Намайг дахиад сонгочих
2016-02-17

Нийт хэрэглээнийхээ 12 хувийг л бид үйлдвэрлэж байгаа. Гэхдээ бас энэ дотроо хоосонгүй. Архиныхаа 84 хувийг бид өөрсдөө хангаж байна. Энэ мэт ашигтай эргэлттэй бизнесийн оргил дээр байдаг цаад эзэд боссууд нь төрийн түшээд голдуу байдаг. Үүнийг буруутгах нь өрөөсгөл. Гэхдээ энэ бол гол сэдэв биш.

 

Эдийн засаг сайнгүй байна. Бид өнөөдөр тэснэ. Маргааш тэснэ. Нөгөөдөр тэснэ. Хэзээ нэг өдөр сайхан болно. Яг хэзээ юм бэ гэсэн асуулт одоо иргэдийн цөхрөл болж эхэлж байна. Засаг төрөөс Оюутолгойн баялаг эргэхээр болчихно гэдэг. Товчдоо уул уурхайгаа улам их эргэлтэд оруулахаар болно гэдэг. Олон улстөрч "намайг дахин сонгочих, хөгжинөө" гэж хэлсээр, сонгогдсоор ирсэн. Би хувьдаа бол  нам, төр хоёр зааглагдаж, хууль адил тэгш хэрэгждэг болсон үед л гэж хариулах байна.  

 

Эдийн засгийн таагүй нөхцөл, хямралын шалтгаан гадаад зах зээлд түүхий эдийн үнийн доод түвшиндээ хүрсэн уналттай холбоотой гэж иргэдийнхээ тархинд сайн хийж өгсөн тул ам.доллар аархаж байгаа ч цочдог хүн алга боллоо. Төсөвтөө ноён долларыг 2030 төгрөгтэй харьцахаар авчихсан нь одоогийн ханшийн өсөлтийг хөтөлж байна гэхэд хилсдэхгүй. Энэ хязгаар хүртэл иргэд ам.долларыг худалдан авч нөөцлөх талд сүжигтэй хэвээр байх юм.

 

2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засаг 2.3 хувиар өсчээ. 2014 онд энэ өсөлт 7.4 хувь байсан гэсэн харьцуулалт мөн өмнө нь тод бичээстэй байгаа юм. Бүр 17 хувиас унасан эдийн засаг шүү дээ гэж зарим улстөрч халаглаж байгаа. Үнэн хэрэгтээ АН гар нь загатнаад эдийн засгаа ингэж бараг хоёр дахин унагаачихсан юм биш л дээ.

 

Бид ганзагын наймаа хийж байгаа мэт эдийн засгаа хөнгөн төсөөлж ирсэн нь харагдаж байгаа. Уул уурхайн түүхий эд өссөн үед улсад валют цутгаж эхлэхэд эрх баригчид хэлбэрдэн гангарч тэнгэрийн том төсөв баталж эхэлсэн байдаг. Түр зуурын гэнэтийн ашгаар хөл дээрээ л босох юманд хөрөнгө хаях байсан. Яагаад тэгээгүйг хойно өгүүлэх болно.

 

Тэр үед л одоо Чингис бондоор зүтгүүлээд байгаа зам дэд бүтэц, томоохон үйлдвэрүүдийг босгож импортоо хязгаарлах бодлого барьж, экспортын төлөө улайрч эхэлсэн бол өдийд мянган зөв болох байлаа. Загасны аж ахуйгаас өөр бизнесгүй байсан Өмнөд Солонгос тэгж байж л боссон. Үүний бурууг аль нэг намд нялзаах нь чухал бус үнэн байдлаа олж суурь заслаа хийхэд л байгаа.

 

Өнөөх дөрвөн жил нухдаг сонгууль хараалсан улс төр, төсвөөр цөм мөнгө хийдэг авилгадаа тушигдаад тэр үеийн их мөнгийг талаар нэг цацсан байдаг. Эдийн засаг тэлж байна гээд иргэддээ гайхуулаад байсан. Бид төр сайн барьж байна гээд сурталдаад суусан. Үнэндээ төсвөө тооцоо судалгаагүй хөөсрүүлж тойрог болоод өөрсдийн яаманд аль болох их мөнгө суулгаж тендер болгоод гаргаж байсан. Энд л өнөөгийн хямрал, хамаг уруудлын буглаа бий.

 

Товчдоо төр сандайлсан намууд төсвийн нэрээр тэр их ашгийг сургуулийн дээвэр засах, угтах хаалга барих мэтийн жалга довны ажлын жагсаалтаар үрэн таран хийж цаагуураа өөрсдийн бүлэглэлд томоор тендер гаргаж байсан. Одоо бид хямраад байгаа нь эдийн засаг гэж ааш нь олддоггүй зүйл байгаагаас болж буй мэт л тархи угааж байна. Түүхий эдийн үнэ унасны гайгаар л хямарсан мэт тайлбарлаж байна. Үнэндээ түүхий эдийн үнэ унасан ч дагаад царай алддаггүй тогтвортой авилгажаагүй төсөв батлаад ирсэн бол өөр байх байсан.

 

Төсвийг бараг л ил тод мэт хэлэлцэн баталдаг боловч зарцуулалт гүйцэтгэл үр дүнд нь хэн бодитой хяналт тавьж олон нийтэд тайлагнадаг вэ. Үндэсний Аудит бол үнэндээ энэ ажлыг барахгүй. Улс төрийн нөлөөнд орсон байгууллага. Ганц аймаг сумын төсвийн нэг жижиг дэлсээг дэлгэж харуулахаас төсөвт сахилга бат суулгах хэмжээний хяналт тавьж үйл ажиллагаа явуулах чадваргүй. Төсвөөс хэн их хусаж байна. Тэд л хяналтыг нь хүчгүй ийм сул байлгах бүтцийг бий болгосон.

 

Наад захын наймаачин ч ашиг унац суга өссөн үед хөл дээрээ босох юманд мөнгө хийнэ. Үгүйдээ үл хөдлөх авна л даа. Харин манай улстөрчид тэр өсөлттэй жилүүдэд яг эсрэгээр нь хийж байсан. Олон жил үе шаттай үргэлжлэх дараа нь улс оронд хэдэн арван жилээр хаялгаа өгөх төмөр зам, торгоны зам, төмрийн үйлдвэр, эрчим хүч барилгын материалын үйлдвэрүүд босгох зэрэг Мега гэх төсөлд тэр үеийн их мөнгөний урсгалаас хаясан бол хэнд ашигтай байх байсан. Мэдээж улс оронд хэрэгтэй. Харин ирээдүйд зориулж тийм их мөнгө түгжих хэнд ашиггүй байсан бэ. Сайндаа л 10 жил энэ саарал ордонд хөндөлдөөд гадаадад гарчих улстөрчдөд, тэдний бүлэглэлд ашиггүй байсан. Ийм байхад манай эдийн засаг эрүүл байх суурь нь улстөрчид, намууд цэвэр болох. Төсөв мөнгө хуваарилдаг явцуу сонирхлоос  хууль тогтоогчдыг зааглах асуудал дээр яригдана.

 

Өдгөө энэ дэлхийн хамгийн өрийн дарамттай улс гэсэн жагсаалтын 2-т төрийн далбаа минь улсынхаа нэртэй тавигдчихсан байна. Улстөрчдийн өмнөөс ичиж үхмээр юм бол энэ шүү дээ. Үүгээр нь зарим улстөрч халаглан жиргэсэн байна. Бодвол сүүдэр нь одоогийн эрх баригч АН дээр унах юм гэж ойворгон юм бодсон байх л даа.

Иргэн бүр 7000 ам.доллар буюу 14 сая орчим төгрөгийн өртэй болжээ. Хэтдээ валют мөнгөний урсгал бий болгох юманд зориулж байгаа бол өр зээл бол байх асуудал.

 

Нэг нартай өдөр аз ивээж манай бүх гадаад өр тэглэгдэж болно. Ямар ч өргүй эхлэе гэж төсөөлье. Тэр цагт энэ болхи улс төр, ялзарсан намуудтай, авилгачдын гарт бүрэн атгагдсан алдагдалтай төсөвтэй. Эндээс бэлээ зузаалдаг нам түшсэн сүлжээнд түшээд нь хутгалдчихсан. Дараагийн сонгуульдаа барьцаалагдсан улс төр хийж байхад хөгжихгүй. Юу үнэн. Энэ үнэн.

 

Ариун цагаан хөдөлмөрөөрөө олоод авдрандаа хийсэн 10 сая нь хадгалсаар харсаар байхад чинь 5 сая болчихож байна. Валют болгохоос өөр яах юм бэ. Төсвийн мөнгөөр хийж байгаа ажлууд иргэдэд ажлын байр бий болгох орлого нэмэгдүүлэхэд зориулагдахгүй үерийн далан, хашаа саравч барихад томоор явчихаж байна. Төрөөс иргэдэд өгч байгаа бодит гэх дэмжлэг нь зээл авах орчныг хөнгөлөхөд л үндсэндээ чиглэгдэж байна. Цаагуураа банкуудыг хөхиүлсээр байна. Хөрөнгө хувь эзэмшигч нь хэн бэ. Мөнөөх л улстөрчид байдаг. Үүн дээр төсвийн мөнгөнөөс бүтээн байгуулалт нэрээр тоншоод байгаа улстөрчдийг яалтай вэ. Хямралын жилүүдэд ч засарсангүй. Төсөв нь даахгүй ажил гүйцэтгэл төлөвлөж үүнд нь оролцсон ААН, үндэсний компаниудаа дампуурлын ирмэгт авчирч байна.

 

Их хурал гэдэг хууль тогтоох байгууллагын энэ их аж ахуйжсан төсвөөр тоглосон гажуудлыг хэн хянаж, яаж зогсоох вэ. Бурууг гүйцэтгэх засаглалд тохоод бултчихдаг сонгууль харж төсөв баталдаг эрх ашгийн энэ тойргоос хууль тогтоогч эрхэм гишүүдээ яаж сугалж гаргах вэ.  

 

Ирэх сонгуулийн дараа гишүүд тангараг өргөөд л хамгийн түрүүнд энэ завхралаа яаж засах талаар ярьж зохих хууль шийдвэрийг батлах ёстой. Өөрсдийн толгой дээрх зэрлэг өвсөө эхэлж зулгаах хэрэгтэй юм. Олон нийтийн төлөөлөлтэй төсвийн хяналтын хороо ч юм уу, хяналтын байгууллага байгуулах ёстой юм. Алдагдалтай төсвөөр тааруу ажилласан гүйцэтгэх засаглалыг бус цаад авилгажсан төсөв баталсан жинхэнэ эзэдтэй ярих ёстой. Төсвийг алдагдалтай баталж завхруулсан улс төрийн намуудад үнэлэлт өгч тэдгээр улстөрчдийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлийг сонгуулийн хороонд тавих хэмжээний эрх зүйн боломжтой байх хэрэгтэй. Одоо иргэд бидэн дээрээ туршаад байгаа жолооч нарын зөрчлийн оноог цуглуулдаг хэлбэрээ эрхэм гишүүд өөрсөд дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санаа.

 

Хэдийгээр сүүлийн жилд шилэн дансыг нэвтрүүлэх, намуудын санхүүжилтийг ил болгох гээд хяналт тогтооход чиглэсэн алхмууд байгаа ч энийг мөнөөх л намууд улстөрчид эрх ашгийн зөрчлөөр гацааж байх тул яригдаж эхлээд царцаж байна. Тэгэхээр ийм хяналтын үзэл санаа бүхий хууль санаачлах, өргөн барих хөндлөнгийн олон нийтийн төлөөлөлтэй өөр субьект бий болгох талаар үндсэн хуулиндаа  суулгах хэрэгтэй ч байж магадгүй.   

 

Иргэн баян байвал улс баян гэдэг. Таваг шөл идэх хооронд таван саяар хөрөнгө нь арвижиж байдаг тэрбумтнууд манайд олон болоосой. Үндэсний хөрөнгөтнүүд томорч, томоохон төслүүдэд хөрөнгө хаяж ажлын байр бий болгож экспортыг нэмээсэй гэсэн чин хүсэл олон иргэд сэхээтэнд бий. Гэтэл онцлог нь манай тэрбумтнууд бараг бүгдээрээ улстөрчид байна шүү дээ. Тэдний хувь эзэмшиж буй хөрөнгө обьект нь голдуу уул уурхай, олборлолтын лиценз, доошлоод зочид буудал, мах гурил, тамхи гэх мэт өргөн хэрэглээний бараа эргэлт хийдэг, нэг бол Оюутолгойд бүтээгдэхүүнээ шууд шахдаг компаниуд байна.

 

Ажлын байр бий болгодог томхон үйлдвэр барьсан нь бараг алга. Баяжсан хугацаа нь ардчилал тогтсон 25 жилтэй яг тэнцдэг. Улс орон нь өрөнд орж төсөв нь байнга алдагдалтай явж ирсэн нь мөн 25 жилээр яригддаг.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-аас салж улс орноо өөд нь татахгүй бол болохоо байлаа
2016-02-18
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-17
Unshigch:
Nam bish hyneer ni songomoor baihiin. nam bol yaahav mongo ogson erh hyyhdyydee l oruulna. nogoodyyl ni yugaa ch medehgyi nohdyyd baina. hen hohirohov ard tumen l hohirno.
2016-02-17
зочин:
Яг зөв санал нэг байна. Дархлаагаа сайжруулсан нөхөд вакцинд хамрагдахгүй л гэх байхдаа
2016-02-17
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-17