Баасан гаригийн ээлжит баривчилгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын эргэн тойронд өрнөв. Түүний туслахаар ажиллаж байсан, “Түмэн хишигтэн” ХХК-ийн захирал Ш.Эрдэнэтуяаг баасан гаригийн үүрээр баривчилж, байцаалт авахаар авч явжээ. Түүнийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн үзэж, саатуулаад буй.
Үүнээс гадна Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед нь туслах нь байсан Г.Түвшинжаргал гэх бүсгүйг мөн баривчилж, саатуулах хугацааг 14 хоногоор сунгаад байна. Г.Түвшинжаргалыг онц их хэмжээний мөнгө завшсан, угаасан хэрэгт буруутгажээ. Түүнийг 32 мянган га газарт хийгдсэн ажлыг 3500 га хэмээн хасч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгө завшсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 148.4, 166.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын нарийн бичгээр ажиллаж байсан хоёр ч эмэгтэй хуулийн байгууллагын хяналтад орж, байцаалт өгч эхлэв.
Өмнө нь Х.Баттулгын багийн гишүүн Зам тээврийн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа мөн л баривчлагдаж, чамгүй хугацааг мөрдөнд өнгөрөөсөн. Одоогоор Х.Баттулгын багийн дөрвөн залуу гадаадад гарчихсан, заримыг нь интерполоор эрэн сурвалж буй. Монголын хилээр давах л юм бол Б.Батзаяа, Г.Түвшинжаргал, Ш.Эрдэнэтуяа нарын араас ачигдах өндөр магадлалтай байгаа учраас гадны улс орнуудад орогнож, байдлыг ажиглаж буй.
Энэ бүхнийг УИХ-ын гишүүн Х.Баттулга улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гэсэн оролдлогыг илчилсний төлөөх эрүү шүүлт хэмээн тодорхойлоод буй. Тэрбээр “Тавантолгойг 60 жил цаашилбал 100 жилээр гадны компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Эрчүүдийг нь нухчиж чадахгүй болохоороо хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна. Тэр туслах, нарийн бичгүүдээс юу гарах юм бэ, эрх мэдэл байхгүй” хэмээн бухимдаж харагдсан.
Мөн тэрбээр энэ бүхнийг өөрийнх нь тодорхойлсон “Нүүрсний нам”-ынхан хийж буйг хэлээд тун удахгүй бүхнийг илчилнэ гэв. “Нүүрсний нам”-д хэн хэн багтдаг хийгээд юуг, хэзээ илчлэх нь олны анхаарлыг татсан асуудал болон үлдэв. Харин олон нийтийн зүгээс илчлэх зүйл байгаа бол хойш тавихгүй байхыг хүсч байна. Цаг нь болохоор, удахгүй гэдэг нь тохиролцоо хийх арга гэсэн байр сууринаас асуудалд хандаж байна.
Монголын улс төрийн тод фигурын нэг Х.Баттулгын эргэн тойрон дахь баривчилгаа цаашид хэрхэн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй. Мөн Х.Баттулга юуг илчилж, Тавантолгой, төмөр замыг багтаасан “тогоог дэлбэлэх”-ийг таашгүй.
Ямартай ч хаврын улс төр хариу авах хэлбэрээр эхэлж, өрнөх бололтой.
В.Хэрлэн