Бямба гараг. Өмнөд Солонгосын Сөүл хотод байх манайхан олноор орж гарах “Таун” гэдэг газар. Энд байх Монгол зоогийн газарт тостой цуйван идээд сууж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нэг дэх өдөр нь Улаанбаатарт ирчихсэн улс төрийн хэдэн намыг нэг түмпэнд хийж зуурах дөхөв.
Манайхан ер нь бултах булгихдаа үнэхээр сайн юмаа. Гэрээндээ тулсан байсан Тавантолгойг тулгаж байгаад өглөө нь гацаасан байдаг. Зүгээр хурдан морины наймаа бус улс төрийн ажил тул шууд больчихлоо гэх эвгүй. Анх тохирсон өөрийн хувийг байж боломгүй нэмж хэлээд нөгөө тал уур нь хүрээд өөрсдөө явахыг нь хараад үлдсэн. Энэ аргыг МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН дээр дахин нэг туршаад авлаа.
51:25 гэсэн зарчмыг баримталж нэр дэвшигчдээ тодруулна гэж МАН-тай тохирсон бол маргааш нь утсаа авахгүй байснаа 51:25 биш бүр 50:50 байвал очлоо гэж мессеж шидсэн бололтой юм.
Урьд орой нь МАН-ын бага хуралд элчээ илгээж хувиа тохироод эргэлт буцалтгүй эвсэх болсон талаар мэдээлэл хийлгэж байхдаа нөгөө чихэндээ өөр утасны чихэвч зүүчихсэн АН-ын даргатай ярьж суусан бололтой. Энэ мэхэнд нэг нам төдийгүй хэвлэл мэдээллийнхэн үзэгч уншигч нартайгаа давхар тонгоруулав. Бага хурлаас эвслийн баярын хурал болох сценарт өрнөж байсан МАН-ын төлөөлөгчид бараг бат болсон ялалтаа тэмдэглэж жоохон ууцгаасан гэсэн. Маргааш нь бол уур бухимдлаар шараа тайлах болсон хэрэг. Энэ бүхэн бол Н.Энхбаярын зальтай бултсан талаарх шар талдаа цацаж байгаа мэдээллүүд.
Үнэн хэрэгтээ юу болсон юм бол.
Сарын өмнөхөн “Ам нээвэл” гэдэг ТВ-ийн нэвтрүүлгээр Н.Энхбаяр дарга оролцож байв. АТГ-аас намайг хилээр гарахыг хорьчихоод байна. Эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна гэж цөхрөнгүй өгүүлж байв.
Гэтэл гэнэт зүгээр гараад явчихав. Нөгөө талд АТГ-аас Н.Энхбаярыг шалгаж байгаа сэжигтэн хэвээр гэсээр байсан ч хилээр нэвтрүүлэв. Өрөвдөөд гаргасан уу. Энэрэнгүй нийгэм үнэхээр цогцлох гээд байна уу. Эндээс АН-ын Н.Энхбаяртай хийх шинэ тохирооны үнэр гарч эхэлсэн. Түүнийг түр анхаарлаас гаргаад Х.Баттулга гишүүн тэмцэгчийн гол тавцанд үлдэхэд давхар тохироо хийгдэж эхэлсэн байх талтай.
Жудагт хөдөлгөөний жагсаал дээр хаана сонгуульдахаа харуулж индэрт гарсан Г.Уянга гишүүний оройлсон намын ард Х.Баттулга гишүүн байгаа нь одоо бараг ил боллоо. Товчдоо хоёр том болоод шинээр тодорч буй намууд бүгд нэг салаа мөчиртэй адил гэж харж болохоор байна. Г.Уянга гишүүнийг өмнөө гаргаж Женкогоор фон хийсэн энэ намын ард АН бүхэл тал нь зогсч байж болно.
Могой гурав тасравч гэдгээр АН сонгуульд уналаа гэхэд 20-оос дээш хувиа бариад гараад ирнэ. Нөгөө талд хүчтэй сөрөг хүчний дуу хоолойтой Г.Уянга, Х.Баттулга нарын нам 20 хувь бариад ороод ирвэл энэ хоёр эвсээд төр барьчихна. Үндсэндээ АН эргээд л ялчихаж байгаатай адил. Үүн дээр хөвөгч нарын саналыг хуу хамж чадах Н.Энхбаярын нам өөрийнх талд эвсэл болоод 10 хувийг атгаад орвол өөртөө итгэлтэй байгаа МАН-ыг ялж дахиад цөөнхийн суудалд гуниглуулж болно.
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам бол явсаар АН-ын нөөцөнд байсан нам ч гэж болохоор харагдаж эхэллээ. АН дангаараа сонгуульдана гэж үүрэг гүйцэтгэгч генсек нь өчигдөр итгэлтэй мэдэгдлээ. Үүний цаана МАН-ыг ялалтын тавцанд түлхчихэж мэдэх МАХН-тай хийх эвслийг зогсоох нь АН-ын фракцуудыг нэгтгэсэн том зорилго болсон ба үүнийгээ өчигдөр бараг л амжуулчихлаа.
Таамаг шуугиан үнэн болж Н.Энхбаярыг өршөөх цагаатгах тогтоол биеллээ оллоо ч Н.Энхбаяр баярлалаа гэж гар барихгүй. Гэмгүй хүнийг цагаатгаж, алдаагаа заслаа гэж малилзаад суух юм. Энэхүү улс төрийн шантаажийн дор хүчээр хийлгэсэн цагаатгах тогтоолтойгоо хамт ард нь байгаа олон нийтийн дэмжлэгийг алдахгүй зуугаад үлдэхээ мэдэх хүн.
Ингэхийн тулд зөрөөд МАН-ыг ч мурьж, АН-тай ч таарахгүй царайлж нэр цэвэр иргэний тэмцэгч имиджтэй Г.Уянгаар овоглоод байгаа намтай эвсэнэ гэж шуугиулж магадгүй. Энэ нь цаагуураа АН-тай хийж байгаа тохироогоо биелүүлж байгаа хэрэг бөгөөд үндсэн зуулт, өшөө авалт нь МАН дээр байгаа нь л үүгээр харагдах юм.
Өчигдрийн хүлээлтийн хувьд бол МАН ганц Н.Энхбаярт тархидуулсан биш явсаар АН-ын нүүдэлд уначих шиг боллоо. Гэхдээ МАН-ыг басаж болохгүй. Н.Энхбаярт итгэн гэндсэнээрээ МАН олны дунд дажгүй л үнэлгээтэй үлдлээ. Хуучны том намаа санагалзан хоёр эрэгт суусан олон дэмжигч нь МАХН-аас МАН руу зүг эргэсэн нь гарцаагүй. Сайн нөхрийнхөө итгэлийг эвдсэн хүнд нүүр өгөхгүй эргэдэг онцлогтой ард түмэн шүү дээ. Ямар улс төр хийсэн байх нь сонин биш. “Та ёстой хүн биш ээ” гээд нэг эргэчихвэл дараа нь сөгдөж гуйгаад ч саналаа өгөхгүй.
Н.Энхбаяр сүүлийн улс төрийн панзаа сайн үнэ хүргэж үсэргэлээ. Гэхдээ юу алдсан бэ гэдэг асуулт үлдсэн. Энэ үнэхээр эвгүй хүн байна гэсэн сөрөг яриа олны дунд гарч эхэллээ. Олны итгэлийг нэгэнтээ алдвал олж авахад бэрх л гэдэг.
Гэхдээ энэ бүхний цаана Н.Энхбаяр гоц ухаантай, бүгдээр нь тоглоод байгаа бус ард нь АН давхар нүүгээд байна.
П.Баяр