Д.Булганы хувьд өнөөдөр онцгой өдөр. Өөртэй нь богинохон зайд ханилсан ч Монголын шинэ үеийн түүхэнд тод мөрөө үлдээсэн С.Зориг агсны төрсөн өдөр нь тохиож байна.
Ардчилсан хүчин анхны зорилгодоо хүрч шинэ Үндсэн хуулийг батлуулж олон намын тогтолцоот улс төрийн орчин, чөлөөт эдийн засагтай орон болох алхмыг хийсэн он цагууд энүүхэнд санагдана. Анхны бага хуралд сууж “Та яагаад гэрлээгүй юм бэ” гэсэн сониуч асуултад шалуулж суусан С.Зориг ид насандаа их хэргийнхээ ард гарсны дараа гэр бүл зохиосон.
Олны хараанд байдаг хүний хувьд түүний сонгосон хань нь ямар хүн бэ гэсэн сониуч хараа тэднийг тойроогүй. Гэхдээ ард түмэн “шар” хүүдээ ямар их хайртайг мэдэрч байсан тул тухайн үеийн махчин шар сонинууд ч тэднийг нэг их ноолоогүй.
Хувь хүнийхээ хувьд С.Зориг ямар хань, эр нөхөр байсан бэ. Үүнийг түүний амьдралд байсан цорын ганц хань болох Д.Булган л хэлж чадах байх. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “...Би өвгөндөө, “Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ” гэж хэлэхэд миний шар, “Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу. Хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за” гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм...” гэж дурсчээ.
Бусдын жаргалыг тэр дундаа гэр бүлийн халуун дотно харилцаа ба бусад нарийн зүйлсийг хөндлөнгөөс дүгнэх нь өрөөсгөл. С.Зориг, Д.Булган хоёр тансаг харшид биш ч хоёр биендээ хайртай, халуун дотно амьдарч байсныг өнөө үүсээд буй нөхцлөөр харж бүхнийг харлуулах нь зохисгүй биз. Амьдралд бие биенээ олсон тэдэнд улс төрийн өндөрлөгөөс ч илүү гэр бүлийн аз жаргал байсан гэж таньж мэдэх ойр дотных нь хэлдэг.
Гэхдээ С.Зориг жирийн нэг хүн гэрийн эзэн байхад хэцүү байсан. Эхлүүлж ялуулсан ардчиллаа төгөлдөржүүлэх, журмын нөхдөө зөв залах, шинэ Монголын оюун санааны удирдагч байх хүнд үүрэг түүний нуруунд ачаа хэвээр байсан. Тиймээс ч шатар хань хоёртоо гаргах цаг С.Зоригт бага байсан байх.
Улсын Их хурлын гишүүн С.Зоригийнх гэдэг айл цалингаараа л амьдардаг байсан гэдэг. Ханийнхаа завгүйд хар захаар эргэлдэж хямд хувцас гутал авч алхдаг байснаа хань Д.Булган нь дурссан байдаг. Мэдээж түүний байнга үлгэх дуртай утаа болох Стеардесс тамхийг нь мөн бөөнддөг.
Нэртэй улстөрч жирийн олны жишгээр амьдарч болохын жишээг журмын нөхөддөө харуулж явсан цалингаараа амьдардаг С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд хорвоод мэндэлжээ. Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан. Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн гэдгээрээ Википедиа-д бичигдэн үлджээ.
Түүний улс төрийн амьдралыг ард түмэн ил харж байсан ч хувийн амьдралынх нь толины тусгалыг төдийлөн анзаардаггүй байсан. Орой гэрлэсэн С.Зориг богинохон насласныг бид мэднэ. Ард нь үлдсэн хань хар хэргийн амьд гэрч болж өнөөдөр удаан хугацаанд хоригдож байна.
Онцгой гэмээр нөхцөлд удаан хоригдож байгаа С.Булганы талаар Ц.Оюунгэрэл гишүүн мэдээлсэн. Энэ уулзалтаар “Би аль хэдийн яллагдагч болсон” гэж тэрбээр хэлсэн байна. Магадгүй эргэж гарахад хүнд мухарт орсон бололтой санагдсан. С.Зориг агсны төрсөн өдөр ханийг нь хатуутган муулах эрхгүй бид. Түүнд ханиа алдсан уй гашууг буйг ойлгож, мөрөөдөж байсан сайхан амьдралынх нь төсөөлөл ханийх нь үхэлтэй үүрд ард нь үлдсэн харууслыг Монгол хүний саруул ухаанаар хуваалцах ёстой болов уу.
Хэрвээ С.Зориг цаг насаа бүтэн эдэлсэн бол хань Д.Булгантайгаа хамт л насыг барж цалингаараа амьдарч шатраа тоглосоор суух байсныг бол баттай хэлж чадах байна. С.Зориг энгийн даруу нэгэн төдийгүй амьдралдаа хайртай эх орныхоо ирээдүйг томоор харж байсан.
Ёжтой инээмсэглэсэн төрхтэй, аливаад нухацтай, зарчимтай хүмүүжсэн С.Зориг хүү өдгөө байсан бол 54 насныхаа төрсөн өдрийн баярыг хийж суух байлаа. Баярын ширээнд зочдоо уяж “Одоохоон...” гэсээр шатраа л нүүж суух байсан даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |