Шадар сайдын асуудлыг эцэслэх асуулгыг авахаар өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас АТГ-д хандсан тоот явуулсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Тодруулбал, Шадар сайдад нэр дэвшүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлсэн байгаа юм байна. Хуульд зааснаар АТГ нь энэ талаарх мэдээллийг ажлын 10 хоногийн дотор багтаан өгөх юм учиртай ба хариу нь явуулсан байгууллагадаа ирчихсэн байгаа гэж байна.
АТГ-аас Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг энэ сарын 16-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэдэг нь бол баттай юм байна. Олны шуугих нь АТГ-ын зүгээс “NO” гэсэн бололтой юм.
Араас нь бүр том хариуг АТГ-аас МАХН-ынханд өгсөн гэж болохоор үйл явдал зэрэг өрнөөд байна. МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өчигдөр орой баривчилжээ. Энэ нь өнөөх Г.Шийлэгдамбын захидлын үргэлжлэл гэж үзэхээс өөр аргагүй. Сайд асан хүн авилга авсан байж болох сэжиг ийн хүрээгээ тэлж МАХН-ын аппаратыг түгшүүрийн байдалд оруулаад байгаа бололтой. Бараг хагас жил дарсан Эрүүл мэнд, спортын сайдын суудал ба Шадар сайд Ц.Оюунбаатарыг Н.Энхбаяр даргаар ченж хийх МАХН-ын санал өөр дээр нь гал дуудлаа гэж ажиглагчид хэлж байна.
Засагт хамтарсны хувьд оногдсон яамаа авах МАХН-ын саналыг шууд үгүйсгэх АН-д хэцүү. Энэ санал нь дэмжигдэхгүй он дамжсан тул Г.Уянга нараар засгийг огцруулахаар тэвдүүлж АН-ыг шахсан гэсэн хардлага байдаг. Тэгээд “Засгаа хамгаал таныг дэмжинэ” гэсэн сүүлийн амлалтыг АН-ын даргаас авч чадсан.
Харин ард нь бултах зайгаа АН гаргачихаад байсан бололтой. “АТГ таныг шийднэ шүү дээ” гэсэн сүүлийн гортигийг татаж нэг өдөр боллоо. “АТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу таныг дэвшүүлэх боломжгүй байна” гэсэн хариуг Н.Энхбаярт барихад бараг бэлэн болчихоод байгаа бололтой.
Үүнд гомдсон Н.Энхбаяр хийж чадах ганц барьцаа байсан. “Шударга ёс” эвслээ задлах замаар засгаас гарах буюу засгийг огцруулах. Багачуудын байлдаантай тоглоомоор бол эсрэг гудамжны хүүхдүүдтэй нийлж Засгийн газар луу давшилт эхлүүлээд өөрөө болохоор засгийн газрын хориглолтод хамт суугаад байсан хүн. Хэлснээ хийхгүй бол гоё тоглоомоо бариад нөгөө талын хүүхдүүд рүү гүйчих гээд тэвдүүлээд байсан гэмээр.
Үүний хамгаалалт болгож АН-аас Их хуралд суудалтай хоёр намын эрх хүүхдүүдийг /ИЗНН, МҮАН/ бөөрөндөө авч чулуу буух талд наачихаад сууж байгаа.
Одоо бол энэ тоглоомтой зүйрлэх аргагүй болж талуудын эрх зүйч хуульч нарын нарийн зөвлөгөөн дор явагдах ээлжит улс төрийн хямрал үүдэх нигууртай болчихлоо. АН-ын намар хавар дамжуулсан сайдын суудлын уяаны зангилаа маргааш тайлагдах бололтой. Шадар сайд нь сайдаараа үлдэж, харин Эрүүл мэндийн яамыг дахин авилгач намд өгөх сэтгэлийн тэнхээ хүрэхгүй нь гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгөхөд олон нийт “ойлгож байна” гээд хүлээж авснаар энэ улс төрийн үзэгдэл дуусах юм байна.
Одоо АТГ тоотыг бариад баяртай гэх АН-д Н.Энхбаярын өгөх хариулт юу байх вэ гэдэг ээлжит сонин болоод ирлээ. Энэ хооронд Эрүүл мэнд, спортын яам гэж эзэнгүй хот айл шиг болсон. Хэдэн хонийг нь дотроос нь сүүлдээд юмгүй болгож байгаа байх даа.
П.Баяр