Өчигдрийн онцлох үйл явдал МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Н.Энхбаяр даргаа, намаа өмөөрч уйлсан мөч байлаа. Тэрбээр “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа, хэцүү байна. Хуульч нь, шүүгч нь, мөрдөн байцаагч нь, прокурор нь дарамтлах юм. Бид нар яачихсан хүмүүс юм бэ. Юуг муухай хийсэн хүмүүс юм бэ. Уйлмаар санагдаж байна” хэмээн нулимс цийлэгнүүлэн өмөлзөж, даргаа, намаа гэх агуу их хайраа илэрхийлэв. Үгүй, мөн их хайр шүү.
Н.Энхбаяр их азтай хүн. Эсвэл тэр хүнийг өөрийн болгон хүмүүжүүлэхдээ гарамгай нэгэн. Түүнийг цээжээрээ хамгаалах хүн хэзээд байдаг. Өнөөгийн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гээд түүнийг хамгаалсаар төрийн түшээ болсон нөхөд цөөнгүй.
Н.Энхбаярын авлигын хэрэг ид өрнөж байх үед З.Баянсэлэнгэ гишүүн түүний төлөө гудамжнаас хоолойгоо сөөтөл тэмцсэн. Бүр “Н.Энхбаярын хавчуурга” нэр автлаа түүнийг хамгаалж, өмгөөлсөн. Одоо ч даргадаа үнэнч яваа. УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийн хэлэлцэх явцад үнэнч сэтгэлээ хэрхэн харуулж байсныг та бүхэн санаж буй биз ээ. З.Баянсэлэнгэ гишүүн нэгэн ярилцлагадаа “Би Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийг дэмжиж, хамгаалж улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо, хойшид ч явуулна. Ерөнхийдөө “Энэ Баянсэлэнгэ Энхбаяраас хэзээ ч урвахгүй юм байна” гээд ойлгочихож болно” хэмээн бардам дуугарч байсан удаатай. Тэр Н.Энхбаярыг хамгаалсан шангаа ч харамгүй хүртсэн. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга хүртэл ер нь парламентад байх бүхий л алба, албан тушаалд очсон. Одоо бүр төрийн сайдын сэнтийд заларч буй.
Н.Энхбаярыг цээжээрээ, толгойгоороо, мэргэжлээрээ хамгаалж байсан өөр нэг хүн нь өмгөөлөгч О.Баасанхүү. Хэн ч танихгүй жирийн нэг өмгөөлөгчийг олонд таниулж, төрийн түшээ болох дардан замыг нь нээсэн хүн бол Н.Энхбаяр. Бүр “Энхбаярын бор оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн” хэмээн бусдад адлагдахад хүрсэн ч тэр “Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан хүний хувьд өмөөрөх үүрэгтэй” хэмээн ярьж, өмгөөлөгчийнхөө үүргийг өнөө ч биелүүлж яваагаа дуулгасан. Хааяадаа гомдлын үг чулууддаг ч “Би энэ хүнийг хүндэлж явдаг. Цаашдаа ч хүндлэх болно” хэмээн үнэнч сэтгэлээ илэрхийлсэн.
Харин одоо бол энэ хоёрын залгамж халааг Э.Эрдэнэжамъян авав. Тэр телевизийн камерын өмнө нулимс дуслуулан байж, Н.Энхбаяр даргыгаа өмгөөлж, хамгаалж байна. Тэр З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын замаар явахыг хүссэн бололтой. Юу ч болж байсан энэ хүнийг чин зүрхнээсээ, цээжээрээ хамгаалж байвал үр дүн нь хэзээ нэг өдөр гарч, парламентын танхимд сууна хэмээн мөрөөдсөн ч юм билүү, хэн мэдлээ. Ямар ч байсан Э.Эрдэнэжамъян Н.Энхбаярыг хамгаалахаар эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Харин хамгаалж, өмгөөлсний хариу хэзээ ирэхийг Н.Энхбаяр болоод цаг хугацаа мэднэ биз.
Төрийн ордны гадна, дотногүй хамгаалагчаар хүрээлүүлсэн Н.Энхбаяр УИХ-д дахин суух том зорилготой яваа. Түүнийг дэмжигчид болоод хамгаалагчид олон байгаагийн зах зух нь энэ.
В.Хэрлэн