Нийгэмд хоёр хүлээлт бий болжээ. Хоёулаа улс төрийн хүрээнд бий болсон хүлээлт. Нэг нь Х.Батулга гишүүн түүний хүрээг хамарсан баривчилгааны хариуд хийх алхам ба мэдэгдэл. Удаах нь мөн л улс төржсөн буюу МАХН-ын дарга Н.Энхбаяр ба түүнд гурван ч хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж хилээр гарах эрхийг нь хаачихаад байгаа АТГ-ын хооронд болох халз уулзалтын төсөөлөл. Дахин оймс гозолзох уу буюу сонгууль дөхөхөөр дээд хүрээний баривчилгаа их болдогт ихээр дассан этгээд хүлээлт ч гэж болно.
Н.Энхбаяр болон түүний тойрон хүрээлэгчдийн урвалт, шарвалт мөнгө нэхүүлж зовж явсан тухай өчлүүд. Үүний ард өдөр өдрөөр түүнд ойртож буй АТГ-ын зүгээс ямар алхам хийх бол гэдэг өрнөөд эхлэхээрээ нийгмийн анхааралд байх л сэдэв болчихоод байна. Олны анхаарал төвлөрөөд байгаа энэ таагүй сэдвүүд бол өнөө бидний энэ цаг үеийн тусгал гэж болохоор.
Эдийн засагт бол ямар нэг хүлээлт сэргэлт сэвийлт бараг байхгүй. Оюутолгойн далд уурхайгаас чихэнд наагаад байсан 4 тэрбумыг хааяа асуухаас цаашгүй болсон. Ерөнхий сайдын босгосон 250 сая ам.долларын зээлээр засаг сонгууль хүртэл тэсэхээр шийдсэн бололтой.
Нэг км рэйс төмөр тавиагүй ч нэлээн их шороо овоолж далан босгоод орхисон шинэ төмөр зам баян хүнийг балаг тойрохгүй гэдэг болсон бололтой. Энэ тойрогт үүссэн хэрэг болоод хүчний байгууллагын шийдэмгий ажиллагаа нь зүгээр нэг сүржигнэл биш гэдгийг хэвлэлийнхэн нотлох гэж янз бүрээр л гөвж байна.
Энэ хэрэгт Женко болон зөвлөх А.Гансүх нар ямар ч но-гүй цэвэр гэж бооцоо тавьж өмгөөлөхөд хүнд болсон баримтуудыг хэвлэлүүд ойр ойрхон гаргаж тавих боллоо. Төмөр зам барина гэж цохон төрийн сангаас гарсан хэдэн зуун сая ам.доллар хийгээд энэ тойрогт хэдэн хүн хамрагдаад байгаа, ямар гэрээ нь но-той байж болох талаар нурших нь илүүц биз. Бараг өдөр бүр эдгээр тоог янз бүрээр угаан урьд хойно нь оруулан хэвлэл сайтууд мөлжсөөр байгаа.
“Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор эмэгтэйчүүд, туслахыг барьж хориод байна... Би удахгүй бүгдийг нь илчилнэ” гэсэн Х.Баттулга гишүүний эрс мэдэгдэл түүний зүгээс хийх хариу арга хэмжээний хүлээлтийг бий болгосон.
Магадгүй эхнийх нь “Жудагт Монгол” холбооноос Монгол Улсын сайд М.Энхсайханыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсанаа мэдэгдсэнийг энд хэлж болохоор. Харин Н.Энхсайхан “хулгайгаа зүгээр шалгуул” гэсэн ба ерөөсөө Монголд төмөр зам тавих бодол Женко талынханд байгаагүй гэж мэдэгдэв. Ойрын 10 жилдээ энэ бүтэхгүй болсон гэж харж буйгаа хэвлэлээр хэлжээ.
Түүний хувьд Мега төслүүдийг гардаж буй сайдын хувьд Тавантолгойг хөдөлгөх улаан шугаман дээр гарч ирээд Их хурлын даргад алхдуулсан гэдгээрээ энд дуугарч буй үг бүр нь олон нийтэд тод хүрч байгаа юм. Бас өрнөж буй хэрэг явдал дээр Н.Энхсайханы байр суурь мэдэгдлүүдээр харах юм бол МҮАН-ын зүгээс эвслийг задлах ямар нэг алхам хийх боломжгүй буюу төмөр зам Тавантолгойн гогцоо эрчлээг гаргатлаа МУ-ын сайд гэдэг сэнтий дээрээ байхаар үзэж байгаа нь тодорхой болж байна. Энэ хүслээрээ АН-д барьцаалагдсан буй тул өөр намуудтай шууд нэгдэх эвсэх асуудал ч бодитой болтлоо удах юм.
Үүнийг батлах зүйл бол өчигдрийн Л.Цог, Г.Уянга нарыг эвслийн бүлгээс элэг бурууллаа гэнгүүт Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хамтран хийсэн мэдэгдэл. Эвсэл задрахгүй ба харин сайдуудыг оролдсон тохиолдолд шууд задлах буюу Засгийг огцруулна гэсэн шантаажийг энэ мэдэгдэлдээ тун тодорхой оруулж өгчээ. Хоёулаа сайдын квотоо манаж үлдээд сонгууль хүргэхээр шийдэж, одоо бол үүндээ бүр улайрч байгаа бололтой.
Л.Цог, Г.Уянга нарын эвслийн бүлгээсээ гарч буй алхам бол одоо өрнөж буй тулааны нэг талаас өгсөн сануулга алхам буюу “хэрвээ” гэсэн тооцооны хуудас ч гэж болно. Энэ хоёр гишүүн Их хурлын суудлаас уйдаад юм уу жигшээд ийнхүү шил нь татчихаад байгаа бус. Харин дахин энэ суудалдаа ирэх замаа л засаад байгаа. Энэ замнал нь харин хөшигний араас шивнээтэй тун өвөрмөц аргаар явагдаж байгааг ажиглагчид хэлж байгаа юм. Мөн хөшигний араас шивнэгч буюу эргэж Их хуралдаа ирэх баталгааг нь амлаад байгаа хүн хэн бэ гэсэн таавар өрнүүлээд байна. Энгийн харахад ч зөрүүд хоёр бүлгээ орхиж байгаа нэг нь Н.Энхсайхандаа, нөгөө нь Н.Энхбаяртаа сэтггэл хөрсөн буюу өөр гуравдагч нэгний гомдлыг тээгч болчихсон яваа хэрэг. Ширүүн өрнөж буй Төмөр замын хэргийн дуулиан түүний фонн дээр хийж байгаа Н.Энхсайханы гал өрдсөн мэдэгдлүүд, үүн дээр өчигдрийн эвслээс гарсан хоёрын шийдвэрийг салгаж унших боломжгүй харагдаж байна.
Нөгөө талд Х.Баттулгын цохон хэлээд байгаагаар Энержи рэсурс санхүүгийн хувьд хүндэрсэн ба Тавантолгой дээр эцсийн найдвар нь байгаа юм бол энэ боломжийг нь хаасаар байгаад дуусгах тооцоотой талынханд М.Энхсайханыг Мига төслийг гардах тусгай сайдын суудлаас татах нь зайлшгүй л буух төлөвлөгөө байх.
Х.Баттулга ба Н.Энхбаяр нарт үүсгээд байгаа хэргүүд нөгөө талаас засгийг бүрдүүлдэг эвслийн задрал цуурал нь нам дамжсан бүлгүүдийн үхэх сэхэхээ үзэх зарласан дайны оршил гэж зөөллөж болох ч манай улстөрчид эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг бүгд эвхэж тавиад хаа нэгтээ мартсан нь үнэн юм.
Тавантолгой, Төмөр замын цариг дээр могойн чуулган шиг цагирагласан олон эрх ашгаас улс оронд наалдсан юмгүй төдийгүй далан шорооны ажилд булсан мөнгөө төр хэнээс нь олж авах нь эргэлзээтэй болж байгаа юм байна.
Өнөөдрийн хувьд бид нүүрс яаж зарах буюу Тавантолгойг хэрхэн ашиглах болон үлгэрийн гэдэг хоч зүүгээд байгаа 1072 хувьцаагаа биш төмөр зам тавих ажил яг юу болсон юм бэ гэсэн асуулттай үлдээд байна. Ган замтай болох титэмтэй 6 жилийн талцааны дараа далан шорооны мөнгийг яг хэн нь завшчихсан юм бэ гэж ам уралдуулан таавар гүйлгэж суугаа манай нийгэм өөрөө өрөвдөлтэй харагдаж байна. Хэн хэзээ энэ тамын тогооноос улс орны гаргаж авах юм бэ гэдэг хамгийм том асуулт хойшоо тавигдан 3 дахь хүлээлт болсон хэвээр.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/