Улсын дээд шүүхэд улс төрийн 24 нам албан ёсны бүртгэлтэй бий. Тэдний нэг нь Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН). 2011 онд байгуулагдаж, улсад бүртгүүлсэн гэх энэ нам сүүлийн нэг жил л “амь орж”, элдэв хурал, жагсаал цуглаан хийж, олны анхаарлыг татсан. Монголын шилдэг гэх залуусыг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн шинэ хүчин бий болж байгаад нааштай хандсан хүмүүс ч цөөнгүй байсан. Харин өнөөдөр энэ улс төрийн хүчинд юу болоод байгааг мэдэх хүн алга. ХҮН-ынхан өөрсдөө ч учраа олохгүй байгаа бололтой.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэйгээр бол ХҮН-ын албан ёсны дарга нь С.Боргил. Дээд шүүхийн энэ шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр буй. Харин яг өнөөдрийн үйл явдлаас харвал ХҮН-ыг Т.Ганболд удирдаж буй бололтой. Тэгэхээр ХҮН-ын дарга нь хэн бэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсэж, бүр их хурлын шийдвэрээр дарга нь болж байсан цаг саяхан. Тэрбээр ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн мэдэгдэл хийж, ХҮН-ынхан ч том мөрөөдөж суусан. Харамсалтай нь түүнийг Улсын дээд шүүх намын даргаар бүртгэхээс татгалзсан. Үүнтэй зэрэгцэн ХҮН-ын салан тусгаарлагчид Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэх албан бичгийг Дээд шүүх рүү илгээж, мөн л босго даваагүй. Энэ үйл явдлаас сар хүрэхгүй хугацааны дараа ХҮН-ын тамгатай бас нэгэн албан бичиг Дээд шүүхэд очсон. Тэр нь тус намаас дахин өөр дарга тодорсон тухай байв. Энэ удаад ХҮН-ыг Т.Ганболд удирдахаар болсон учраас бүртгэж өгнө үү гэсэн ч Дээд шүүх мөн л татгалзсан хариуг өгсөн. Учир нь Б.Найдалаагийн багийнхны найдлага тасраагүй, даргаар бүртгүүлэх хүсэлтээ дахин илгээсэнтэй холбоотой. Ийн намын дотоод зөрчлөөсөө болж, Дээд шүүхийн босгонд хэдэнтээ бүдэрсэн ХҮН-ыг өнөөдөр хэн удирдаж байгаа нь толгой эргүүлсэн асуудал болов. Улсын дээд шүүхэд бол С.Боргил данстай бий. Харин элдэв албан бичигт Т.Ганболдын гарын үсэг зураастай байгаа нь хачирхалтай.
ХҮН-ын дарга Т.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг олон нийтийн сүлжээгээр тарав. Уг бичигт ХҮН 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлжээ. ХҮН-ын Б.Найдалаа, С.Боргил, Д.Гантулга нар “нялх” байгаан дээр хувийн амбицаа бүхнээс дээгүүр тавьж, намын дотоод зөрчлөө шийдэж чадахгүй байгаа тухай дурдаж, ХҮН-аас хэн нэгэн сонгуульд нэр дэвшихгүйг мэдэгджээ. Тиймээс улс төрийн чиг баримжаа ойролцоогоор нь АН-ыг дэмжихээ мэдэгдэж, Т.Ганболд гарын үсгээ зуржээ. Ямар намыг дэмжиж, хэний захыг мушгих нь тэдний асуудал. Харин Т.Ганболдын гарын үсэгтэй энэ албан бичиг ХҮН-ын албан ёсны шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь Т.Ганболдыг ХҮН-ын дарга гэдгийг албан ёсоор баталгаажуулаагүй. Магадгүй энэ бичиг С.Боргилын гарын үсэгтэй байсан бол учир мэдэх хүмүүс илүү итгэл үнэмшилтэй хандах байсан биз.
Улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулж, СЕХ-нд хүсэлтээ илэрхийлээд байна. Тэдний дунд ХҮН ч багтаж, мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгсөн. Харин СЕХ-нд хүсэлтээ илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй байна. Т.Ганболдын бичгээр бол энэ удаагийн сонгуульд ХҮН-аас хэн ч нэр дэвшихгүй бололтой. Намын зөрчлөө ярилцаж чадахгүй байгаа хүмүүс улс орны асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь ч үнэний ортой.
Гэхдээ ХҮН-д элсч, бараг л загалмайлсан эцэг нь болох шахсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар яах вэ. Бие даагчдын эгнээнээс гарч, намтай болсон тэрбээр Т.Ганболдын шийдвэрийг дагах болов уу.
Энэ мэтээр ХҮН-ыг тойрсон олон асуулт байна. Толгой эргүүлсэн олон асуудлын учрыг нь олж байгаа сонгогч ч алга. Тодорхой ганц зүйл нь ХҮН-ынхан энэ сонгуульд оролцлоо ч далаараа цэвэр тавиулна. Даргын суудлаа шийдэж чадаагүй намыг улс орны асуудалд оролцуулна гэж юу байхав.
В.Хэрлэн