Уйдаахгүй бас урваж бултаж дуусахгүй нь ээ, манай улс төрийнхөн.
Хоёр улс төр паралель явж байна гэж болохоор. Нэг тал Ц.Баасанхүү Г.Уянга. Л.Цог нарын гишүүд эвслээ задлахаар отоонд суусан байдалтай. Нөгөө талд энэ галын өөдөөс цацах усаа бэлдэж байгаа АН-ын алхмууд.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр болж ганц асуудал шийдсэн нь ИЗНН-тай тавих сүй бэлгийн урилга. Давхар МҮАН мөн дагаар орох саналд нэр орсон явна. Сүй тавьж өрх үүсгэх ажлын хэсэг байгуулагдаж ахлагчаар нь Р.Амаржаргалыгаа томилжээ.
С.Оюун дарга айлаас ирсэн зарыг хүндэтгэн хүлээн авч ах дүүтэйгээ зөвлөнөө гээд намба алдахгүйг хичээн сууж байна. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, их хурлаар хуралдаж байж эцсийн шийдвэрийг гаргана гэж тэрбээр мэдэгдсэн.
Нөгөө талд Г.Уянга нар эвсэл задлахыг өнөө юу, маргааш уу гэж мэдэгдсээр байна. Шалтгаан нь засаг огцруулах ажиллагаан дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр шударга байж чадаагүй гэсэн албан ёсны гомдолтой. Цаана нь бол энэ гурвыг сумлаад байгаа өөр өнцөг байгаа гэж хардлага улс төр судлаач нарт байна.
Сая засаг огцруулах асуудал өндөр авах үед даргынхаа үгийг сонсоогүй том толгойлсон нэр бүхий гишүүд ирэх сонгуульд тойроггүй болох дарамтад орсон. Үүнд дээрх гурван гишүүн эхний жагсаалтад байгаа. Эвслээ задлах замаар Н.Энхбаярыгаа худал амлагч болгож нийгэмд таниулж өгөөд эргээд харахад чинь нэг сул тойрог бэлдчихээд байя гэсэн тохироог аль нэг талтай хийсэн гэсэн хардлага бий.
Засаг үлдсэний дараа гүнзгий амьсгаа авсан АН одоо бөөрөн дээр бөмбөг тавиад байгаа эвслийнхэн болон шадар сайдын суудал шаналгаад байгаа Н.Энхбаяр нараас шарх сорвигүй үтэр салах хэрэгтэй гэдэг дээр дээд түвшиндээ санал нэгдсэн бололтой байна.
АН, ИЗНН-тай нэгдсэн тохиолдолд МАХН болоод Шударга ёс эвслийн шантааж хол явахаа болино. Гэхдээ энэ алхмыг АН шууд хийхээсээ илүүтэй хөдлөх гээд байгаа нөхдүүдэд сануулга болгож агаарт хий буудсантай адилтгаж болно. Учир нь АН хүчиндээ эрдэж, засгаа авч үлдсэн урмаараа хэт олон галын шугам зэрэг нээчихсэн.
Үндсэн хуулийн цэцийн даргыг сугалах, Н.Энхбаярыг Шийлэгийн захидлаар шахах, Их хурлын даргыгаа МАН-ын галаас холдуулах гээд хаврын улс төрийн бэлтгэл шахуу явагдаж байна. Ийм үед засагт хориглолт хийж аминд орсон Н.Энхбаярыг зайл гэж задгай агсамнах арай болоогүй. Гэхдээ МАХН-ыг тийрнэ гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ үүнийг хэзээ хийх нь МАН-ын хийх улс төрөөс ихээхэн хамаарах байх.
МАН-ын Цэцийн хамгаалалтад шилжсэн эмзэг байгаа байдал дээр ашигтай байрлал эзэлж Их хурлын даргыг унагаахаар ээлжит улс төрөө аль хэдийн эхлүүлсэн байгаа. Байнгын хорооны нэг гишүүнийг онгоцонд явахад нь “ченж” хийгээд сольчихсон Их хурлын даргын алдаа хөдлөшгүй баримттай болчихсон. Энэ нь хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар МАН-ын гишүүн, дугаар хорооны иргэн ХӨХ тэнгэр лүүгээ асуулт илгээчихээд байна.
Үндсэн хууль зөрчсөн гэж ЦЭЦ дүгнэлт гаргавал Их хурлын даргыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхийг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөл үүсэхэд саяны засгаа авардаг шиг ажиллагаа буюу Н.Энхбаяр даргын “захиргаадалт” хэрэг болно. Тэр үед МАХН ба Шудрага ёс эвсэл задарчихсан байвал тэднийг нь МАН өөд нь татаж аваад АН-ын хамар дээр нь ялалтын туг хатгаж мэднэ. Сонгуулийн өмнө Их хурлын даргаа унагаавал бөөн оноог нэг дор алдах ба нэр хүнд шалаар нэг гэдэг болно. Тийм болохоор шадар сайдаас бусдаар тохиролцвол Н.Энхбаярыгаа тийрэхээ түр азнаж магадгүй. Тэрний өмнө тулсан том ажил нь ЦЭЦ болсон бололтой.
АН-ынхан ЦЭЦ-ийг “цэгцлэх” буюу цэвэр өөрсдийн нөлөөнд оруулахаар улайрч байна. Цэцийн даргад хуулийн өөрчлөлтөөр бугуйл шидээд байгаа бол хариуд нь МАН-ынхан Их хурлын даргыг нь индрээс татаж унагаахаар дээс томж эхэлсэн байна.
Энэ сэдэв дээр бол хамгийн сүүлд ЦЭЦ-ийн зүгээс хуулиа сахих сүүлийн санамжийг чуулганд илгээгээд хүлээж байна.
Ийнхүү муу нүүрт бичин жилийн супер улс төрөө хийхээр саарал ордны булан бүрт шивнээ булагнаа эхэлсэн бололтой. Хөдөө зудтай, хүүхдүүд 20 мянгаа хүлээж байгаа ч цагаан сарын дараа салам нүдэлдэх бэлтгэлээ хийгээд манай улстөрчид завгүй байна.
П.Баяр