...Сар шинийн мөнгө явууллаа шүү. Ээж... Ууц, ул боовоо аваад үлдсэнээр нь өөртөө дээл хийлгэж өмсөөрэй... Хилийн цаанаас хүүгийн яриа ийн үргэлжлэх нь сонсогдоно.
10 гаран сая хүн холхилдож амьдрахын төлөө “алалдах” Сөүлийн гудамжнаас сая гаруй иргэн нь аясаараа амьдрах УБ-ын минь нэгэн өрх айлд хүрч буй яриа. 30 гарсан залуу ээжийгээ санаж унжийгаад, үнсүүлэх юмсан гэж өдөр болгон бодохгүй. Эх орноо харин цаг гарах бүрт санадаг гэлээ.
Ижилсэн дассан найз нөхөд, эргэлддэг хэдэн гудамж, дандаа талхаа авдаг дэлгүүрийнхэн, давраад уугаад байдаг согтуу танил, дэгжин хувцасладаг хөршийн охин, зээлээр уулгадаг хойд байрны “баар”, үүр цүүрээр дургүйхэн асдаг машины танил дуу, танихгүй ч таньдаг болтлоо тааралдах нөхрөө сугадсан бүсгүй, цантсан цонх, хөглөрсөн ор, хоносон хоолны үнэр... Замын бөглөө, ааштай кондуктор, шөнийн хотын жавар... нүднийх нь өмнүүр жирэлзэх энгийн зураглал нийлээд “эх орон”-оо санах болдог юм байна гэж дүгнэснээ ярьсан.
Тоосон дундаас толгод нь тодроод л хөдөөдөө ээжтэйгээ нүүж ирж байна гэж зүүдэлсэн гэнэ. Хар багадаа хамаагүй зайдалдаг байсан хонины бор морь нь хүртэл тод үзэгдсэн. Хоточ банхар нь хонио дагангаа тарваганд гэтэж байгаа нь харагдаж 20-иод жилийн өмнө гараад таг мартсан хөдөө нутаг нүдэнд нь харагдаад байдаг болсон гэнэ. Хаяаг нь сөхсөн гэрийн сүүдэрт хурхирч унтдаг байсан минь жинхэнэ жаргал байжээ санаашрав. “Хөгширч байгаа юм болов уу тэ” гэж хөнгөн цагаахнаар инээсэн.
Өглөө 5 цагт босоод алхахад эхэндээ үүрэглээд явснаа бодохоор инээд нь хүрдэг. Монголдоо 10 цагт босчихоод “ажлаасаа ганц л цаг хоцорлоо” гээд тааваараа цайгаа уудаг байлаа даа гэж өөртэйгээ ярьсан шиг үүрээр алхдаг нь одоо бол сайхан. Хийморьтой санагддаг гэнэ.
Залуу эх орноо санадаг. Ээжийгээ өрөвддөг. Манай ээж шиг тийм бага мөнгөөр маш их ажилладаг байсан хүн залуудаа энд ирсэн бол гэж.. нэг удаа бодсон гэнэ. Ганцаардаад байна гэж нэг их боддоггүй ч хааяа уулздаг болсон найз хүүхэнтэйгээ амрах өдөр нэг таарвал их аз гэж баярладаг гэнэ.
Байртай болох гэж анх ирээгүй. Мөнгөтэй больё гэж бодсон. Ирсэн хойно танилцсан хүмүүс бүгдээрээ л орон байр авах зорилготойг сонсоод адилхан зүтгэхээр шийдсэн гэнэ. Энд өөрөө байртай болчихвол дүү ээжийг хараад байраа авч үлдэнэ биз гэж тооцоолж.
Монголоос ирсэн тоглолт арга хэмжээнд очих дургүй. Үнэтэй санагддаг. 10 цаг зогсоогоороо ажиллаж олсон 70 мянган вонныхоо талыг нь үрчихээр хайран оргиод байдаг. Одоо Хурд ирнэ гэсэн. Үнэгүй гээд байна лээ. Үнэн бол ч очно гэлээ.
Гурван сараар ирсэн хоёр найзаа гэртээ байлгатал 10-аад хоног ууж дуулаад ажлаа алдах шахсан. Аргагүй болоод өөрөө түр нүүсэн гэнэ. Монголдоо очмооргүй болтол бараан яриа, баахан хямрал сонсож сэтгэл мөн тавгүй болсон гэнэ.
Эхнэр авааагүй байхдаа энд ирснээ АЗ гэж ярилаа. Хардах санахын зовлонгүй амар байна гэнэ. Эргээд очиход харин нөхөргүй хүүхэн олдох болов уу гэж надаас асуусан.
Нэг Их хурлын гишүүн тойргийнхоо хэдэн залууг Со руу бөөндөхөд гэнэт ирсэн залуу өдгөө 7 жил болсон байна. Байрны мөнгөө барж хийгээд гэртээ харьсан ч бушуухан буцаж ирээд байгаа найзуудаа хараад хаширлаад байгаа гэнэ. Ээжийгээ бодохоор нэг явчихмаар байлаа ч эргээд ажил олдохгүй бол дахиж тэжээлгээд дараа болно гэж бодсоор буцах тов нь хоёр жилээр ухраад байгаа.
Хэтэвч дүүрэн мөнгөтэй хэдэн найзтайгаа нийлчихсэн танил гудмаараа алхаж, дандаа зээлдэг баарандаа цөм орлого хийж, тааралддаг танил хүүхнийг цоо ширтэж сайхан авнаа л гэж хэдэн жилийн өмнөөс төсөөлдөг байж. Ямар хувцастай нисэх дээр бууж, хэн хэн тосож болохыг ч төсөөлж романтикладаг байсан гэнэ.
Одоо бол цэмбэгэр жийпэнд ээжийгээ тухтай гээч нь суулгаад тоос босгон давхиж хар багадаа орхисон хөдөө нутагтаа очих нь л хамгийн том мөрөөдөл нь болсон гэнэ. Тэндээ уушиг дүүрэн амьсгалаад хаяаг нь сөхсөн гэрийн сүүдэрт хурхирч өгөхөд Монголдоо очсоны “кайф”-ыг мэдэрнэ гэлээ.
Залуу ээжийгээ их санадаггүй гэлээ. Харин өрөвддөг. Эх орноо бол байнга санадаг. Том хот гэдэг чинь харахад гоё ч амьдрахад бол хөмөрсөн тогоо юм байна ш дээ гэж ухаарснаа надтай хуваалцлаа.
Залуу ээжийгээ тэтгэж мөнгө байнга явуулдаг. Эх орноо их санадаг ч буцаж чадахгүй, дотроо эргэлзээтэй. “Би цагаан сараар энд хэнтэй ч золгохгүй ээ. Эх орондоо очоод ээжтэйгээ л золгоно. Тааралдвал тантай гар барихгүй, бас золгоноо” гэж хөгжилтэй инээлээ.
Бид хоёр хүн хүлээж цаг дөхүүлэх богинохон зайд танилцаж хуучилсан. Тэр бол хилийн чанадад хэдэн арван сая харийнхны дунд өөрийн зөвөөр амьдарч байгаа олон монголчуудын минь нэг байлаа. Сая гаруйхан хүнтэй эх орны минь нийслэлд 200 мянгахан төгрөгөөр сараа тооцож амьдрах гэрийнхэндээ цагаан сарын мөнгө явуулаад буцаж яваа Монгол залуу.
Тэр маргааш үүрийн харанхуйд 5 цагт босно. Үдэш харанхуйд 9 цагт ажлаасаа бууна. Шөнө дөлөөр байрандаа ирж 5 цаг л унтана.
П.Баяраа
Сөүл хот.