Солонгос улсын нэгэн Их сургуулийн кэмп орчимд нэг бичил нуур байх. Бодвол хиймэл байх. Гэхдээ их сүрхий тохижуулсан. Хааяа тэнд салхинд гарч тархиа амраахаар очно. Харин нэг зүйл байнга надад эргэлзээ төрүүлнэ. Миний бие бүх хүний эсрэг алхана.
Яагаад ч юм нуурыг тойрсон явган замын чиглэл заасан сум нь баруунаасаа зүүн тийш буюу нар буруу тойрогтой. Зам дээрх сумыг дагаж салхилах олныг дагалаа ч буруу л тийшээ алхаж байгаа санагдах тул буцаад нар зөв алхана. Ганцаараа урсгал сөрж алхаад буй зожиг хүнийг гайхсан асуусан харцаар харах хүн олон. “Нар зөв бэлэгдэлтэй Монгол хүн л дээ би” гэж хэлмээр санагдана.
Бид их бэлэгдлийн хандлагатай ард түмэн байсан. Байсан гэж хэлсэндээ хүлцэл өчье. Одоо бид их бэлэнчлэх төдийгүй, аливаад бэлэг ерөөл жудаг нүнжигээ жарнаар биш жилээр гээж байгаа ард түмэн болоод байна.
Намрын урт найран дээр талбих ерөөл товч болж европжиж байгааг хотжих гэж үйл явц гэж уучилья. Уяхан замба тивийн наран доор хараа цуцаах талд гэрийн хойморт ерөөл тууль хайлах буурал сахалтай өвгөд бүгд тэнгэрт оджээ.
Нар сарны гэрэл цацарсан
Найман өлзий шинж бүрдсэн
Эрхэм хоёр загас элгээрээ нийлсэн
Шүрэн улаан өнгөтэй шүхэр эрдэнийн тооно-т
гэрийг тань мялаах ерөөлч зочныг хайж олох нь одоо цагт “хойдох”-ыг унших лам олохтой адилгүй. Монгол ахуйд зохицсон орон ахуйг хүн байгалийн холбоо, нарийн ур ухааныг утга бэлэгдэл болгож гайхам зүйрлэл ая дангаар холбон өргөө гэр, өрх айлыг сэргэтэл ерөөх гэдэг одоогийн концерт тоглолт, хурим найр хөтлөхтэй жишихгүй. Урьд шөнө нь цээжлээд маргаашийн найран цэнгүүн дээр уншаад байх боломжгүй.
Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо нь өргөн хүрээний судлахуун сэдэв бөгөөд дотроо тооны, өнгийн, зүг чигийн, дүрс хэлбэрийн, дохио зангааны, зүүд зөн совингийн, цагийн зэрэг олон төрөл зүйл байх. Үүнийг долоон үндсэн ай сав болгон үзсэн академич Б.Ринчений нэрэмжит шагналт С.Дулам багшийн бүтээлийг уншиж байсан. Монгол хүний нууц нь бэлгэдэлтэй салшгүй уялдана гэсэн ойголт энд мөн баяждаг.
Ази дахины өнгө, зүг чиг, тоо, цаг, амьтны болон махбодын (зургаан) бэлгэдлийн цогцолбор-чуулбараас ажиглан үзэхэд гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь дөрвөн зүг, дөрвөн зовхис, найман өнгө, найман өнцөг гэсэн хорин дөрвөн хуваариас бүтэж байдаг талаар энэ өгүүллэгт хэлсэн байдаг. Энэ орчил зайд эргэх хүмүүний амьдралыг орчин цагийн бид энгүүнээр хоёр нарны хооронд амьдрах гэж хэлдэг. Нар зөв алхаж байгаль дэлхий сав шимийн барилдлагад хүн болж оршихуйн тухай ухаарал нь Монгол ухааны том бичээс. Үүнээс цааш нуршиж соёл иргэншлийн ба шашны түүх, хэл шинжлэл ба утга зохиол судлал, соёл ба хүн судлал, сэтгэл судлал ба анагаах ухаан зэрэг олон зүйлийн эрдэм ухааныг багтаадаг том сэдвийг бага зайд өнгөц мэдлэгээр өгүүлэх нь цээртэй болох тул үүгээр товчильё.
Бидний дүрслэх бодохын лугшилт болж, энгийн оршихуйд үл таних төгсгөлгүй бүхний далд учгийг хөвөрдөх учиг. Өвөг дээдсээс шүтсэн үл тайлагдах далд ойлголтыг шүтэх чигт хөтөлдөг бэлгэдэл бүхэн нөгөө талдаа цээрлэх хэм хэмжээг агуулж байдаг гэсэн хувийн бодлоо хуваалцаж байгаа юм.
Гэрийнхээ өрхийг нар буруу даллахыг цээрлэдэг нь баруунаас зүүн тал руугаа даллахыг цээртэй болгочихож байгаа. Үүнтэй л адил төрөө эмхэлж гэрээ засахдаа дагадаг ёс бэлгэдэл их. Үүнийг заавал эзэн богдынхоо их ойн дор нэгэн удаа дагаад орхих бус төрийн жолоог атгах өдөр тутмын үйл хэрэгтээ ч санамаар.
Энэ цагийн тойрогт авч үзвэл бид бэлэгдлээ баяр наадмын ёслолд зориулан тусад нь хоргонд хийж залсан мэт харагдана. Бэлгэдэл зүй гэдгээ хадгалах гэхээр өв соёлын биет өвтэй хольж уртын дуу, үндэсний бөх, морины уралдаанаа ЮНЕСКО-гийн хамгаалалтад өгөхөөс өмнө өөрсдөө өдөр тутмын амьдралдаа шингээн хадгалах тасралтгүй үйл явц гэдгийг бид санах ёстой.
Энэ бүхний хамт хөндөн өгүүлэх нь Монгол төр, түүнийг хүрээлэх ард түмний эв нэгдлийг шүтэх бэлгэдэх нь сүлд тэмдгэнд төдийгүй эрх баригчдын оюун санаанд шингэсэн байх нь тун чухаг байна. Төрийн их бэлгэдэл болох сvлд, туг, далбаа, төрийн дуулал нь Монгол түмний минь түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморьтой батжихыг илэрхийлдэг. Нөгөө талдаа төр эвдэрч доройтож үл болно. Улсын төр аль нэгэн зүг, зовхис, өнцөг газраа хэлтийвээс тэнд зохисгүй явдал, хэрүүл зодоон, маргаан тэмцэлдээн, улмаар мөхөл нүүрлэх юм гэсэн санамж. Бэлэгдэл нь нөгөө талдаа сахин дагаж цээрлэх хэм хэмжээ.
Ороо бусгаа цаг өнгөлсөн энэ нийгэмд төр түвшин иргэд эвтэй байх тухайд энэнээс илүү “том” үг нэмж хэлмээргүй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |