УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Эрдэнэт хотноо өнгөрсөн оны сүүлээр “Зоригтой нь намайг дагаж яваад газартай бол. Зориггүй нь чацга царайлаад гэртэй харьцгаа” гэж хэлээд машиндаа сууж буй бичлэг сошиал сүлжээгээр трэнд болтлоо цацагдсаныг санаж байгаа бизээ. Тэгвэл сая дурдсан жишээн дээр өгүүлэгдэж буй үгтэй тун төстэй үгийг З.Баянсэлэнгэ сайдтай Барилга хот байгуулалтын яам, С.Гантулга захиралтай Төрийн орон сууцны корпорацийнхан нийслэлчүүдэд хандаж хэлэхийг телевизийн мэдээгээр сонсов. Ялимгүй мушгивал “Азтай нь дэнчингээ төлөөд түрээсийн орон сууцандаа ор, азгүй нь тэгээд халаасны өрөөгөө хөлслөөд чацга царайлаад явцгаа” гэж ойлгогдохоор үг.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан байдаг. Уг хөтөлбөрийг төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэйгээр хэрэгжүүлэх аж. Ингэхдээ ТОСК төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах гэнэ. “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг БХБЯ баталж, улмаар Төрийн орон сууцны корпораци нь “гүйцэтгэх дотоод журам” баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжих юм. Энэхүү ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан талаар албаны хүмүүс мэдээлж байв.
Эдийн засагчдын зүгээс тус хөтөлбөрийн урт хугацаандаа тогтвортой, хүртээмжийн хувьд өргөн агуулгатай байж чадвал орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосноос ч илүү цаг үеэ мэдэрсэн ирээдүйтэй зөв шийдэл хэмээн ярьж байна.
Дээр дурдагдсан 929 орон сууцны 350 нь л нийслэлчүүдэд хамаатай. Энэ нь шинээр баригдсан “Буянт Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд иргэд түрээсээр орно гэсэн үг. Харин албан бус тооцоогоор энэхүү 350 айлын орон сууцыг түрээслэх хүсэлтэй 27 мянга орчим зорилтот бүлэг болон залуу гэр бүл байгаа гэх. Товчхондоо түрээсийн орон сууцны эрэлт багаар бодоход одоогийн тогтоосон квотоос 100 дахин их байгаа нь ойлгогдоно.
Тэгвэл холбогдох төрийн байгууллагууд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах шалгаруулалтыг сугалааны зарчмаар шийдэх гэнэ. Иргэн та энэхүү сугалаанд оролцохын тулд гурван сарын түрээсийн дэнчин мөнгөө байршуулах шаардлагатай. Хэрвээ дэнчингийн мөнгөгүй бол сугалаанд оролцох боломжгүй гэсэн үг. Мөн сугалаанд азтай байх ёстой гэсэн өөр нэг албан бус шалгуур нэмэгдэнэ. Ингэхээр хүссэн хүсээгүй “Азтай нь дэнчингээ төлөөд түрээсийн орон сууцандаа ор, азгүй нь тэгээд халаасны өрөөгөө хөлслөөд чацга царайлаад явцгаа” гэдэг зарчим үйлчилнэ гэсэн үг.
Ямартай ч нийслэлийн иргэд бид газартай болох гэж сугалаа сугалдаг байснаа болиод хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд нэг хэсэг сугалаа сугалж үйлээ үзсэн. Тэгвэл энэ удаад мөн л түрээсийн байранд орохын тулд ахин нэг сугалаа сугалж азаа үзэж таарах нь ээ.
Р.Улам-Оргих
Уншиж байна |