Ирэх сонгуулийн бэлтгэл ажил хууль эрхзүйн төвшинд ерөнхийдөө жигдэрлээ. Сонгуулийн хуулиар “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж заасан. Энэ дагуу парламент ирэх сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, санал авах өдрийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр нэгэн зэрэг явагдахаараа онцлогтой. Тиймээс УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоолоо. Харин гадаад улсад суугаа иргэдээс санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болдог заалттай. Тиймээс Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар хуульчлав.
УИХ-ын сонгуулийн тойргийн мандат хуваарилах асуудал гишүүдийн дунд маргаан өрнүүлж байсан. Хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийн сонгуулийн тойргийн мандатыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж эрх баригчид үзэж байсан юм. Учир нь 1.4 сая хүн ам оршин суудаг нийслэлд сонгуулийн тойргийн 14 мандат хуваарилагддаг. Тиймээс сонгогдсон төлөөлөл нь сонгогч иргэддээ тэр бүр хүрч чаддаггүй. СЕХ-оос аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож УИХ-ын нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох төсөл боловсруулсан нь олонхийн дэмжлэгийг хүлээсэнгүй. Зарим улстөрч сонгуулийн жил тойрог, мандатын хуваарилалтыг өөрчлөх нь эрх ашгийн зөрчилтэй, улс төржсөн асуудал болно гэж үзсэн. Ингэснээр 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болж байгаа юм.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэнэ. Сонгуулийн хуулиар сонгогчдын саналыг хуудсыг автомат машинаар тоолох бөгөөд шаардлагатай гэж үзвэл хяналтын тооллогыг гараар тоолохоор тусгасан билээ.
Ийнхүү ирэх сонгуулийн тов тодорсноор улс төрийн намууд, улстөрчид бэлтгэл ажилдаа орлоо. Намрын чуулган энэ долоо хоногт хуралдаад хаалтаа хийнэ. Намрын чуулганыг хаахын өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаар төлөвлөсөн байна лээ. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоосноор стратегийн ач холбогдох бүхий ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах бол Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөр АСЕМ-д оролцох гадаад орнуудын төрийн тэргүүн нарт үйлчлэх автомашиныг оруулж ирэх юм байна.
Улстөрчид намрын чуулганаа завсарлуулаад дараагийн ажилдаа ханцуй шамлан орно. Учир нь Төрийн ордноос гадаалсан их улс төр намуудын дотор үргэлжлэх юм. Улс төрийн хүчнүүд сонгуульд дангаараа оролцох уу, хэн нэгэнтэй эвсэх үү. Хэн аль тойрогт нэр дэвших гэж байгаа болон дэвших эрхээ намаасаа авах вэ, жагсаалтын эхний тавд багтаж амжих уу гээд л улс төрийн хүчнүүд дотооддоо нам эвсэж, сэм хуйвалдаан үргэлжилнэ.
Энэ удаагийн намрын чуулганы завсарлагаанаар улстөрчид сонгогчидтой уулзалт хийж, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа тайлагнан, тандалт судалгаа хийж, өрсөлдөгчөө тагнах гээд амрах байтугай амсхийх завгүй өдрүүд эхэллээ. Их улс төрийн марафонд хэн тодорч, хэн бүдрэх нь ирэх өдрүүдээс харагдах биз ээ.
Н.Энхбат
Уншиж байна |