Тов гарсан байна. Сонгууль ирэх зургаадугаар сарын 29-ний Лхагва гарагт нар мандахад эхэлнэ.
Энэ өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчид үнэмлэхээ өвөртөлж, мөрөө гаргана. Энэ жилийн хувьд амлалтаа албан ёсоор сурталчилах ажиллагаа хуульд зааснаар 18 хоног юм. Том тойрогт бол хэцүү. Нисдэг таваг унадаггүй л юм бол арай гэж тойргоо нэг удаа тойрохдоо улаан нүүрээ хальт харуулж, халуун гараа ганц удаа л атгалцах юм.
Шинэ нэр дэвшигчдэд бол үнэхээр шөрмөсөө сунгасан ажил болно. Аль болох эчнээ сайн судлаарай. АН дахиж мөрийн хөтөлбөр гаргахгүй гэж намын дарга нь мэдэгдсэн байгаа. Бусад намууд ч биелдэггүй мөрийн хөтөлбөр ярьж шүлсээ барах хэрэггүй. Одоо сонгогчид тийм үлгэрт унтахаа больсон тул мөрийн хөтөлбөр чинь биелэхгүй бол өрийн бичиг болно гэж ойлгох хэрэгтэй.
Сонгуулийн салхийг хагалах эрхэм үүргийг гадаадад суугаа иргэд хүлээх болсон байна. Цагаан сарын барилдаан шиг эхний энэ санал хураалтын дүн наашаа эргэлээ гэж намууд их билэгшээнэ. Их ч өөдрөг амлах байх. Төмөр замд цэрэгт татагдвал мөнгө хийнэ гэж хилийн цаана арай уриалахгүй, тэсэх байх. Бусдыг нь бол гацахгүй л амлана.
Бүгд эх орондоо ирж өндөр цалинтай, тусгай хангамжтай “инжанаар” хийх амлалт дахиж магадгүй байна. Зөгий болохоор эх орондоо ирээд үүрээ ололгүй буцсан олон залуус байгаа. Тэд хилийн цаанаас дахин саналаа өгөхийг архаг амлагчдад сануулья. Хотын бидэнд хатуу үнэтэй дуулдаг рок попууд үнэгүй дуулаад дэлхийг тойроод эхлэх байх. Төсвийн мөнгөөр л зардлыг нь даагаад байдаг шүү.
“Харийн нутгийг хаяад буцья” гэж хамтдаа баахан уйлсан уулзалт болох байх. Эх орондоо элэг дөрвөөрөө байгаа ахан дүүсээ бодоод сэтгэл хөдлөлөө дарж сийрэг ухаанаар саналаа өгөөрэй. “Монголын хөгжлийн түлхүүр бол гадаадад боловсорсон та нар” гэсэн лекцийн текст мэдээж бэлэн болсон байгаа. Их сургуулийн нэгдүгээр дамжааныханд энийгээ бас хувиргаад л хэлдэг юм.
Энэ жил гадаадад суугаа Монголчууд цахимаар саналаа шидэх тул гэр бүлийн хүрээ, найз нөхдийн нөлөөнд орохоос сэргийлүүштэй гэж сонгуулийн шар зурхайд буух болов уу.
Хөдөө орон нутгийн сонгогчид онцгой ухааралтай саналаа өгөх хэрэгтэй. Их хурлын гишүүнд өрсөлдөх 500 амлагчаас гадна иргэдийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн 2500 суурин амлагчид зэрэг тоосоо өргөнө. Аль бага худлаа ярьсаныг нь харж сонгохгүй бол шинэ хүн зориглож дэвшихгүй байх. Дэндүү богино хугацаанд нэрээ ч таниулж амжилгүй хэлээ гаргана гэж халширч магадгүй. Айх юмгүй, зоригтой ороод ирээрэй. Ард түмэн худлаа амлагчдыг адуу шигээ зүсэлсэн байгаа.
Нэмж захихад сум орны багахан хөгжлийг нутгийн баян төлөөлөгчийн хаялга гэж андуурч болохгүй. Таны татварын мөнгөөр л тэд нүд хуурсан юм хийдэг.
Эргээд ирсэн Их хурлын гишүүнээс дахиад тойрогтоо юу хийх үү гэж бүү асуу. Яах гэж “нахих” гээд байгааг нь сайн асуу. Их юм хийснийх нь хариуд дахиж сонгох өргүй та бид. Сумын хөгжил гайгүй ч улсын төсөв дандаа алдагдалтай байдгийн учрыг нэмж асуу.
Энэ сонгуулиас аймаг сумандаа сүүний завод, махны зоорь барьсанаар нь их хуралд уралдуулан гаргаж болохгүй. Цаашаа улайраад халуун говьд төсвийн мөнгөөр шувуун фабрик барьж чадах улс шүү.
Бодлого ярьсан нь тэнэг болж боорцог тараасан нь гишүүн болдог харанхуй сонгууль XX зуундаа үлдсэн. 10 жил хүлээсэн хүү минь гэдэг шиг дөрвөн жил хүлээсэн эрхээ эдэлж үзгээ эргүүлэх сонгууль зургаадугаар сарын 29-нд товлогдлоо.
3000 амлагчийг 18 хоног амыг нь ангалзуулж, ганц өдөр л бид“тамлана”. Хариуд нь тэд 4 жил тааваараа зовоодог шүү.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |