгөөр 4 жилийн турш хурдан морь, хүчит бөхийг байлах нь дээр болдог.
Хот дүүрэгч адилхан. Бүгд л сургууль цэцэрлэг, ажлын байр өрхийн орлогогүй гэсэн нийтлэг асуудалтай. Одоо очих бэлтэй нэр дэвшигчид өөрийн тойрогтоо цэцэрлэг сургуулийн нэг давхарыг 18 хоногт босгоод, хэдэн жижиг дунд үйлдвэр нээгээд ажлын байранд бүртгээд эхлэхэд бараг гараад ирчихнэ. Жижиг тойрогт жиргээд ч хэрэггүй. Тулж ажиллаад амласнаа биелүүлэх бэлтэй нөлөөтэй гэдгээ харуулахад л үндсэндээ болчихно. Сумогийн дэвжээнд мэхний уурхай болсон нэг нэр дэвшигч тойргийнхоо залуучуудыг Япон руу гаргана гэж бүртгэл эхлүүлээд л шууд ялчихаж байсан шүү дээ.
Хоёр нам ялахын тулд том ухралт хийлээ. Энэ нь сонгуулийн тогтолцооны ухралт төдий бус улсын хөгжлийг хойш чангаасан үр дагавартай болох талаас нь харсан эмзэглэл байгааг иргэдэд ойлгуулахад одоо оройтсон байх. Жижгүүд буюу хүчтэй гуравдагч хүчнийхэн арай гэж босгож байсан нэгдлээ алдаж бүүр жижгэрлээ. Сонгогчдын сонгох эрхээ эдлэх нөхцөл эргээд явцуурч ах дүү олныхоо бодлыг дагасхийгээд саналаа дугуйлчихдаг хайнга сонгууль давтагдах нь дээ.
Нэгэнт дахин засварлагдсан сонгуулийн хууль батлагдсан тул дараагийн жижиг техник ажлууд хийгдээд урьдын улаан цэнхэр гэсэн хоёр өнгөнд 76 тойрогт жижиглэгдсэн 2 сая сонгогчийн санал яаж хуваагдахыг харах үлдэв. Гэхдээ үзэг эргүүлэх эрхийг сонгогчийн гарт үлдээсэн Үндсэн хуулийн дархан заалт хэвээр байгаа.
Пүрэвжав Баярхүү /тоймч/