...Ээж нэг л байдаг. Сайн, муу гэж байхгүй. Ээж л гэж байдаг...
/жирийн уншигчийн бичсэн сэтгэгдлээс/
Кино гарч байна. Нэг ангитай.
Зовж байна гол дүр. Баригдаж хоригдож, шаналж тарчилж байна. Буруу үйл хийжээ. Дэлгэц дүүрэн гарч байгаад хэлж байна гол дүр.
- Бурхан минь надад ганц л боломж өгчих. Би ээж дээрээ очмоор байна.
Жүжиг гарч байх юм. Амьдарлын хар цагааны тухай.
Жаргаж байна гол дүр. Залгаж байна ээж рүүгээ.
-Ээж байнга битгий залгаад бай. Хүү нь завгүй байна. Дараа дайраад гарья.
Тансаг ширээн дээр наргиж байна найзууд. Хэлж байна нэг нь.
-Ээж хоолоо халуун дээр нь гэртээ ир гэнээ... Нээрээ өлсөөд байна. Найз нь харилаа.
Уйлж байна, залуухан хүүхэн.
-Миний буруу байсан ээжээ. Тэр буруугүй...
Өмөөрч байх юм ээж нь.
-Хамаагүй ээ. Хэн ч уйлуулах ёсгүй шүү, миний бор охиныг.
Гайхуулж байна хөөрхөн охин.
-Ээж өчигдөр хөдөө явсан. Үглэх хүнгүй сайхан байна.
Гуниглаж байна найз нь.
-Ээжтэйгээ байхад сайхан байжээ...
Догдолж байна нэг бүсгүй.
-Өнөөдөр Март шүү дээ. Ээж ямар бэлэг авах уу?
Ээж нүүр дүүрэн мишээж
-Ач зээ нарыг минь аваад хурдан ирээ. Бууз хийчихээд хүлээгээд байна.
Идэр сайхан эр сөгдөж байна, Ижийдээ.
-100 насалж. Зургаадай таяг тулаарай та минь.
Ээж дотроо залбирч байна.
-Хүүхдүүд минь миний насыг аваг.
Монгол ардын домог зохиол эхийн хайраар өмөрч байна.
Хайрт хань болох бүсгүй нь хүнд өвчинд шаналжээ. Хар үхэл гарцаагүй нүүрлэж хатавчинд ирж суусныг хардаг болжээ. Амь булаах ганц хүсэлтэй үхэл халуун зүрх нэхэж байна.
Хүү нь:
-Шаналал зовлонгоо тэвчихгүй би. Ханьтайгаа хамт үхнэ би ...гээд
Эхийгээ тэврээд мэгшүүлж байна. Нулимс нь дан тэрлэгийг нэвтэлж. эхийн зүрх рүү үерлэжээ.
Ээж нь удаан ч бодсонгүй. Хүүгийнхээ гар дээр халуун зүрхээ тавиад “Хүү минь одоо буц. Ханьдаа хурдан өг” гэлээ.
Гүн харанхуйд тэмтчиж төөрөх хүү нь бүдэрч уналаа хөөрхий... Эхийн халуун зүрхийг газарт алдаад унагачих юм.
Тэнгэрээс ээж нь дуу алдаж байна:
-Эвий хүү минь бүдрэв үү. Өвдөг нь шалбараагүй байгаа даа...
Хот. Жирийн нэг өдөр.
Салхинд гарлаа. Гандан хийд дүнсгэр болоод чимээгүй орчилд байна.
Гол дуганы өмнөх Бурханд нэг эх залбирч сөгджээ.
-Үр хүүхдийг минь авралдаа авч үз. Бурхан минь .
Бурхан хэлж байна
-Амьд бурхан минь надад сөгдөөд яахав, бос доо...
Пүрэвжавын Баярхүү
Уншиж байна |