Жагсаалтын 28 байхгүй боллоо. 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж УИХ үзлээ. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. 76 жижиг тойргоор явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэдгийг УИХ-ын эцэслэнэ. Дараагийн төрийн жолоог атгах эрхийн төлөөх эрх зүйн орчинд хийх өөрчлөлт бүх боломж үүгээр шавхагдаж байаа гэж найдья.
2012 оны сонгуулийн хуулиар Үндсэн хуулиа зөрчсөн заалтаар сонгогдсон гишүүд дараагийн сонгуулийн өмнөхөн гэмээ мэдэж хуулиа өөрчилнө гэлээ. Жагсаалт руу хараа шидэж гар амар Их хуралд гарахаар тооцоо хийсэн зарим түшээ энэ өдөр гарах шийдвэрийг урьдчилан харж тойрох арга замыг ч эрэлхийлж байсан. Энэ бол өнгөрсөн жилийн намрын чуулганы эхнээс цочир яригдсан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал байсан юм. Тухайн үеийн санал болгож буй хувилбараар бол Их хурал хоёр танхимтай болж бид 99 депутат гишүүнтэй болох. Засгийн бүтцийг баталгаажуулж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг өөрчлөлтүүд орох байлаа.
Энэ өөрчлөлтийг яаравчлуулж байсан шалтгаан цаагуураа шинэ сонгуулийн хуулийн суурийг тавих бэлтгэл байсан харагддаг. Гишүүдийн тоо 99 болох хувилбарыг Их хурлын дарга өөрийн биеэр тайлбарлаж байр сууриа илэрхийлж байсан юм. “...Төлөөлөл 99 болж олон дарга гарч ирэх нь гэсэн шүүмжлэл байгаа. 1992 онд буюу 23 жилийн өмнө хоёр сая монголчуудыг 76 гишүүн төлөөлдөг байжээ. Одоо гурван сая монголыг 76 гишүүн төлөөлж байна. Гишүүдийн тоо өнөөгийн гурван сая хүнтэй харьцуулбал 120 гаруй байх ёстой. Гэхдээ бид 99 болгоё л гэж байгаа. Ер нь 20-н хэдэн жилд гишүүдийн тоог нэмж байхгүй бол болохгүй...” гэж З.Энхболд дарга олон нийтэд учирлаж байсан.
Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар яаран эхлүүлсэн энэ компанит ажил гараан дээрээ үлдсэн юм. Одоогийн сонгосон төлөөлөлдөө бараг 100 дахин итгэл алдарсан иргэд дахиад гишүүдийн тоог нэмнэ гэдгийг яагаад ч хүлээж авахааргүй дургүйцэл мэдрэгдсэн байх. Ингээд тойргийг нэмэхгүй жагсаалтыг ч оролдохгүй олон фракцын төлөөлөгч гишүүддээ тойргийг набор шиг хуваах төлөвлөгөөгөө түр зогссон. Үүний ард халхалсан нэг чухал заалт мөн байрандаа үлдсэн нь өнөөдрийн Цэцээр дамнуулж сонгуулийн хуулиа өөрчлөх гишгүүр болж байна. Хувилбар нэгээр бол 99 гишүүн ч яамай. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсандаа оруулж Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Улсын Их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтын шууд гэсэн үгийг суга татахад л жагсаалтын гишүүд дардан замдаа шуудрах байлаа. Гэвч иргэд хэдий хямарсан ч Үндсэн хуулиар хамаагүй оролдохыг эрс эсэргүүцсэн ба парламент дотор ч цөөнгүй гишүүд эсрэг байр суурьтай байлаа.
Ингээд явсаар дугаар хорооны иргэд Цэцэд хандаж, Цэц дүгнэлтээ гаргаж өнөөдөр Их хурал “нээрээ тийм юм байна” гэснээр Сонгуулийн хууль дахин засварлагдах боллоо. Энэ шийдвэр нь нэг талаас эцэг хуулинд бусад хууль захирагдах эрэмбээрээ болсон ч нөгөө талдаа хийсэн шинэчлэлээсээ ухралт боллоо гэж дүгнэх хүмүүс байгаа. Энэ бүх гинжин хэлхээнд цуварсан үйл явдлын эцэст намын санал авсан хувиар Их хуралд цөөнгүй суудал бөөндөх төлөвлөөөтэй явсан гуравдагч хүчнүүдийн жилээ даасан зүтгэл хэрэггүй ажил болов.
АН ба МАН-ыг шахна гэж айлгаж байсан намууд эсрэгээр АН-аас нэр дэвшинэ гэж дуугарч байгаа нь үүний тод жишээ. Жагсаалтаа алдсан ч зангаргаараа гарнаа гэсэн хоёр том намын итгэл үүгээр улам зузаарч жижгүүд нь тэдний бөөрөнд нь суух зай булаалдаж эхэллээ. Сонгууль сонирхолгүй болох шинжтэй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |