Тавдугаар сарын хувилбар
2016-05-01

Хаврыг үдэж зуныг тосох энэ сар сонгуулийн ширүүн тулаанд улс төрийн намууд эцсийн байрлалаа эзлэх сар. Улс төрийн амьдралын хавсарга намжих бус дэврэх сар гэж улс төрийн зурхайчид энэ сарыг зурж сууна. Сонгуулийн өмнөх сар болохоор тайван сар болно гэж зурах аргагүй л дээ. Дөрөвдүгээр сарын улс төр тийм ч таатай өнгөтэй байгаагүй тул тавдугаар сар энэ бүхнийг эмхлэх хүлээлтийн сар болчихвоо.

 

Анх төмөр зам барихтай холбоотой хэргийн шуугиан байснаа Х.Баттулга гишүүн ба Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын сөргөлцөөн болчихоод байгаа АН-ынхны заамдалцаан бүрэн тавилцсан гэхэд эргэлзээтэй. Үндсэн асуудлаа яриагүй түр завсарласан ҮЗХ-ны хурал нь үргэлжлэхдээ халз зодооноо зогсоож сонгуулиа бодсон шийдвэр гаргана гэсэн хүлээлт гишүүдэд нь байна. АН-ын талцаан сонгуулийн шаардлагаар тайван байдалд түр шилжлээ ч дотооддоо задрал хуваагдал авчрах нь тодорхой болоод байна. МоАХ нь даргаа дагаж  салах тухай яриа гаргаж байсан бол С.Уянгын даргалсан нам АН-ын гомдогсдоор хүчээ зузаалж магадүй боллоо. Бүгд л гуравдагч хүчин нэг юм дуулгана гэсэн бөөгийн шоогоор давхар шинэ нам шиншлээд байгаа нь эндээс харагдана.

 

ХҮН намынханд дээрээс явуулсан хортой дугтуй үйлчилсэн бололтой дангаараа сонгуульд орохоор морио давирахгүй гэсэн мэдэгдэл хэвлэлээр гарч эхэллээ. МАНАН-гийн эсрэг хүчтэй гуравдагч хүчин болно гэсэн таамагт дээгүүр нэр явсан улс төрийн энэ хүчин хөл дээрээ тэнцэх хагас жилийг давж чадсангүй бүдэрлээ. “АН-ыг дэмжисхийгээд явчих уу...” гэж ханд хаяж байгааг нь харахад гайгүй намтай эвсэж бөөрлөөд хэдэн дарга нь Их хуралд суудал горилж байгаа нь бараг ил боллоо.

 

Дөрөвдүгээр сарын 1-ний инээдмийн өдрийн бүх хууралтыг хол орхисон гайхалтай хуурталтад хашир МАН унаж нэг шөнийн настай эвслийн гэрээ тэврээд үлдсэн үйл явдал болсон. Үүний ард даргаа аврахын тулд хэний ч өвөрт очиход бэлэн гэдгээ илтгэж сул гунхаж яваа бүсгүй шиг МАХН асуултын тэмдэг болов. Тавдугаар сарын бороонд хэний шүхэр дор зогсох нь барьцгүй хэвээр. Энэ намын даргын хувьд байдал хүнд байна. Улс төрийн гэж болох хэд хэдэн шийдвэрээсээ эргэж буцаж хоёр томын эгдүүг хүргэсээр яваа нь маш эрсдэлтэй байгаа юм. Ингэж явсаар нөгөө хоёр нь нийлээд нүүчихвэл яаж мэдэх нөхцөл байдал үүсч болно. Хөх тэнгэрийн доорх Цэцийн лүндэнгээр эхлүүлсэн жагсаалтыг баллуурдах сонгуулийн хуулийн өөрчлөлт бол усанд урсаж мэдэх болоод байгаа МАХН-ын зуураад байгаа сүүлийн ганц мөчрийг огтлоод хаяхтай адил болно. Үүний ард хүч нэмж “Эвсэнэ” гэж гар бариад элэгдүүлсэн МАН хариу барьж хайч явуулж байж магадгүй.

 

Жагсаалтыг үгүй хийгээд томсгосон тойрогоор үзэхэд АН ба МАН хоёрын сонгуулийн хасах тоо яг адилхан. Харин МАХН-ын алдах суудлын тоо 10 дотор яригдах ба хүлээн зөвшөөрөгдсөн хоёр гурван танилууд л эргэж ирж магадгүй. Үүн дээр өршөөлийн билүү цагаатгах тогтоолоо үнэхээр батлуулж чадвал дарга Н.Энхбаяр нь нэмэх нэг болж магадгүй.

 

Тавдугаар сард хийх алхмаасаа зургаадугаар сарын төгсгөлд хамгийн их харамсаж магадгүй хүчин бол МАХН ба түүний дарга Н.Энхбаяр болоод байна. Сонгуульд шаансгүй болгох энэ нарийн тоглолтын эсрэг МАХН-ын зүгээс хийж чадах хоёр боломж байгаа харагдана. Эхний боломжоо ашиглаад завсарлага авчихаад байгаа. Хоёр дахь нь нэгдэхийнхээ үргэлжлэл буюу энэ завсарлага хооронд сүүлийн наймаагаа хийж авах. Хагас жилийн турш хоёр намд зэрэг явуулсан айлгах ажиллагаа нь одоо явцгүй болсон тул хэнтэй нь үлдэхээ сүүлийн байдлаар зарлах цөөхөн хоног үлдээд байна. Ирэх 7 хоногт өршөөлийн тогтоол Их хурал дээр унавал  улсаа бодлоо гэсээр МАН-даа очно гэсэн таамаг байна. 

  

Сүүлийн байдлаар 13 нам, 3 эвсэл сонгуульд оролцохоор албан ёсоор санал хүсэлтээ ирүүлсэн талаар хэвлэл сайтууд мэдээлж байна. Үүний ард тулааны зургийг байнга өөрчлөх болдоггүй шар хүн болоод байгаа Н.Энхбаяр болон намтайгаа найзлахгүй болоод байгаа Х.Баттулга нарын хийх тавдугаар сарын сүүлийн хувилбар сонирхох сэдэв хэвээр үлдлээ.

 

Сонгуулийн бие халаалтыг хараад байхад ард түмний санал яаж буух вэ гэдгээс илүүтэй гарцаагүй байдлаар хийсэн хуулийн фонн дээр хэрхэн зүүгдэх вэ гэж бөөн ухаан зарсан өдрүүд байлаа. Энэ бүхний хаалт болгож нам эвслүүд ирэх 7 долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулах учиртай.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
batzayagaas bolj toriin ajliin toroos torson terbumtan boldog yavdliig moodnoos
2016-05-01