2008 онд шиг санаж байна. Нийтлэлч Баабар “Хүмүүс өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх эрхийг Элбэгдорж ба түүний нөхөд монголчуудад авчирч өгсөн юм. Эрх чөлөөг бүрдүүлэгч өмчлөх, үг хэлэх, сэтгэн бодох, зорчин явах, хөдөлмөрлөх бүх эрх бусдын гарт байлаа. Энэ булаагдсан эрхийг гал хэмээвэл эргүүлж авчирсан Элбэгдоржийг Зевсээс гал хулгайлсан Прометей хэмээн зүйрлэм. Харин тэрхүү галыг олж авсан хүмүүс одоо Элбэгдоржийг цовдолчихоод авчирсан галаар нь шарж түлж тарчлаан өрөвдөм муу бахаа хангана” гэж бичиж байж.
Аугаа Баабарыг заримдаа Ванга эмээтэй зүйрлэмээр ч энэ хэтрүүлэг байх. Элбэгдорж ганцаараа гал хулгайлсан нь ч юу юм. Үүн дээрээ тулбал Ардчилал гэдэг үгээр чимэг хийдэг олон хүн хоёр гараа зэрэг өргөж байгаад ч болтугай эрх чөлөөний “галын хулгайч” ийн дүрийг дуртайяа түүнээс булаах биз.
Одоо бол Баабарын бахархан билэгдсэн Прометей мартагдаж, Ардчилалын галыг асааж бадраасан гэх чимгийг өөртөө наах дуртай тэр хүмүүс бие биенээ хэмлэн талцаж байна.
Уг нь монголчууд дөрөвхөн жилийн өмнө улс орныхоо гурван сая иргэдээс хамгийн шударга, хамгийн эх оронч, хамгийн ухаантай, хамгийн ёс суртахуунтайг нь хэмээн шилж сонжин байж энэ хүмүүст хувь заяагаа даатгасан билээ.
Тэд ч ихийг амласан. Ардчилалтай, шударга ёсыг эрхэмлэсэн, хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй, түүх соёлоо дээдэлсэн, төрт ёсны уламжлалаа хадгалсан улс болгон хөгжүүлнэ, олуулаа сайхан амьдарцгаана гэсэн.
Гэтэл бид эндүүрч. Хулгай хийж сурсаныгаа бизнес хийж байна гэж ихэрхдэг, худлаа хийрхэхийгээ эх оронч хэмээн эндүүрсэн, ёс суртахуун, шударга сэтгэлээс илүү мөнгө, эрх мэдлийг улайран шүтдэг хүмүүст төрийн эрхийг өгсөн байж.
“Эх орончид” эрх барьсан эхний өдрөөсөө л хулгайч нарын жөтөөрхүү зангаар эрх мэдлээ булаалдан толхилцож, хэсэг бүлгээрээ хуваагдан тэмцэлдэж эхэлсэн нь одоо бүр хэрээс хэтэрч байгаа нь сүүлийн үед болж буй үйл явдлаас олон нийтэд илхэн харагдаж байна.
Тэртээ хоёр мянганаас улбаатай төрт ёсны уламжлалаар улс үндэстэний эрх ашгаас илүү улс төрийн нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж байх ёсгүйг үе үеийн төр баригчид үлгэрлэж ирсэн атал эсрэг хэмээр цэнэглэгдсэн гэмээр энэ хүмүүс чухам яагаад улс орны эрх ашгийн эсрэг хөдөлж, цаашдын хөгжилд тээг болох болов?. Шалтгаан нь их энгийн. Ердөө цөөн хүмүүсийн чи их идэж байгаа бол би бага идэх ёсгүй гэсэн шунал хүсэл.
Бүгд итгэл тавьж хүлээсэн олон төсөл, хөтөлбөрүүд аль эртнээс жамаараа хөгжиж болох байсан хэдий ч энэ “ховдогууд” их гай болсон. Ховдогууд санаагаа гүйцэлдүүлэх гэж төрийн нэрийг ашиглаж, үгүйрүүлчихээд, одоо ард түмнийг “дэлхий ертөнцийн эдийн засгийн хямрал” хэмээн хуурч сууна.
Үнэн хэрэгтээ энэ бүх гацаа цөөн “ховдогууд” ын хоорондын хувийн харилцаанаас болсон гэдэг. Тодруулбал МСS-ын Ж. Оджаргал, Х. Баттулга гэсэн нэгэн нутаг усны хоёр олигархийн учир битүүлэг “дайн” Монголын эдийн засгийг тэр чигээр нь хойш нь чангаасан билээ. Ж.Оджаргалын гадны түншүүдтэйгээ байгуулсан консорциум, Тавантолгойн тендерт ялсан нь “эх оронч” Женкогийн гэдэнг хөдөлгөсөн тул тэрбээр улстөр дэх эрх мэдэл өөрийн боломжоо ашиглан уг төслийг гацааж орхив. Төрийн бүх институци түүний хүслээр хөдлөж, түүний дохио зангаагаар бүгд зогсдог болохыг тэр хүсэж, тэгж ч чадсан нь гайхмаар.
Таван толгой гацсанаас хойш хэсэг хугацааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт дээрх төслийг дахин засварлаж УИХ-д өргөн барих болов.
Төслийн шинэчилсэн хувилбарт Х.Баттулгын ашиг сонирхлыг шингээж, 265 километр төмөр зам барих “Шинэ төмөр зам” төслийг түүний мэдэлд өгч байж дээрх төсөл цааш хөдлөхөөр тусгагдсан тухай хэвлэлүүд бичиж байв.
Бүхэл бүтэн гурван сая хүний амьдрал өсөж, дэвжих эсэх нь атаархуу ганцхан олигархийн хурууны үзүүрээр шийдэгдэх болж гээд бодоход ч харамсмаар, бас итгэмээргүй.
Гэхдээ тэр үүнийгээ тайлбарлахдаа “МCS гэгч хувийн компани өөрийн салбар Энержи ресурсийн хөрөнгийн зах зээлд алдсан тэрбумаар тоологдох долларын алдагдлыг нөхөхийн тулд ард түмний Таван толгойг золионд гаргах гэж улайраад байгаад нь эх орондоо хайртай иргэн хүний хувьд дургүй нь хүрсэн” гэдэг. Уг нь Женко шиг эх оронч бараг байгаагүй шүү дээ. Гэтэл тэр аль хэдийн төрд шургасан ховдог олигарх болж, үнэхээр тийм тохироо ч явагдсан байж. Харин одоо энэхүү төмөр замын төсөл нь эргээд түүнийг боомилох гогцоо болж, төсөлд оролцсон түүний хүмүүс Төмөр замын төслийн мөнгийг угаасан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байх шиг байна.
Сэтгэл нь ханаагүй “ховдог” олигарх ганц хүрз ч шороо зөөгөөгүй байж төслийн 483 сая ам.долларыг улс гүрэн дамжуулан зүс бууруулах ажлаа түрүүлээд хийчихсэн бололтой. Тэр энэ хэргээ нам дарахын тулд хүчтэй ПИАР-ын баг бүрдүүлж, янз бүрийн сэдвээр зохиомол асуудал үүсгэн, сошиал ертөнцөөр цаг үеийн нөхцөлтэй уялдуулан түгээж, олон нийтээр хэлэлцүүлэх зэрэг арга замаар анхаарлыг нь сарниулахыг оролдож ч үзсэн билээ. Үүний нэг нь “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг байлаа. Таван толгойг тойрсон үйл явдлын үнэн учрыг учрыг нь ойлгоогүй олон нийтийг эргэлзэхэд ч хүргэсэн энэ нэвтрүүлэгийн дараахан Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзан бэлтгүүлээд байгаа захиалгат нэвтрүүлэгүүдийнх нь болон төмөр замын тал дээр байр сууриа илэрхийлсэн байдаг. Энэ тухайгаа Ерөнхийлөгч “би Х. Баттулгыг өмнөө суулгаж байгаад өөрийн чинь гарт бололцоотой бүх эрх мэдлийг атгуулсаар байтал энэ арчаагүй хувийн тоглолтоо зогсоож, төсөл хөтөлбөрийг хэвийн явуулахад битгий саад бол, улс орноо бодооч гэж найзын хувиар зэмлэсэн” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч “Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол гэх сэдвүүдээр улс төр хийж болдоггүй. Ингээд л талцаж нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн захиалгат нэвтрүүлэгээр байлдаад байж болно гэж үү. Иргэд хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Жирийн ард иргэд асуудлыг тал талаас нь ярьж, үзэл бодлоо яаж ч илэрхийлж болно. Харин улстөрийн албан тушаалтан хүн ингэж болохгүй. Хүссэн хүн бүр тусгаар тогтнол, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар харгалдаад байж болохгүй. Монгол Улс үүнд нэгдсэн бодлоготой байх ёстой. Бас төмөр замын асуудалд анхаарах бүх боломж нь чамд байсан. Анхааруулсан шүү дээ. За Баттулга аа хүрз барьж чадах бүх хүнээ дайчлаад ч хамаагүй 50, 100 км-аар нь хуваагаад далангаа босгоодхоорой. 2010 он гэхэд үр дүн гаргаадхаарай гэсэн ч юу ч байхгүй. 2012 онд дахиад л уулзсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өөрөө ямар ч ажил хийгээгүй. Хүнээр ч ажил хийлгээгүй. Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна. Яагаад баригдаагүй юм гээд иргэд өөрөөс чинь хариуцлага нэхэх эрхтэй шүү” гэж нэлээд хурц зэмлэсэнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийт нээлттэй харсан. Мөн саяхан хийсэн хэд хэдэн мэдэгдэлдээ “Улс оронд болоод буй хямрал бүхэнд зөвхөн улс төрчид буруутай”. “Хууль зөрчдөг хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг гэж би боддог", "Хараад байхад улс төрийн хүрээнд хуулиас зугтдаг даварсан хоёр л этгээд Монголд байна", "Х. Баттулга надад би Таван Толгойг авъя гэж хэлж байсан". “Хариуцлагагүй улс төрчид төрийг хариуцлагагүй болгож байна”. “Хэрэв төр нь хариуцлагагүй байх юм бол бидний ардчилсан нэр ч утгагүй болно” хэмээсэн нь улс орныг хямралд түлхэн гацаасан төрийн өндөр албан тушаалтнуудын нэгний тоонд зүй ёсоор нэрлэгдээд байгаа энэ эрхэм найзынхаа тухай үнэнийг хэлэхээс өөр аргагүйд хүрсэн гэлтэй. Энэ бүхнээс харахад ховдог олигарх маань тийм ч шударга, эх оронч нэгэн биш байсан болж таарлаа.
Олигархын хувьд тэрийг гүйцэх улстөрч монголд бараг байхгүй. Монголын дотоодын эдийн засгийн гол сүлжээ хүнсний үйлдвэрүүд, зочид буудал, аялал жуулчлалын цогцолборууд бүгд түүний хувийн өмч. Тэр бүх салбарт дэндүү хүчтэй хөдлөдөг тул зарим хүмүүс түүний ард оросын мафийн баг зогсдог гэж харддаг.
Гэхдээ өрсөлдөгчөө хайр найргүй буулгаж гартаа оруулж авахыг хүсдэг тамирчин хүний хүчтэй, тооцоотой хатуу араншинг нь эндүүрсэн ч байж магадгүй. Үйл явдал хуулийн хүрээнд өрнөж, түүний Таван толгойн барьцаанд авсан “Шинэ төмөр замын төсөл” -ийн хэрэг шалгагдаад ирэх үед бие хамгаалагч болон хөхүүл хүүхэдтэй туслах бүсгүйгээ золионд гаргаж чадсан нь түүний тооцоотой зангийн нэг илрэл байлаа. Зөөлөн сэтгэлтэй монголчууд хөхүүл хүүхэдтэй бүсгүйг өмгөөлж өмрөхийг тэр сайн тооцоолсон биз. Дараа нь хуулийнханы тайлбарласанаар дээрх “төслийн мөнгө ороод гарсан асуудалтай холбогдуулан зайлшгүй шалгах” ын тулд монголын цагдаа бараг л “босогчдын” гарт орох шахсан билээ. Цагдаа шалгахаар ирлээ гэх сургаар бусдын сэтгэлийн учгийг чадварлаг татаж сурсан тэрээр ард түмний хүндлэж бахархаж явдаг нэртэй бөхчүүд, ивээлд нь байдаг жүдогийн клубийн тамирчид, фракцид нь багтдаг улстөрчид зэрэг өөрт сайн ханддаг болгоныг уриалан дуудаж цуглуулан, төрийн эсрэг турхирахыг завдсан нь олон хүний урмыг хугалсан.
Шударгыг хэн ч шийтгэдэггүй тул үнэхээр төрд хохирол учруулаагүй бол төрийн хар хүн шиг намбайж байгаад шалгуулчихгүйдээ гэх харамсах сэтгэл төрсөнийг нуух юун. Прометейн галыг бадраах амласан амлалт, төрүүлсэн итгэл найдварыг нь бодож сонгосон эх орончоо улс орноо үгүйрлийн ангал руу түлхсэн дөрөвхөн жилийн настай үр могой, ховдог улстөрчдийн нэг байх юм гэж хэн ч бодоогүй билээ.
Үүнийг ойлгохын дээдээр ойлгосон Женко харин зөрүүдлэхийн дээдээр зөрүүдэлсээр байгаа одоо хүний хүзүү бүдүүн ч хуулин дор, бухын хүзүү бүдүүн ч бугалган дор гэдэг л болж орхилоо доо.
С. Тэгш