“УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд тусгайгийнхан дайран орлоо” гэсэн мэдээлэл өвсөнд тавьсан түймэр мэт тарж, олны анхаарлыг Баянгол зочид буудлын зүг хандуулав. Олон нийт ч ээлжит баривчилгаа хэмээн мэдэмхийрч, үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байв. Гэвч үнэн хэрэгтээ тус ажиллагаа ямар нэг баривчилгаа бус санхүүгийн нэгжлэг байсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж, олонд үнэнийг ойлгуулав.
УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаан дээр Х.Баттулга “нөгөө эвлэрэл чинь хаана байна, дахиад миний хоёр хүнийг баривчиллаа” хэмээн агсамнасан сураг бий. Баривчлагдсан хоёр хүний нэг нь “Женко” группийн охин компани болох “Баялгийн хувь” компанийн удирдлага гэдгийг Х.Баттулга өчигдөр өөрөө хэлсэн. Өмнө нь мөн охин компани ”, “Түмэн хишигтэн”-ийн удирдлагыг хуулийн байгууллага саатуулж, шалгаад сулласан. Харин энэ удаа “Баялгийн хувь”-ийн удирдлагыг саатуулж, хоёр компанийн санхүүгийн баримт бичиг шалгалт, нэгжлэг хийв. Шинэ төмөр зам төсөл болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дээрх хоёр компанийн санхүүг шалгах шаардлага гарсныг цагдаагийн газраас мэдээлсэн.
Туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг нь баривчлах үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би өөрийн хүслээр АТГ-д шалгуулж байгаа. Надаас юу ч гарахгүй” хэмээн том дуугарч байсан. Өчигдөр ч мөн ялгаагүй, “Төмөр замын гэх хэргээс эхэлсэн асуудал одоо хувийн компани руу орж байгаад харамсаж байна” хэмээн харууслаа илэрхийлж байв. Товчхондоо Х.Баттулга УИХ-ын гишүүн надад халдаж чадахгүй байгаа учраас миний хүмүүс, компанийг оролдож байна гэсэн утгатай зүйлийг удаа дараа ярьсан. Тэгэхээр элдэв яриагаар төөрөгдүүлж, гишүүний бүрэн эрхээр халхавч хийх бус зүгээр л шалгуулчих. Үнэхээр л гэм, зэм хийгээгүй бол юу ч гарахгүй нь ойлгомжтой, айх зүйлгүй.
Бодоод байхад өчигдөр Женког аврах гэж маш олон БААТАР Баянгол дээр очжээ.
-Улсын баатар Бат-Үүл
-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр,
-Цагаанбаатар
-Hero Баатар
-Гарамгайбаатар гэх мэтээр Баатарууд цөөнгүй байв. Дээр нь “Эрхэмбаяраа ичих нүүрээ аваад эндээс далд ор” гэх орилох Ардын баатрууд ч олон байлаа. Үүл баатар нэгжлэг хийж байгаа хууль хяналтынхныг буруутгаж, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр айсан цочирдсоноо гайхаж, Hero Баатар Баянголын гадаа найруулагчийн ажлаа хийж, БААТАР-ууд дор бүрнээ л завгүй, аварч хамгаалах ажлаа гүйцэтгэв.
Өнгөрсөн бямба гаригт УИХ дахь АН-ын бүлгийн Их тэнгэрт цуглаж, намын дотоод асуудлаа ярилцаж, эвлэрцгээсэн гэнэ лээ. Харин өчигдөр дахиад хагарчих шиг боллоо, нөгөө эвлэрэл. Женко дээр гүйж ирсэн нэг хэсэг, ирээгүй нөгөө хэсэг гээд хоёр хуваагдсан бололтой. УИХ-ын гишүүн М.Зоригт, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, АН-ын генсек Л.Эрхэмбаяр, хотын дарга Э.Бат-Үүл, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан нар Х.Баттулгын талынхан. Зарим нь УИХ-ын гишүүнд санаа зовниж, нөгөө нэг нь Өргөдлийн байнгын хорооны нэр барьж цугласан нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэгч л болов. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах хууль байхгүйг мэдсээр байж юунаас айж зовж, гүйж ирсэн юм ёстой бүү мэд.
Санаатай, санаандгүйг нь хэлэх боломжгүй цаг хугацааны давхцал өөр нэг асуудал урган гарахад хүргэв. Одоогоос дөрвөн жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-нд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж, бор оймстой хөлийг нь гозолжуулжээ. Х.Баттулгын компанид хийсэн дуулиант нэгжлэг ч сонгуулийн жилийн дөрөвдүгээр сард тохиосон нь сониуч болоод өө хайгч нарт ямар “нэг даалгавар уу” гэсэн бодол эргэлдэхэд хүргэв. Гишүүний өрөө рүү дайран орлоо гэсэн анхны мэдээ л ээлжит баривчилгаа гэсэн бодлыг хүн бүрийн толгойд харвуулж, захиалагчийг нь олох эрэлд гаргасан. Нэгдүгээр хүн үү гэсэн таамаг дэвшүүлэгчид ч гарч ирсэн. Х.Баттулгын бор, хар эсвэл цоохор оймстой хөл гозолзохыг харахыг хүсэгчид ч олон байсан биз.
Өчигдөр Баянгол зочид буудлыг хуулийнхан бус жүдочид бүсэлсэн гэж болно. Ахлах дасгалжуулагч, олимп, тив, дэлхийн аваргуудтайгаа цуглаж, ерөнхийлөгчөө цээжээрээ хамгаалахаар бүслэн зогссон нь гайхаш төрүүлэв. Тэднийг хэн уриалан дуудав.
Цэргүүдийг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэсэн үг бий. Х.Баттулга жүдочдыг өөртөө үйлчлэх арми болгон бэлдсэнийг өчигдрийн үйл явдал харуулав. Хулгар чихтэй, бахь биетэй залуус юу ч хийхээс буцахгүй мэтээр холхилдож, мафийг санагдуулав. Х.Баттулгыг баривчилсан эсвэл ямар нэг өдөөн турхиралт болсон бол юу болох байсныг төсөөлөхөд түвэгтэй. Магадгүй цагдаа болон бөхчүүдийн хооронд үймээн болохыг ч үгүйсгэмгүй нөхцөл байдал харагдана лээ.
Улс төр болоод нийгмийн олон үзэгдлийг нэгэн зэрэг үзүүлсэн дуулиант нэгжлэг бичиг баримтыг хурааснаар өндөрлөсөн ч үйл явц хэрхэн өрнөх нь сонирхол татсан асуудал хэвээр байна. Х.Баттулга хэнд “дайн” зарлах уу, түүнд шалгуулах зориг зүрх бий юу гэхлэнгээр асуулт ч олон бий.
Ямартай ч сонгуулийн жилийн улс төрийн үйл явц Х.Баттулга гэсэн “халуун” хачиртайгаар эхэлж, үргэлжилж, өрнөх нь тодорхой боллоо.
В.Хэрлэн