Өнөөдрийн цахим ертөнцийн ярианы гол сэдэв хүүхдийн 20 мянган төгрөгийг хэрхэн олгох асуудал болов. Хүүхэд дээр 20 мянган төгрөгийн хэмнэлт хийх гэж оролдсон төрийн завхралаас болж өнөөдөр 0-18 насны хүүхэдтэй хүн бүрийн толгой эргэчихээд байна. Сар бүр 20 мянган төгрөг авч “баяжих” гэсэндээ биш. Нэгэнт л өгөх зүйлийг бусдаас хоцорохгүйгээр авч, талх, унааны мөнгөндөө нэмэрлэхийг хүссэн биз.
Улсын төсөв хөрөнгө алдагдалтай байгаа учраас УИХ-аас шийдвэр гаргаж, амьжиргааны түвшингээр ялгаварлаж, хүүхдийг мөнгийг олгохоор болов. Товчхондоо бол хүүхдүүдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр төр хэмнэлт хийхийг хүсэв. Гэвч энэ шийдвэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, төр хүүхдийг алагчилсан, баян ядуугаар нь ялгаварласан “хэрэгтэн” болов. Эцэст төрийн тэргүүн оролцож байж, хүүхэд бүр 20 мянган төгрөг авах эрхтэй болсон.
Харин өнөөдөр хэрхэн олгох асуудал иргэдийн тэр дундаа ээжүүдийн толгойны өвчин болж хувирав. Дүүрэг, хорооны халамжийн ажилтан бүр өөр өөр зүйл хэлж, иргэдийн мэдрэлээр тоглож байна. Нэг нь маргаашийн дотор хүүхэд бүр хороондоо хүсэлт гаргаж байж, мөнгөө авна. Шинээр хүсэлт гаргаагүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж “сүрдүүлнэ”. Харин нөгөөдөх нь 2013 оноос хойш төрсөн хүүхдүүд амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамраагдаагүй учраас заавал халамж дээр очиж, судалгаа бөглө. Эс бөгөөс нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг чинь өгөхгүй шүү гэж айлгана. За тэгээд судалгаа бөглөчих санаатай асуусан ээжүүдийн өмнөөс амьжиргааны түвшингийн судалгаа түр зогссон байгаа гэсэн хариултыг төрийн их мэдэгчид өгч байна. Зарим нь бүр гэрээр чинь очиж судалгаа авна гэж супер үйлчилгээ санал болгосон гэнэ.
Энэ бүхэнд төөр будилсан ээжүүд ууртай байна. Нэг хэсэг нь хүүхдийнхээ хадгаламжид сар бүр 20 мянган төгрөг нэмэрлэхийг хүснэ. Нөгөө нь амьдралынхаа өдөр тутмын хэрэглээнд 20 мянган төгрөгийг дусал болгочих санаатай асууж сурсан “лавлаа Даш” нар цахим ертөнцөөр дүүрэн. “Өмнө нь өгч болоод л байсан, яасан ийсэн, өгнө, болино гээд ядаргаатай” гэхчлэнгээр асууж сураглахын зэрэгцээ уур, бухимдлаа ч илэрхийлж байна.
Барилдахаасаа илүү таахалзах гэх үгийг 20 мянган төгрөг өгч гийгүүлэх гээд байгаа төрийнхөнд хэлэхийг хүсч байна. Хорооны ажилтан, дүүргийн халамжийн мэргэжилтэн чинь ч нэгдсэн, үнэн зөв мэдээлэлгүй байна. Дүүрэг, хороо бүр өөр өөрийг ярьж, хүмүүсийг толгой тархийг эргүүлж, цаг мөнгийг гарздаад байна.
Өмнө нь авч байсан хүүхдүүдэд яагаад явдал чирэгдэлгүй 20 мянган төгрөгөө өгчихөж болохгүй байгаа юм бэ. Төрийн үйл ажиллагаа яагаад ийм ядаргаатай чирэгдэлтэй байдаг юм бэ. Төрийнхөн яагаад ийм түвэгтэй ааш араншин, үйлчилгээтэй байдаг юм бэ гэх мэтээр олон асуултыг “чулуудмаар” байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын тогтоолыг өөрчлөх төслийг өргөн барихдаа “эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан үзсэн” гэж танилцуулж байв. Уучлаарай, сайд аа оновчтой, тодорхой зүйл ганц ч алга. Харьяалалдаа ажиллаж байгаа хүмүүсээ нэгдсэн нэг мэдээлэлтэй болгож, иргэдэд явдал чирэгдэл болохгүй 20 мянган төгрөг өгчихвөл ээжүүд талархах болно. Хорин мянган төгрөгөөр хойш суулгаж, иргэдийг амьдралыг гайхамшиг болгох гэж буй мэт аашлах нь түвэгтэй, залхмаар байна.
В.Хэрлэн